Байгалийн ургамал, амьтныг хамгаалах, зохистой ашиглах, тэдгээрийн үнэ цэнийг таниулах зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассемблейн 68 дахь хуралдаанаас жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхыг уриалсан.
Монгол Улс “Зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах өдөр”-ийг 10 дахь жилдээ тэмдэглэн тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг болсон уламжлалтай бөгөөд энэ жил “Зэрлэг амьтан, ургамал хамгаалах түншлэл” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жилийн нь тэмдэглэлт өдөр нь “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци”-ийн 50 жилийн ойтой давхацаж байгаагаараа онцлог юм. Өнөөдрийн байдлаар Монгол орны ургамлын аймагт 7000 гаруй зүйл ургамал бүртгэгдээд байгаагаас нэн хязгаарлагдмал тархацтай, устах аюулд өртсөн 133 зүйл ургамлыг, тархац нөөц багатай, устаж болзошгүй 356 зүйл ургамлыг Байгалийн ургамлын тухай хуулиар нэн ховор болон ховор ургамлын жагсаалтад оруулан хамгаалж байна.
Амьтны аймагт 145 зүйл хөхтөн, 513 зүйл шувуу, 78 зүйл загас, 6 зүйл хоёр нутагтан, 23 зүйл мөлхөгч тус тус бүртгэснээс тархац нутагтаа тоо толгой нь эрс цөөрч устах аюулд өртсөн 31 зүйл олон янз амьтныг, устаж болзошгүй 74 зүйлийн олон янз амьтныг Амьтны тухай хуулиар нэн ховор болон ховор амьтны жагсаалтад оруулан хамгаалж байна.
Манай улс Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцид 1993 онд, “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци”-д 1996 онд тус тус нэгдэн орж өөрийн орны ховордсон амьтан, ургамлын зүйлийг олон улсад хийгдэж байгаа хууль бус худалдаанаас сэргийлэхээс гадна бусад улс орны хувьд ч ховордсон зүйлийг хамгаалахад туслах үүрэг хүлээдэг. Монгол улсаас энэ конвенцийн I, II хавсралтанд 19 зүйл хөхтөн, 72 зүйл шувуу, 8 зүйл ургамал, 2 зүйл загас, 1 зүйл мөлхөгч багтсан байдгаас нэгдүгээр хавсралтанд 5 зүйл хөхтөн, 14 зүйл шувуу бүртгэгдсэн байна.
Нэн ховор болон ховор амьтан ургамлыг хамгаалах чиглэлээр бид багагүй ажлыг хийж хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал: - Тахь нутагшуулах ажлыг амжилттай хэрэгжүүллээ. - Мазаалай баавгайн судалгааг БНХАУ-тай хамтран хийж байна. - Цоохор ирвэсийг хамгаалах чиглэлээр Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-тай хамтран ажиллаж ирлээ. - Аргаль хонь, янгир ямаа, хулан адууны тархац нөөцийг судалгааг 2021 онд, Халиун бугын судалгааг 2022 онд хийж тоо толгойг тогтоолоо. - Баданга хүдэр, халиун бугыг сэргээн нутагшуулах ажлуудыг бодлогоор дэмжин ажиллаж байна.
Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа бөгөөд уг хуулийн төсөлд түүж бэлтгэх нөөцгүй байгалийн ашигт ургамлыг уугуул тархац нутаг /in-sute/ болон ижил төстэй өөр газарт /ex-situ/ байгалийн ургамлыг тарималжуулан хамгаалж, ашиглах, харь зүйл ургамлыг байгальд тарих, доройтсон газрыг нөхөн сэргээхэд ашиглахыг хориглох, доройтсон бэлчээрийг сэргээхэд тухайн газар нутгийн бүлгэмдлийн үндсэн ургамлыг тарьж ургуулах зэрэг зохицуулалтуудыг шинээр тусгасан.
Мөн Амьтны тухай хуулийг шинэчлэн боловсруулах, ховор амьтан агнах, барих журамд өөрчлөлт оруулах, Америкийн Нэгдсэн Улсын Ойн албатай хамтран Зэрлэг амьтан ургамлын хууль бус ашиглалттай тэмцэх ажлын үр нөлөөг сайжруулах төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна.
Биологийн олон янз байдлыг хайрлан хамгаалах ажил зөвхөн байгаль орчны төлөө ажилладаг байгууллага, ажилтнуудын үүрэг биш энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн хүн бүрийн үүрэг учраас хүн бүрийн идэвх оролцоо маш чухал бөгөөд амьтан ургамлаа хайрлан хамгаалахад хамтран ажиллахыг хүсье.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Сэтгэгдэл ( 1 )
bayrlalaa.Iluu delgerengui medeeleerei