Финланд улс НАТО-д элсэж, Украинд дайн үргэлжилж байгаа бол Хятадын үүрэг улам бүр чухал болж байна. Эдгээр асуудлыг хэлэлцэхээр Брюссельд очсон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй Euronews суваг ярилцлага авсныг хөрвүүлэн хүргэж байна.
Euronews: Финланд улс НАТО-д элссэн. Гэтэл Швед эвслийн гадаа үлдээд байна. Тус улсад НАТО-д ойрын үед элсэх боломж бий юу эсвэл боломжоо алдсан уу?
Энтони Блинкен: Боломж байгаа. Швед ойрын үед НАТО-д элсэнэ гэдэгт итгэлтэй байна. НАТО-ийн гишүүн орнуудын удирдагч нарын дээд хэмжээний уулзалт ирэх долоодугаар сард Вильнюс хотноо болно. Тус уулзалтад Финланд, Швед шинэ гишүүн орны хувиар оролцоно гэсэн хүлээлт бий.
Euronews: Таны бодлоор Шведийн хувь заяа Туркт болох сонгуулиас шалтгаалах уу?
Энтони Блинкен: Шведийг НАТО-д элсүүлэх процесс явж байна. НАТО-ийн бараг бүх гишүүн улс Шведийн гишүүнчлэлийг соёрхон баталсан. Одоогоор Турк, Унгар хоёр шийдвэр гаргаагүй байна. Холбоотнууд Шведийг аль болох ойрын үед нэгтгэхийг уриалж байгаа. Тиймээс Вильнюсийн уулзалтын үеэр энэ процесс дуусна гэж бодож байна.
Euronews: Үйл явцыг удаашруулах, тэр бүү хэл НАТО-ийн тэлэлтийг хязгаарлахад чиглэсэн Туркийн бодлого таны дургүйцлийг хүргэж байна уу?
Энтони Блинкен: Турк улсад хууль ёсны ашиг сонирхол бий. Турк улс Финландтай ч тэр Шведтэй ч тэр асуудлыг шийдэх гэж сайн ажилласан. Үүний амжилт нь Финланд НАТО-д элссэнээр илэрсэн. Тиймээс Швед ойрын долоо хоног, ойрын саруудад эвсэлд нэгдэнэ гэж хүлээж байна. Ямартаа ч Вильнюсийн дээд хэмжээний уулзалтаар болох байх.
Euronews:Турк улс үүнийг АНУ-аас “F-16” сөнөөгч онгоц авахын тулд ашиглаж байгаа мэт санагдахгүй байна уу?
Энтони Блинкен: Бидний хувьд энэ бол тусдаа асуудал. Бид Турк улсыг “F-16” сөнөөгч онгоц аваасай гэж хүсэж байна. Энэ нь Байдены засаг захиргааны хувьд НАТО-д элсэх эсэх болон бусад асуудлаас үл хамаарна.
Euronews: Хятад улсыг авч үзье. БНХАУ-ын дарга Ши Жиньпин энхийн төлөвлөгөө барин Москвад айлчилсан. Өнөөг хүртэл Хятад улс дайны асуудал дээр төвийг сахина хэмээн мэдэгдэж байгаа. Нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа юу?
Энтони Блинкен: Хятадуудын санал болгосон энхийн санаачилгаас зарим заалт нь үнэхээр эерэг. Эдгээр санаачилга нь Хятадын эртнээс ярьж буй зүйлсийг тусгасан. Тэдний санал болгосон эхний асуудал нь анхаарлын төвд байх учиртай тусгаар байдал. Хятад улс Оросыг Украины тусгаар байдлыг хүндэтгэн, НҮБ-ын дүрмийг зөрчин байж Украинаас булаасан нутаг дэвсгэрийг эргүүлэн өгөх ёстой гэдгийг ятгах ёстой. Хятад улс энхийг дэмжигч улс хэмээн харуулахыг хүсэж байгаа. Үүнтэй зэрэгцэн тус улс Оросыг дэмжсэн хэвээр байна. Тэр бүү хэл Орост зэвсэг нийлүүлэх боломжийг хүртэл судалж байгаа талаар хэдэн долоо хоногийн өмнө бид ярьж байсан.
Euronews: Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Бээжинд айлчилсан. Тэд Орост илүү шахалт үзүүлэх тал дээр Хятадтай хамтран ажиллах зорилго тээсэн. Амжилт гарна гэж үзэж байна уу?
Энтони Блинкен: Оростой харилцах харилцаа нь Хятад улсыг нөлөөллийн хөшүүрэгтэй болгож байна. Харин Оросын хувьд Хятад улсаас улам бүр хамааралтай болж байна. Орос энэхүү харилцаанд дүүгийн үүрэг гүйцэтгэж, Хятад улсаас улам бүр хамааралтай болж байна. Тиймээс Хятад өөрийн давуу байдлаа ашиглана хэмээн найдаж байна.
Euronews: Европын Холбооны Хятадын талаар баримталж буй шинэ хандлага болон Урсула фон дер Ляйены холдох бус ойртох ёстой гэсэн мэдэгдлийн талаар таны бодол?
Энтони Блинкен: Фон дер Ляйены мэдэгдэл маш хүчтэй байсан ба Хятадын талаар баримталж буй бидний байр суурьтай бүрэн нийцэж байна. Түүний үг туйлын зөв. Хамгийн гол нь эрсдэлийг бууруулах асуудал яригдаж байна. Тухайлбал, эдийн засгийн харилцааг дэмжих ёстой. Учир нь эдийн засгийн харилцаа бид бүгдэд чухал. Ингэхдээ бидний аюулгүй байдалтай холбоотой салбар баталгаатай байх ёстой. Бид бүгд Хятад улстай маш өргөн хэрнээ хүнд харилцаатай байдаг. Сүүлийн хоёр жилд АНУ, Европын Холбоо болон Ази дахь гол түншүүдийн мань Хятадын талаар баримталж буй байр суурь улам бүр ойртож байгаа гэж бодож байна.
Euronews: Тайваньд тодорхой хэмжээний хурцадмал байдал үүсээд байна. Бид их гүрнүүдийн мөргөлдөөнд хүрэхэд хэр ойртсон бэ? Хятад, АНУ-ын харилцааны тухайд?
Энтони Блинкен: Бид мөргөлдөөнийг хүсэхгүй байгаа гэдгээ тодорхой мэдэгдсэн. Бид Хятадыг тогтоон барих гэж хичээгээгүй. Харин ч эсрэгээр, бид энх тайван, тогтвортой байдлыг хадгалж үлдэхийг, боломжийг бий болгохыг хүсэж байна. Тайванийн хувьд АНУ-ын бодлого олон арван жилийн турш тууштай байсаар ирсэн. Эх газрын Хятад, Тайванийн хоорондын аливаа зөрчил энхийн замаар шийдэгдэх ёстой. Аль ч тал статус-квог зөрчихөд чиглэсэн үйлдэл хийх ёсгүй.
Euronews: Ямар нэгэн зүйл өөрчлөгдөж байна уу?
Энтони Блинкен: Бидний үзэж буйгаар энэ нь Бээжингээс шалтгаална. НАТО-ийн холбоотнууд болон Азийн түншүүдтэйгээ ярилцаж байхад хямрал үүссэн тохиолдолд дэлхийн бүх улс орон үр дагаврыг нь амсах болно. Дэлхийн ачаа тээврийн 50 хувь Тайванийн хоолойгоор өдөр бүр дамжиж байна. Бидний ухаалаг утас, автомашинд хэрэгтэй хагас дамжуулагчийн 70 хувийг Тайвань үйлдвэрлэж байна. Хятадын үйлдлийн улмаас ямар нэгэн хямрал үүсвэл дэлхийн эдийн засагт асар их хөнөөлтэй. Тийм ч учраас дэлхийн улс орнууд хариуцлагатай алхам хүлээж байна. АНУ Хятадтай харилцах харилцаандаа хариуцлагатай хандаж байгаа гэдэгтээ бүрэн итгэлтэй байхыг хүсдэг. Энэ бол бусад улсын биднээс хүлээж буй зүйл бөгөөд бидний эрмэлзэж буй зүйл юм. Дахин хэлэхэд хэн ч мөргөлдөөн үүсгэхийг зориогүй. Харин ч эсрэгээр. Үүнээс зайлсхийж чадна гэдэгт итгэлтэй байхыг хүсэж байна. Тийм ээ, бид өрсөлддөг. Өрсөлдөөн шударга байгаа цагт ямар ч муу зүйл байхгүй. Гэхдээ бид энэ өрсөлдөөн сөргөлдөөн болж өрнөхгүй гэдэгт итгэлтэй байхыг хүсэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Hyatad Amerikiin alnii us Taivaniig nam darj avahgui l bol zevuun Amerikiin mash Tom bodlogiin 1 Aziin NATO g huleen zovshoiorch baina gesen ug .shuu