Олон улсын нөхцөл байдлын талаар танилцуулга хийжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
3 цагийн өмнө

АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трамп засгийн эрхийг хүлээн авсны дараа Украины хямралыг зохицуулах асуудлаар Оростой арай илүү үр бүтээлтэй харилцаа холбоо тогтоож болох юм гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Нью-Йоркт тус улсын Олон улсын харилцааны зөвлөлд үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, Орос улс Америкийн одоогийн засаг захиргаатай Украины мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг нухацтай хэлэлцэх хүсэлгүй байсан бөгөөд АНУ-ын дараагийн засаг захиргаа боломж гарвал энэ асуудлыг хэлэлцэхэд илүү үр бүтээлтэй оролцож болох ажээ. Ингэхдээ ялтан солилцох, цөмийн зэвсэг, сансрын зэвсэглэлтэй холбоотой асуудал, Сирид ОХУ, АНУ-ын хооронд мөргөлдөөн үүсгэхгүй байх механизмын асуудлаар Вашингтон болон Москва хоёр харилцаа холбоотой байгааг Энтони Блинкен тэмдэглэсэн байна.

Тэрээр Ойрх Дорнодын нөхцөл байдлыг хөндөн ярихдаа, Газын зурваст мөргөлдөөн даамжирсан тохиолдолд Иран болон Ливаны шиитийн “Хезболла” байгууллага палестинчуудад тусалж чадахгүй гэдгийг Паленстины тэрслүү үзэлт ХАМАС хөдөлгөөн ойлгосон учраас Газын зурваст гал зогсоох тухай тохиролцоонд хүрэх боломж өссөн хэмээн мэдэгджээ. Газын зурвас дахь мөргөлдөөнийг зохицуулах асуудлаарх Израил болон ХАМАС хөдөлгөөний хоорондын яриа хэлэлцээнд мэдэгдэхүйц ахиц гарсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өмнө нь мэдээлж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top