Орос дасгалжуулагч Монголын хөлбөмбөгийн талаар

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 29

Сэтгүүлч Эрнест Баатырев

Оросын хүүхдийн дасгалжуулагч Руслан Юнисов Монголд хөлбөмбөгийн багшаар ажиллаад нэлээн хэдэн жил болсон хүн. Тэрээр спортын замналаа Нижний Новгород хотод эхэлжээ.

-Та яагаад Монголд ажиллах болов?

-Монгол бол миний үзсэн анхны гадаад орон. Гэргийтэйгээ хамт гадаадад очиход сонирхолтой байлаа. Ер нь ер бусын туршлага болсон. Монголд орос багш нар хэрэгцээтэй, амьжиргааны зардал өндөр биш байсан тул Монголыг сонгосон. Дээр нь Орост байхаас илүү цалинтай. Монголд очсон хойноо л ажил хайж эхэлсэн. Монголын хөлбөмбөгийн гол асуудал нь интернэтэд мэдээлэл байхгүй. Тийм болохоор Монголд оршин суух бичиг баримтаа хөөцөлдөнгөө орон нутгийн телеграм сувгаар ажил хайж байлаа. Хажуугаар нь монголчууд болон тэндэхийн оросуудтай хөлбөмбөг тоглож амжсан. Нэг тоглолт дээр Ангарскаас ирсэн Роман гээд залуутай танилцлаа. Тэр Улаанбаатарт туслах дасгалжуулагчаар ажилладаг. Хэсэг хугацааны дараа Роман нутаг буцах болоод орондоо намайг оруулсан юм. Ингэж би Монголын хөлбөмбөгт орсон хүн дээ.

-Монголын хөлбөмбөгийн түвшин ямар байх юм?

-Монголын хөлбөмбөгийн зохион байгуулалт тун өвөрмөц. Мэргэжлийн лиг мөртлөө нөгөө талаас нь харахаар сонирхогчид мэт. Гурван лигтэй. Дээд лигт нь гэрээ байгуулсан мэргэжлийн хөлбөмбөгчид тоглоно. Нэгдүгээр лиг адилхан ч цалин бага. Харин гуравдугаар лигт мэргэжлийнхэн ч, сонирхогчид ч бий. Ямар ч цалингүй, сонирхлоороо бөмбөг хөөдөг хүмүүс. Бүх лигийн баг эмчтэй байх ёстой. Дээд хоёр лигийн багууд хүүхдийн сургуультай байх дүрэмтэй. Хүүхдийн баггүй бол тэмцээнд бүртгэхгүй. Хэдий Монголд хоёр мэргэжил, нэг сонирхогчдын лигтэй ч багууд нь олигтой цэнгэлдэх хүрээлэнгүй. Бараг бүх тоглолт Төв цэнгэлдэхдээ болдог. Эрдэнэт, Дархан хотын багууд ч нийслэлд ирж тоглоно. Оросын хэмжээсээр бол Монголын улсын аваргын тэмцээн нь аль нэг хотын нээлттэй тэмцээн гэсэн үг юмуу даа. Монголын спортод гадаадын тамирчдад маш хатуу ханддаг. Жишээ нь, хоёрдугаар лигт нэг баг хоёр л гадаад тоглогч авч болно. Уг нь бараг сонирхогчдын лиг мөртлөө шүү дээ. Жишээ нь, монгол багтай гэрээ байгуулахын тулд орос тоглогч ОХУ-ын хөлбөмбөгийн холбооноос ямар нэг мэргэжлийн багийн бүрэлдэхүүнд байхгүй гэсэн баталгаа авах ёстой болдог.


-Монгол хөлбөмбөгчдийн ур чадвар?

-Монголын мэргэжлийн хөлбөмбөгчдийн ихэнх нь Оросын орон нутгийн тэмцээнүүдийн тоглогчидтой ижил түвшнийх. Гэхдээ зарим багт ОХУ, Европ, Азийн орнууд төдийгүй Бразилиас ирсэн гайгүй сайн легионерууд бий. Лигийн тэмцээн нь сонирхолтой, өрсөлдөөн их. Аваргын цомын төлөө лиг болгонд 4-5 баг өрсөлддөг. Том багуудын хоорондх тоглолт маш хатуу ширүүн явагдана. Монголчууд их дайчин залуус. Тэнд өөрийн онцгой тоглогчид байгаа.

-Мэргэжлийн хөлбөмбөгчдийн цалин хөлс нь?

-Монголын мэргэжлийн хөлбөмбөгчдийн ихэнх нь дан цалингаараа амьдарч чадахгүй гэж бодож байна. Тийм болохоор ихэнх нь ажил хийдэг. Люксембург, Лихтенштейны шигшээ багт шуудан хүргэгч, зарлага зэрэг хүмүүс ажилладаг гэж бичиж байсан даа. Энд яг л тийм байдалтай. Харин монголчууд бэлтгэлийг ёстой сайн хийдэг.
 


-Мини хөлбөмбөг нь?

-Монголд мини хөлбөмбөгт их дуртай. Үндэсний хэмжээний том тэмцээнтэй. Харин саяхнаас Монголын хөлбөмбөгийн холбоо тамирчдыг их хөлбөмбөг, мини хөлбөмбөгийн тэмцээнд давхар орохыг хориглосон. Өвлийн цагт зарим мэргэжлийн баг мини хөлбөмбөгийн манежэнд бэлтгэлээ хийдэг.

-Та одоо ямар алба хашиж байна вэ?

-Би “Дэрэн” багийн хөлбөмбөгийн академийн туслах дасгалжуулагч. “Дэрэн” бол Монголын лигийн аваргын төлөө өрсөлддөг том баг. Хоёрдугаар баг нь Нэгдүгээр лигт тоглодог. Монголдоо бол маш том академи юм.  
 


-Ажиллахад хэлний бэрхшээл гарч байна уу?

-Академийн ахлах дасгалжуулагч нь монгол мэргэжилтэн. Тэрээр бүх тактик, стратегийг боловсруулахын зэрэгцээ менежер хийнэ. Харин би хүүхдүүдийн бэлтгэлийг удирддаг. Дасгал сургууль зааж хийлгэнэ. Би англи, монгол хэл аль алинд нь муу. Гэхдээ харилцаанд том асуудал гардаггүй. Үндсэн нэр томьёогоо мэдэж байна, үлдсэн нь техникийн хэрэг. Хөлбөмбөгийн хэл бол дэлхийн аль ч өнцөгт ойлгомжтой хэл. Үг дутаад байвал үйл хөдлөлөөрөө заагаад өгнө.

-Академийн удирдлагатай хэр харилцаатай байдаг вэ?

-Надад тусдаа групп байгуулж, ахлахаар нь ажилла гэсэн санал тавьсан нь ямар харилцаатайг хэлээд өгөх байх. Гэхдээ би одоохондоо бэлэн биш гэдгээ мэдрээд байгаа. Бэлтгэл хийлгэх нэг хэрэг, тоглолт удирдах өөр хэрэг. Монгол хэлгүй надад тоглолтын үеэр тамирчдаа удирдаж, тактикийн өөрчлөлт тайлбарлаж хэлэх нь хэцүү. Маш өндөр хариуцлага шүү дээ. Дээр нь дасгалжуулагч хүн хүүхдүүдийнхээ эцэг эхтэй харилцаж, заавар өгөх ёстой байдаг. Монголд хүүхдийн хөлбөмбөг нь тэр чигээрээ төлбөртэй. Тийм болохоор эцэг эх нар багш дасгалжуулагчаас үр дүн шаардах бүрэн эрхтэй. Ийм тохиолдолд хэлгүй хүн бүтэхгүй.
 


-Монгол шавь нар чинь Оросын үе тэнгийхнээсээ юугаараа ялгаатай вэ?

-Монгол хүүхдүүд бие бялдрын хувьд орос хүүхдүүдээс дутуу. Тэд өсөх, жин нэмэх нь орос үе тэнгийнхнээсээ орой. Гэхдээ том болоод алдсанаа тэр дор нь нөхдөг. Өөрөөр хэлбэл 13 настай орос хөлбөмбөгчин үеийнхээ монгол тамирчнаас тун бага зэрэг л биеийн хөгжил илүү гэсэн үг. Монголд бөмбөгтэй ажиллагаа, техникийн дасгалд их цаг зарцуулдаг. Монголчууд оросуудаас техник илүү гэж хэлэхэд бас хэцүү. Энэ бол маргаантай зүйл. Орост өдөр бүр хичээллэдэг бол Монголд долоо хоногт 3-4 удаа хичээлтэй. Хөлбөмбөг тоглох хүсэлтэй хүүхэд маш олон ч сургууль хүрэлцэхгүй байна.

-Монголд хөлбөмбөг огт сонирхдоггүй гэсэн нь худлаа зүйл байх нь?

-Спорт тоглоомын төрөлд сагсан бөмбөгийн дараа хоёрдугаар байрт баттай орно. Заримдаа сагсан бөмбөгтэй өрсөлдөх үе ч бий. Хөлбөмбөгт хүүхдээ өгөх нь өөр бусад ганцаарчилсан төрөлд өгсөнөөс илүү хямд зардалтай. Монголд хүүхдийн спорт төлбөртэй гэдгийг мартаж болохгүй.
 


-Монголын хөлбөмбөгчид дэлхий, Азийн түвшинд амжилт гаргах найдвар бий юу?

-Өөртөө ийм асуулт тавьж байсан удаа олон бий. Бүх зүйл дэд бүтэц, сурталчилгаанаас хамаарна. Дэд бүтэц тааруухан ч сурталчилгаа бол хангалттай сайн. Хүүхдүүдтэй ажилладаг монгол багш нараа бэлтгэх нь их чухал. Мөн зөвхөн Улаанбаатар биш хөдөө орон нутагт хүүхдийн хөлбөмбөгийг дэлгэрүүлэх хэрэгтэй. Энд идэвх санаачилга төдийгүй Засгийн газраас анхаарал хандуулах ёстой. Тэгвэл Монголын хөлбөмбөгчид өөрсдийгөө харуулж чадна.

Фото: newstalk.com, dfl.org.ru, asiarussia.ru, sport-express.ru

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрбо(202.126.89.136) 2023 оны 09 сарын 02

Асууж байгаа нь таарч дээ манай хөл бөмбөгөөс авах юм байхгүй.

0  |  0
no(103.212.117.21) 2023 оны 09 сарын 02

zail

1  |  0
Оогий(202.9.46.186) 2023 оны 09 сарын 02

Нөхцөл байдлыг яг үнэнээр нь л хэлсэн бн.

0  |  0
Бм(103.161.242.90) 2023 оны 09 сарын 01

Монгол хэл сур залуу минь. Нэг их сүрхий дасгалжуулагч биш бололтой, гэхдээ яахав

0  |  0
(83.191.104.253) 2023 оны 09 сарын 01

Монгол хүүхэд хэзээ ч ядарч бна гэж гомдоллохгүйдээ

0  |  0
no russia(103.212.117.21) 2023 оны 09 сарын 02

Russia getaway

1  |  0
Top