Манж Чин улсын үеийн Монголын түүхэнд холбогдох архивын баримтын эмхэтгэлүүдийг бэлэглэлээ

2023 оны 09 сарын 27

Өвөр Монголын судлаачид ШУА-ийн түүх, угсаатны зүйн хүрээлэнд Манж Чин улсын үеийн Монголын түүхэнд холбогдох архивын баримтын эмхэтгэлүүдийг бэлэглэлээ. Монголчуудын туулж өнгөрүүлсэн ээдрээт түүхийн улмаас Монголын түүхийн бодот гэрч бичгийн үлдмэл сурвалж өдгөө бидний үе уламжлагдаж ирсэн нь, бусадтай харьцуулахад маш бага гэж хэлж болох юм.

Мөн эдүгээ монголчууд нь одоогийн Монгол Улсаас гадна Орос, Хятад зэрэг олон улсад харьяалагдан аж төрж байгаагаас Монголын түүхийн сурвалж, ялангуяа сүүлийн хэдэн зуун жилийн түүхэнд холбогдох архивын баримт бичиг, данс материалууд хөрш улс орны архивын газар нэлээд тоотой хадгалагдаж байна. Үүний дотроос Өвөр Монголын эрдэмтэн судлаачид сүүлийн жилүүдэд Манж Чин улсын үеийн Монголын түүхэнд холбогдох “Чин улсын Дотоод нарийн бичгийн яамны монгол данс эвхмэлийн эмхэтгэл” (7 боть), “Дайчин гүрний Дотоод яамны монгол бичгийн гэрийн данс” (22 боть), “Дайчин гүрний эхэн үеийн Гадаад Монголын төрийг засах явдлын яамны манж, монгол айлтгалын дэвтрүүд” (23 боть), “Дайчин гүрний сүүлч үеийн Гадаад Монголын төрийг засах явдлын яамны манж, монгол айлтгалын дэвтрүүд” (42 боть) зэрэг Бээжин хотноо Хятадын Түүхийн Нэгдүгээр архивт хадгалагдаж буй арвин баримт материалыг гарчиглан гэрэл зургаар хэвлэж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах ажилд багагүй амжилт гаргав.

Үүнээс гадна Монголын түүхэнд холбогдох өдий төдий данс материал Өвөр Монгол, Төвөд зэрэг газар орны архивуудад хадгалагдаж байгааг мөн гэрэл зурагчлан хэвлэх ажил далайцтай явагдаж, одоогийн байдлаар Ордосын “Зүүнгар хошууны засаг яамны данс” (42 боть), “Хангин хошууны засаг яамны данс” (90 боть), Алшаагийн “Чингийн үеийн Алшаа хошууд хошууны монгол дансны сонгомол” (5 боть), “Алшаа хошууд хошууны монгол түүхэн данс” (80 боть), Харчины “Харчин зүүн гарын хошууны вангийн ордны данс эвхмэл” (10 боть), Түмэдийн “Түмэд зүүн хошууны данс эвхмэлийн санд хадгалагдсан Түмэдийн түүхэн данс эвхмэл” (10 боть), Төвөдийн архивын монгол, манж данснаас сонгосон “Selected Archives in Tibetan, Mongolian and Manchu at the Archives of the Tibet Autonomous Region” (12 volumes) зэрэг эмхэтгэлүүд хэвлэгдэн гараад байгаа нь, Манж Чин улсын үеийн Монголын түүхийг судлах хэн бүхэнд дутагдаж болшгүй баялаг эх хэрэглэгдэхүүнийг хангаж өгсөн байна.

2023 оны есдүгээр сарын 2-3-ны өдөр Өвөр Монголын Багшийн Их сургуулийн Хүн зүй, Угсаатны зүйн дээд сургуулиас эрхлэн зохион байгуулсан “Олон хэлний сурвалжис болон Дундад Улсын умардын үндэстний түүх шинжлэлийн олон улсын эрдэм шинжилгээний хурал”-д тус хүрээлэнгийн Дундад зууны түүхийн салбарын тэргүүлэх эрдэм шинжилгээний ажилтан доктор А.Пунсаг, Сурвалж судлал баримт мэдээллийн төвийн эрхлэгч доктор Б.Нацагдорж нар оролцож илтгэл хэлэлцүүлээд хурлын дараагаар Өвөр Монголын соёлын хэвлэлийн хорооны удирдлага Соёлт даргатай уулзаж, тус хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлдэг “Monumenta Historica” (Түүхийн дурсгалт бичгийн чуулган) цувралын сүүлчийн дугааруудыг бэлэглэж, Өвөр Монголын Соёлын хэвлэлийн хороотой цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа.

Соёлт гуай Өвөр Монголын Соёлын хэвлэлийн хорооноос эрхлэн хэвлүүлсэн “Алшаа хошууд хошууны монгол түүхэн данс” (16-50-р боть, нийт үнэ нь 13650 юань буюу 6.5 сая төгрөг), Ордосын “Хангин хошууны засаг яамны данс” (1-80-р боть, нийт үнэ нь 31200 юань буюу 15.0 сая төгрөг) хоёр иж эмхэтгэлийг тус хүрээлэнгийн номын санд бэлэглэв. “Алшаа хошууд хошууны монгол түүхэн данс” нь Энх амгалангийн 24-р (1685) оноос Дундад Иргэн улсын 38-р (1949) он хүртэлх хугацааг хамаарах бөгөөд нийт 80 ботиор эмхлэн хэвлүүлэхээр төлөвлөжээ. Үүнд эхний ээлжид хэвлэгдсэн 15 боть нь нэгэнт худалдаанд гараад дууссан байна.

Ордосын “Хангин хошууны засаг яамны данс” нь Энх амгалангийн 57-р (1718) оноос Дундад Иргэн улсын 37-р (1948) он хүртэлх хугацааг хамрах бөгөөд одоогийн байдлаар эхний 80 боть нь хэвлэгдэж гарсан байна. Мөн манай хүрээлэнтэй эртнээс хамтран ажиллаж ирсэн түүхтэй Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын Дээд Сургуулийн профессор Шарнууд Содбилиг гуай манай хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Ордосын “Зүүнгар хошууны засаг яамны данс” архивын эмхэтгэлийн 42 боть дэвтрийн нэг ижийг (нийт үнэ нь 18800 юань буюу 9.0 сая төгрөг) тус хүрээлэнгийн номын санд бэлэглэлээ.

Тус эмхэтгэлд Тэнгэрийн тэтгэсний 4-р (1739) оноос Дундад Иргэн улсын 36-р (1947) он хүртэлх Ордосын Их зуугийн чуулганы зүүн гарын өмнөд хошуу буюу ардын дунд Зүүнгар хошуу хэмээгдсэн хошууны засаг ноёны тамгын газар хадгалж байсан монгол баримт бичгийн хуулга данс багтан орсон байна.Монголын түүхийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулж буй ах дүү Өвөр Монголын эрдэмтэн судлаачдад гүн талархал илэрхийлж, ирээдүйн эрдэм судлалын их үйлсэд нь арвин амжилт хүсэн ерөөж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(71.239.25.243) 2023 оны 09 сарын 28

nuguu Chuluun psdagiin hujaa ruu gargasan olon myangan barimtiin urtes n irj bna uu?

0  |  0
Top