Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2023 оны есдүгээр сарын 11-ний өдрийн нийт шүүгчдийн хуралдаанаар нэр бүхий арилжааны 9 банкны гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсний дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2023/0392 дугаартай магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.
“Хасбанк” ХХК-ийн зүгээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн ногдуулсан 20 сая төгрөгийн торгуулийг төрийн сангийн холбогдох дансанд 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр төлсөн, зөрчлийн үр дагавар арилгах албан даалгаварт дурдсан арга хэмжээний хүрээнд хийгдэх ажиллагааг эхлүүлсэн талаар мэдэгдлээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2022 онд арилжааны банкуудаас аж ахуй нэгж, иргэдэд олгож буй зээлийн шимтгэлийн хураамж нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалтаар арилжааны банкууд иргэдэд Засгийн газраас хөнгөлөлттэй олгож буй орон сууцны ипотекийн зээл олголтын шимтгэлийг ижил хэмжээгээр тогтоож өрсөлдөөнийг хязгаарласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасны дагуу Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх банкны үйл ажиллагаа явуулж буй 11 арилжааны банкинд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж, хэрэглэгчийг хохироох хууль бус худалдааны аргыг хэрэглэсэн нь тогтоогдсон тул “Ариг банк” ХХК, “Хаан банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хас банк” ХХК, “Богд банк” ХК, “Голомт банк” ХХК, “Капитрон банк” ХК, “Төрийн банк” ХХК тус бүрийг 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаварыг арилгах хугацаатай албан даалгавар хүргүүлсэн.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2023.04.10-ны өдөр улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас болон үр дагавар арилгах албан даалгаврыг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба 2023.06.13-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, ипотекийн зээл олголтын шимтгэлийг 1 хувь гэж тогтоосон нь үндэслэлгүй, хууль бус хэмээн шийдвэрлэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )