Улстөрчдийн тарыг таниулсан “НОГООН” АВТОБУС

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 10 сарын 04

Хуучин автобусыг шинэ хэмээн засвар хийж оруулж ирсэн гэх асуудал манай улстөрчдийн хэн нь хэн бэ гэдгийг таниулсаар байна.

Эрх баригч МАН дотор бол асуудал өндрөө авч, “хэргийн эзэн хэнгэргийн дохиур” нь хэн болохыг нарийн шалгуулж, шүүсийг нь шахаж байгаа. Улс төрийн бусад нам, хүчний зүгээс энэ үйл явдлаар далимдуулан улс төр хийх, том дуугарч тодрох хүсэлтнүүд энд тэндгүй шоволзож байна.

Нэн тэргүүнд хөл газар хүрэхгүй “дарцаг” шиг хийсэж яваа хүн бол Хөдөлмөрийн үндэсний намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд. Тэрбээр  “Асуудлыг сөхөж ил болгосон ХҮН-ын залуус, талбай дээр ирж “цавчаа ногоон”-уудыг үзсэн иргэд, түүнийг сурвалжилсан сэтгүүлчид болон үүгээр шүүмжилсэн жиргээчид бүгдээрээ хам хэрэгтэн болчихов уу. Дарга нар аа, та нар өөрсдөө Монголыгоо муухай харагдуулах зүйлсээ эхлүүлсэн, харин бид ичиж зовохгүйгээр араас нь тултал явах болно” хэмээн хашгирав.

Шалгуулж бололгүй яах вэ, тэр тусмаа улс төрийн намын зүгээс албан бичиг өргөн барих, асуулга тавих эрх нь нээлттэй. Хамгийн гол нь өрсөлдөгч намаа намнах арга болгож, баярласан хэрээ бархирах гэгч болж байгаа нь тиймхэн. АН-ынхан ч мөн адил. Намын дарга Л.Гантөмөр эзгүй байгаа хэмээн нэгдсэн байр суурь илэрхийлээгүй ч Ц.Уянга тэргүүтэй тус намын тодрох хүсэлтэй гишүүд энд тэнд ганц нэгээр автобусны асуудлаар  олон улсын байгууллагад хандана гэхчлэн сүржин мэдэгдлүүд хийцгээж буй.

Ийнхүү “ногоон” автобус эдэлгээ даахгүй хуучин гэдэг нь илрээд зогсохгүй  хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгч болж буй Монголын улстөрчдийн тарыг ч бас  таниулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top