ДЭМБ Газын зурваст хүмүүнлэгийн коридор нээхийг уриалав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 11

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Газын зурваст амин чухал тусламж үзүүлэхийн тулд хүмүүнлэгийн коридор нээх шаардлагатай байна гэж мэдэгджээ.

ДЭМБ-ын мэдээллээр, Газын зурвас дахь долоон том эмнэлгийн зайлшгүй хэрэгцээтэй эм, хэрэгслийн нөөц дууссан байна. Тус байгууллага нэг тэрбум ам.долларын эм, эмнэлгийн хэрэгсэл илгээхээр болжээ. Энэ сарын 9-ний байдлаар, Газын зурваст зургаан эмнэлгийн ажилтан амиа алдаад байна. Дөрвөн эмч шархадсан бол халдлагын үеэр эрүүл мэндийн найман объект, түргэн тусламжийн есөн автомашин өртжээ.

НҮБ-ын хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын төлөөлөгч Йенс Ларкегийн мэдээлснээр, 2.2 сая хүн амтай Газын зурваст 187.5 мянган хүн орох оронгүй болоод байна. Энгийн ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилнэ. Түүний онцолсноор, Израилын эрх баригчид цахилгаан эрчим хүчний хангамжийг хоногт 3-4 цагаар хязгаарлаж, цорын ганц эх үүсвэр болон цахилгаан станц нь хэдхэн хоногийн түлшгүй болох эрсдэл үүсжээ. Израилын эрх баригчдын усан хангамжийг таслах шийдвэр 610 мянга гаруй хүнийг ундны усгүй болгох аюул дагуулж байна.

Дэлхийн хүнсний хөтөлбөрийн мэдээллээр, Газын зурвас, Израилын хилийн хааснаар хүнсний тусламж хүргэх ажлыг хүндрүүлж байна. Хүмүүнлэгийн коридор нээсэн тохиолдолд 300 мянган хүнийг наад захын хүнсээр хангах боломжтой болох аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top