Starlink нь Илон Маскийн үүсгэн байгуулсан “SpaceX” компанийн байгуулж буй хиймэл дагуулын интернэт сүлжээ юм. Starlink сүлжээг дэлхий даяар, тэр дундаа уламжлалт өргөн үйлчилгээ сул эсвэл огт байхгүй бүс нутагт өндөр хурдны интернэтийн хүртээмжийг хангах зорилготой.
Starlink сүлжээ нь нам өндрийн тойрог замд дэлхийг тойрон эргэлдэх олон мянган хиймэл дагуулаас бүрддэг.
Starlink энгийн үгээр
Олон тооны хиймэл дагуул нь өргөн хүрээг хамарч, нэвтрүүлэх өндөр хүчин чадалтай. Нам өндрийн тойрог замд байрладаг учир интернэт үйлчилгээг саатал багатай, шуурхай хүргэх юм. Хэрэглэгчид Starlink-н хиймэл дагуулын бага оврын антен, модемоор дамжуулан интернэт үйлчилгээ авдаг. “Dishy McFlatface” хэмээн нэрлэдэг тавган антеныг суурилуулж, ашиглахад хялбар. Starlink нь уламжлалт хиймэл дагуулын интернэттэй харьцуулахад саатал багатай тул видео тоглоом, цахим уулзалт зэрэг үйл ажиллагаанд ашиглахад илүү тохиромжтой байдаг аж.
Starlink-ийн түүх
Starlink сүлжээг Илон Маск 2015 онд санаачилжээ. Сүлжээг байгуулсан түүх нь Илон Маск болон түүний сансрын техник, тээвэр үйлчилгээний “SpaceX” компанийн амбицаас үүсэлтэй.
Хиймэл дагуулын интернэт сүлжээний үзэл баримтлал Starlink-с ч өмнө боловсруулагджээ. Үүнтэй төстэй санааг бусад компани, байгууллагууд гаргаж байв. Гэхдээ “SpaceХ” компанийн санаачилга цар хүрээ болон өөрийн пуужингийн технологитой хослуулснаар онцгой байлаа.
Starlink төслийн талаар Илон Маск 2015 оны нэгдүгээр сард олон нийтэд зарласан билээ. Энэ үеэр Маск тус төсөл орлогын эх үүсвэр болоод зогсохгүй Ангараг гараг дээр байгуулах хотын санхүүгийн тодорхой эх үүсвэр болох хиймэл дагуулын интернэт сүлжээг байгуулах төлөвлөгөөгөө танилцуулсан. 2016 онд “SpaceX” АНУ-ын Холбооны харилцаа холбооны комисст хандан 4425 хиймэл дагуулаас бүрдсэн сүлжээ ашиглах зөвшөөрөл хүсжээ. Энэ бол төслийн боловсруулалтын эхний үе шатны албан ёсны эхлэл байлаа.
Хиймэл дагуулын эхний загварууд болох “Tintin A” болон “Tintin B”-г 2018 оны хоёрдугаар сард хөөргөжээ. Эдгээр загварыг технологийн туршилтын зорилгоор ашигласан байна. Харин эхний ээлжийн хиймэл дагуулуудыг 2019 оны тавдугаар сарын 23-нд дэлхийн тойрог замд оруулсан түүхтэй. Түүнээс хойш “SpaceX” компани Starlink хиймэл дагуулаа хэсэг хэсгээр хөөргөн, сүлжээгээ өргөжүүлсээр байна.
Үйлчилгээний “Better Than Nothing Beta” туршилт 2020 онд эхэлсэн. Туршилтаар алслагдмал бүс нутгийн анхны хэрэглэгчид Starlink интернэтийг туршсан юм.
Нийт хэдэн Starlink хиймэл дагуул байгаа вэ
2024 оны нэгдүгээр сарын 19-ий байдлаар дэлхийн тойрог замд нийт 4541 Starlink хиймэл дагуул байршаад байна. Өнгөрсөн хугацаанд хиймэл дагуулын тоо нэмэгдсэн байх учиртай. Учир нь “SpaceX” хиймэл дагуулуудаа тогтмол хөөргөсөөр байгаа юм. Тус компани нийт 42 мянган хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд байршуулахаар төлөвлөж байна. Гэхдээ эцсийн шийдвэр эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөс шалтгаална.
Starlink хиймэл дагуул хэр өндөрт эргэлддэг вэ?
Starlink хиймэл дагуулууд дэлхийн тойрог замын хоёр өндөрт эргэлддэг байна. Нэг нь дэлхийн нам өндрийн тойрог зам буюу 328-550 км өндөр. Энэ тойрог замд Starlink-н олонх нь байршдаг ба дохионы саатлыг бууруулж, мэдээллийг өндөр хурдаар дамжуулах боломж олгодог. Нөгөө нь дундаж өндрийн тойрог зам буюу 550-1150 км өндөр. Энэ тойрог замд хоёр туйлын бүсийг интернэтээр хангах зориулалт бүхий хиймэл дагуулууд байршдаг. Өөрөөр хэлбэл Starlink хиймэл дагуулууд 328-1150 км өндөрт эргэлддэг байна.
Starlink-н хамрах бүс
2024 оны нэгдүгээр сарын 19-ний байдлаар, Starlink хиймэл дагуулын сүлжээ дэлхийн 50 оронд нэвтрээд байна. Азид Израил, Япон, Казахстан, БНСУ-д нэвтэрсэн бөгөөд удахгүй Монголд нэвтрэх гэж байна. Хойд Америкт АНУ, Канад Мексик, Өмнөд Америкт Аргентин, Бразил, Чили, Колумб, Коста Рика, Эквадор, Гватемал, Хондурас, Никарагуа, Панам, Перу, Уругвай, Венесуэл, Европт Австри, Бельги, Болгар, Хорват, Чех, Дани, Эстони, Финланд, Франц, Герман, Грек, Унгар, Ирланд, Итали, Латви, Литва, Люксембург, Мальта, Нидерланд, Норвег, Польш, Португал, Румын, Словак, Словени, Испани, Швед, Швейцар, Африкт Кени, Морокко, Нигери, Өмнөд Африкийн БНУ, Австрали, Шинэ Зеланд, Тонга зэрэг улсад Starlink сүлжээг ашиглаж байна.
Starlink хэрхэн ажилладаг вэ?
Starlink хиймэл дагуулын интернэт үйлчилгээ бага оврын хиймэл дагуулуудын тусламжтай хүрдэг. Мэдээллийг радио дохионы тусламжтай дамжуулдаг байна. Хиймэл дагуулууд дэлхий дээрх интернэтийн дэд бүтэцтэй холбосон станцтай холбогддог. Газар дээрх станцууд интернэт сүлжээнд мэдээлэл дамжуулж, мөн хүлээн авдаг байна.
Хэрэглэгчид бага оврын тавган антен болон модемын тусламжтай интернэт үйлчилгээг хүлээн авдаг. Хиймэл дагуулууд дэлхийг тойрон эргэлддэг тул хэрэглэгчийн терминал нь нэг хиймэл дагуулаас нөгөө рүү шилжин холбогдож, байнгын холболтоор хангагддаг аж.
Зарим шинэ үеийн Starlink хиймэл дагуулууд харилцаа холбооны лазер системээр тоноглогдсон тул сансарт өөр хоорондоо мэдээлэл дамжуулдаг байна. Хиймэл дагуул бүр өндөр хурдны интернэтээр хангах чадвартай.
Starlink нь хиймэл дагуулын Direct to Cell утас гаргахаар бэлдэж байна. Эхний үе шатанд энэ үйлчилгээний хэрэглэгчид текстэн мэдээлэл солилцох боломжтой. Харин 2025 он гэхэд дуут дуудлага хийх, мэдээлэл дамжуулах, зүйлсийн интернэт төхөөрөмжид холбогдох боломжтой болох гэнэ.
Starlink өдгөө АНУ-ын T-Mobile, Австралийн Optus, Канадын Rogers, Шинэ Зеландын One NZ, Японы KDDI, Швейцарын SALT зэрэг үүрэн холбооны оператор компаниудтай хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны зорилго нь Direct to Cell утасны хүртээмжийг хангах явдал юм.
Starlink интернэт үйлчилгээний үнэ, тариф
2024 оны хоёрдугаар 14-ний байдлаар, Starlink хиймэл дагуулын зургаан төрлийн интернэт үйлчилгээг санал болгож байна.
Стандарт тариф нь сарын 90-120 ам.доллар, төхөөрөмжийн үнэ 599 ам.доллар, премиум тариф нь сарын 140-500 ам.доллар, төхөөрөмжийн үнэ нь 2500 ам.доллар байна. Тарифын ялгаа нь мэдээлэл дамжуулалтын хурд, дохионы сааталтай холбоотой. Стандарт тариф бүхий үйлчилгээний хурд 150 Мбит/с, саатал 20 мс хүртэл бол премиум үйлчилгээний хурд, саатал нь 15 мс хүртэл байдаг аж. Үүнээс гадна Starlink аялагчдад зориулж хоёр төрлийн тарифыг санал болгодог. Starlink Roam үйлчилгээний тариф сарын 150-200 ам.доллар, төхөөрөмжийн үнэ 599-2500 ам.доллар бол Starlink Mobility тариф 250-5000 ам.долларын хооронд хэлбэлздэг ба төхөөрөмж нь 2500 ам.долларын үнэтэй.
Сэтгэгдэл ( 4 )
Бнөсу улсад хэрэглэж болох бол уу мэдээлэл хаанас авах вэ\n
Өчигдөр цувраа хиймэл дагуул 10 цагийн үе 50 гаран ширхэг яг цуваагаар хойноосоо урагшаа чиглэлтэй явж өнгбрлөө
монголд албан ёс оор ороод ирсэн хямд авах боломжтой болсон шүү дэ худлаа юм бичих юм.
мэдээллийн аюулгүй байдал хэрхэн хангагдсан байдаг бол