Баруун хязгаарын хөгжлийн бодлого барилцагч Э.Уртнасан

2024 оны 04 сарын 11

“Хувь заяа” булангийнхаа энэ удаагийн дугаарт цэлмэг тэнгэр, цэнхэр уулсын дунд төрж өсөн Үлэмжийн тансаг Үенчээ Улсын тэргүүний сум болтол нь хүчин зүтгэсэн төрийн түшээ Энхээгийн Уртнасанг холын Ховдоос урилаа. Монгол Улсын баруун хилийн бат цайз, баатарлаг түүхтэй захчин түмний хөвүүн тэрбээр ард түмнийхээ итгэлийг хүлээн Ховд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр гурвантаа сонгогдож баруун хязгаарын хөгжлийн бодлогыг барилцсан. Мөн төрөлх Үенч сумынхаа ИТХ-ын даргаар ажиллаж, улмаар сумын Засаг даргаар гурван удаа  томилогдон ажилласан юм.

Одоо Ховд аймгийн АН-ын тэргүүн дэд дарга, АН-ын ҮБХ-ны гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн Хөдөө, орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна. Өмнө нь ч төрөлх Үенч сумынхаа АН-ын даргаар 16 жил ажилласан дадлага, туршлагатай, нутаг амьтай, АН-ын шилдэг, залуу боловсон хүчний нэг. 

Э.Уртнасан Цагдаагийн академийг эрхзүйч, Удирдлагын академийг төрийн албаны менежерээр төгсжээ. Нам, төрийн их ажлынхаа хажуугаар БНХАУ-д нийгмийн ухааны докторантурт сурах хичээнгүй үйлийг амжуулж явна.


 

Үлэмжийн тансаг Үенчийнхээ эзэн заяа

 

Холын цэнхэр Ховд аймаг газарзүй, угсаатны бүтэц, ахуй амьдралын хэв маяг, өв соёл, зан заншил, ёс уламжлалаараа их өвөрмөц, сонирхолтой. Нэг сумаас нөгөөд очиход огт өөр орчин, хэл аялга, хэв маяг угтдаг. Олон угсаатны өлгий нутаг Ховд аймгийн Үенч, Алтай, Мөст, Зэрэг, Манхан таван суманд хөдөлмөрч захчин түмэн ажиллаж амьдардаг юм.

Алтайн өврийн сүрлэг уулсаар хүрээлэгдсэн Үенч сум нь уул, хангай, говь, тал хээр хосолсон уудам сайхан нутаг билээ. Ховд аймгийн 17 сумаас газар нутгийн хэмжээгээр гуравдугаарт, 4500 гаруй хүн амын тоогоороо хоёрдугааарт эрэмбэлэгддэг томоохон сум, суурингийн нэг.

Үенч нь 1959 онд Улсын тэргүүний сум, нэгдэл болж байсан түүхтэй бол манай нийтлэлийн баатар Э.Уртнасан Засаг даргаар ажиллаж байхдаа Улсын тэргүүний сум болгож, дараа нь Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор мялаалгаж алдар сууг нь мөнхлөн үлдээсэн амжилтыг үзүүлжээ.

Тэрбээр, энэ тухайд “2008-2012 онд сумын Хурлын даргаар сонгогдон ажиллахдаа Засаг дарга Ш.Даваатай гар нийлж, сум орон нутгийнхаа өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж, амжилт бүтээл дүүрэн  ажиллсандаа сэтгэл хангалуун байдаг. Бид Үенчийн хавцал, Мандал хайрхан уул орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахуулах асуудлыг Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлтэй хамтран хөөцөлдөж 2011 оны тавдугаар сарын 5-ны өдөр Үенч сумын зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын 18 дугаар тогтоолыг батлуулж чадсан. Мөн сумын төвийн хоёр км засмал замыг Мо Эн Ко ХХК-ны хөрөнгө оруулатаар бариулж байлаа. Дараа нь сумын Засаг дарга болоод мөрийн хөтөлбөртөө төрөлх Үенчээ Улсын Тэргүүний сум болгон хөгжүүлнэ гэсэн томоохон зорилтыг тавьсан юм. Ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулан амласан амлалтаа биелүүлж чадсан хамтран ажилласан баг, хамт олон, захчин, казах түмэндээ одоо ч талархалтай хандаж, баярлаж явдаг” хэмээн дурслаа.

Энэхүү мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ  Үенч сумаа ногоон төгөл бүхий Эко сум болгох зорилт тавьсан байх юм. Сумаа тойруулан олон арван га газарт таримал ойжуулалт хийж, сумын иргэдийнхээ чацарганы хэрэгцээг бүрэн хангаж, сургууль, цэцэрлэг, соёлын төв, эмнэлгийн барилгыг бүрэн шинэчилж, сумын өнгө үзэмжийг бүрэн өөрчилж, ард түмнийг ажилтай орлоготой болгох томоохон зорилгоо биелүүлж чаджээ. Мөн Гаалийн хяналтын талбай байгуулсан байна.

 

Жолооч аавын жолоодогч хүү

 

Түүний аав Жамцын Энхээ нь 1989 оны Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн, чөлөөт нийгмийн төлөө дуу хоолойгоо өргөж явсан хүмүүсийн нэг. Ховд аймгийн Үенч суманд АН-ыг анхнаасаа дэмжиж, тулгын чулууг босголцсон эрхэм юм. Аавынхаа эгэлгүй нэгэн үйл хэргийг харж өссөн хүү 18 насандаа АН-д элсэж, аавынхаа үнэт үзэл санаа, шударга зарчмыг үргэлжлүүлэн явна. Э.Уртнасан “Манай улс одоо хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг цогцлооно гэж тунхагласан Монгол Улсын Үндсэн хуульд заасандаа хүрч чадахгүй байгаа. Хүний эрх, эрх чөлөө  Монголд маш ихээр зөрчигдөж, боогдмол байна. Ялангуяа хэвлэн нийтлэх эрх чөлөө жил ирэх тусам учир дутагдалтай болж байна” хэмээн эх орныхоо ирээдүйд санаа зовних.

Аав Ж.Энхээ нь Үенч сумын “Алтайн оргил” нэгдэлд насаараа жолооч хийсэн Онц тээвэрчин хүн бий. Тэрбээр “ЗИЛ-130” машинаа одоо ч барьсаар. Ээж нь сумынхаа зочид буудлын эрхлэгчээр ажиллаж байв. Мөн Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан юм. Эднийх зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эгэл жирийн айл, сумын төвийн албан хаагчид. Дээрээ хоёр эгч, доороо гурван дүү дагуулсан Э.Уртнасан 1981 онд төржээ.

БНХАУ-тай Булган боомтоор хиллэдэг Монгол Улсын дархан хилийн баруун хязгаарын суманд төрж өссөн хүү үе тэнгийн хүүхэд, залуусын адил тэнгэр баганадсан өндөр барилга, ганган машин, өргөн сонголттой улсын нийслэл Улаанбаатар хотыг бараадан “дайжих”-аас илүүтэй төрөлх сум Үлэмжийн тансаг Үенчдээ эзэн шиг эзэн байхыг хичээж, сум, орон нутгаа хөгжүүлэн, нийгэм, эдийн засгийн хувьд нэлээд бэхэжсэн, хүчирхэг ард иргэдтэй болгоно хэмээн зүрхний угтаа бодож сэтгэн, толгой дотроо зурж бясалгаж асан “эрийн хуйх” юм гээч. Өдгөө хүсэл мөрөөдлийн заримаас биелж, ерөөл билгээр болжээ. Жолооч аавын жолоодогч хүүгийн алтан шар зам өмнө нь зурайна. Хэрхэхийг ард түмний мэргэн оюун мэднэ буй за.

 

Залуус сумандаа сайхан амьдрах боломж бий

 

Унасан газар, угаасан ус, ард түмэн, нутаг орноо байнга сэтгэлдээ тээж, өөрийнхөө эзэмшсэн боловсрол мэргэжлээ эх орон, ард түмэндээ зориулъя, төрөлх сумаа хөгжүүлэхийн төлөө л зүтгэе л гэж тэрбээр анхнаасаа бодсон юм байна. “Нутгаасаа гараад сар болоход л санаад хэцүүднэ шүү дээ. Суваг судаг болгоныг мэддэг нутагтайгаа хүн яах аргагүй хүйн холбоотой байдаг юм билээ. Манай гэр бүлийн хүнийг Баатарнямын Ууганбаяр гэдэг. Үенч сумынхаа Эрүүл мэндийн төвийн даргаар 10 гаруй жил ажиллаж байна. Өдөр шөнийн алинд ч ард түмнийхээ эрүүл энхийн манаанд зогссон их эмч хүн. Бид хоёр хоёулаа сумандаа ажиллаж амьдрах дуртай. Өглөө хоёр тийшээ гараад л явдаг даа. Орой хэн түрүүлж ирсэн нь хоол ундаа хийгээд сууж байдаг. Анх айл болохдоо зургаан ханатай гэрт амьдардаг байлаа. Өвлийн хүйтэнд хэн түрүүлж ирсэн нь галаа түлж, хоолоо хийгээд л суудаг байсан. Хоёр жилийн дараа хөдөө, суманд хот газрынх шиг тохитой амьдарч яагаад болдоггүй юм бэ гэж бодоод хашаа, байшингаа тохижуулж эхэлсэн. Халуун устай, дотроо боловсон нойльтой хаус барьтал хавь ойртоо үлгэр жишээ болдог байгаа. Олон залуу хүнд “Сумандаа яг ингэж амьдарна” гэдэг сэдэл өгч одоо бүхэл бүтэн хороолол босч байгаа шүү” хэмээн 27-хон настайгаасаа сумынхаа ИТХ-ын даргаар сонгогдож ажилласан Э.Уртнасан ярьж байна.

Бага залуу наснаасаа сум, орон нутгаа ингэж хөгжүүлэх юм байна шүү хэмээн тархи оюундаа зурж суусан нь алхам алхмаар ажил амьдралд бодит болсоор байв. Тэрбээр “Удирдлагын академид хот, хөдөөгийн ялгаа, сумын хөгжлийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан ажил маань их нэмэр болсон. Алс бөглүү, буйдхан, жижиг сумаа ногоон төгөл бүхий, нийгэм, эдийн засгийн хувьд нэлээд бэхжиж хөгжсөн сум болгоно гэдэг зорилт тавин ажилласан юм. Юу амлаж, юуг хийх гээд байгаа юм бэ гэдгээ ард түмэндээ зөвөөр ойлгуулахыг хичээж байлаа. Элгэмсэг сайхан сэтгэлтэй ард түмэн маань намайг дэмжиж, нэг баг болон хамтран ажиллаж чадсан юм шүү. Аливаа ажлыг хийхэд хүн сэтгэлээсээ л хандах хэрэгтэй. Аандаа ард түмэн хүрээлээд ирдэг юм билээ” хэмээн туршлагаасаа хуваалцав.

 

Хүний нутгаас эрдэм өвөрлөсөөр...

 

Тэрбээр өмнөд хөрш БНХАУ-д нийгмийн ухааны доктор хамгаалахаар суралцаж байгааг дээр дурдсан. Энэ талаар тодруулан, ямар туршлага нэвтрүүлж болохыг асуухад,төрийн алба нь ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилдэг. Цагаан дээр хараар бичигдсэн хууль яг тэр чигээрээ л хөрсөн дээрээ буудаг. Төрийн ажлыг багаас нь эхэлж шат дараалан сум, аймаг, муж, хот, тэгээд үндэсний хэмжээний түвшинд буюу 5-6 шат, дамжлага дамжуулан мерит зарчмаар явуулж байна. Мэдээж, айлаас туршлага судлахдаа, авах гээхийн ухаанаар хандах ёстой. Тэгээд төрд хий нь гарсан хүмүүсээ ажиллуулж байна гэв.

Гэтэл монголчууд цүнхтэй мөнгө барьж ирсэн нөхдийг төрд сонгож алдаад байна. Цаашид төр, улсынхаа том бодлогыг барьж жолоодох эрхийг иймэрхүү маягаар нүдэн балай, чихэн дүлий сонгоод өгчихөж боломгүй. Хал үзэж, халуун чулуу долоогоогүй буюу төрд огт бэлтгэгдээгүй, боловсорч туршлагажаагүй хүмүүс нь эргээд юм үзээгүй зан гаргаж, хөгөө хөлдөө чирж байгааг ард түмэн харахаараа л нэг болж байгаа нь харин ч үнэн билээ. Ийм учраас л манай улсын хөгжил удаан, төрийн ажил дутуу хийгдэж явдаг биз хэмээн эрхгүй бодогдов. Өмнө нь найман удаагийн сонгуулиар алдаж, онож үзсэн хашир сонгогчид одоо нэгийг бодож, хоёрыг тунгаана байх. Одоо эрхбиш тав, арван цаас өгсөн хүнд хууртахаа болио биз. Том жип унасан, ганган костюмтай хүн гоё харагддаг цаг өнгөрч байх шиг.

Монгол Улсад Ардчилсан хувьсгал ялаад чамлахааргүй хугацааг туулж, 30 гаруй жил өнгөрчээ. Олон хүмүүс УИХ-д нэрээ дэвшүүлэн өрсөлдөх ирэх сонгуулиар сонгогч хашир байх нь чухал юм. Намуудын мөрийн хөтөлбөр хийгээд хэн нь хэн бэ гэдгийг сайтар судлан хүнийг нь таних зэргээр нарийн шалгуур тавихад сонгогчийн үнэ цэнтэй өндөр боловсрол чухал. Найз нөхөд, хамт олон, аав ээж, өвөө эмээгийнхээ ая талыг харж хүсээгүй сонголт хийдэг гэнэн, тэнэг түүх ард хоцорч байгааг санах хэрэгтэй. Алдаа дутагдлаа эргэн харж, сонгох, сонгогдох эрхээ зөвөөр эдлэх цаг хугацаа нь одоо болсон. УИХ-ын ирэх сонгуульд намуудаас нэр дэвшүүлж байгаа хүмүүсийн мөрийн хөтөлбөртэй сайн танилцаж, харьцуулж харан, сонголтоо хийгээсэй билээ. Ирэх сонгуульд хүн бүхний оролцоо чухал. Ард түмэн ардчилсан сонгуулиар сонголтоо хийнэ. Хүн биеэ засаад, гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж ярьдаг. Үүн лугаа баг, сумын түвшнээс эхлэн төрийн ажлыг анхан, дунд шатнаас нь хийж, ачаа үүрч, хашир туршлага сууж, хий нь гарсан хүмүүсээ төрд илгээвэл Монгол Улс хөгжих боломжтой. Үнэндээ сонгогчдын боловсрол, иргэдийн итгэл мэднэ дээ. 

 

Бүсийн хэмжээнд үйлдвэр хөгжүүлэх цаг болсон

 

Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн Монголд үнэ цэнгүй болчихжээ. Монголын эдийн засгийн хамгийн том бааз суурь нь мал аж ахуй хэвээрээ л байгаа сан. Монгол орныг тэжээж, эдийн засгийг авч явж байгаа гол салбарын нэгний тухайд тэрбээр “Малчид Монгол орныхоо газар нутагт эзэн болж, өв соёлоо тээж байгаа хүмүүс.  Тиймээс төрийн томоохон бодлогоор энэ тэргүүлэх салбарыг авч явах ёстой. Гэтэл харамсалтай нь малчдыг дэмжсэн бодлого, малын гаралтай түүхий эдийг боловсруулан нэмүү өртөг шингээх янз бүрийн үйлдвэр, цехийг барьж байгуулан хөгжүүлэхээ орхигдуулсан байгааг хөрш зэргэлдээ оронд сурахдаа маш сайн анхаарч, судалсан. Мах боловсруулах, ноос, ноолуур, арьс ширний үйлдвэр гээд хөрш “айл”-аар явахдаа энэ бүгдийг анзаарч, харьцуулан харсан. Бид одоо бүсийн хэмжээнд иймэрхүү үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг байгуулах, улмаар хөгжүүлэх, эргээд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үр ашгийг хүртэх ажлыг эхлүүлж, ийм туршлагаас Монголд нэвтрүүлэх бүрэн боломжтой. Наад захын жишээ нь, дэлхийн зах зээл дээр ноолуурын 40-50 хувийг монгол ямаанаас бүрдүүлж байгаа шүү дээ. Гэхдээ улс төрд орж ирж байгаа хүнийг маш том эрх мэдэл дагадаг. Тийм учраас сэтгэлийн хэт их хөөрлөөр ажиллах боломжгүй. Ийм байдлаар ажиллавал улс орноорооо ямар хүнд хэцүү нөхцөл байдалд ордог вэ гэдгийг өнөөгийн Монголын дүр төрх харуулж байна. Төрийн тогоонд чанагдаад 20 орчим жил болохдоо нам, улс төр, төрийн ажлыг багаас нь хийж эхлэн, туйлбартай явж, хийгээ гарган хатаагдаж байж том бодлого, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” хэмээн ярих нь санаандаа бас нэгэн хийх ажлын төлөвлөгөөгөө зурж яваа болов уу гэмээр харагдана. Сум, аймгийн түвшинд няхуур ажиллаж, юу хийж чадахаа харуулж чадсан түүнийг магадгүй дараагийн шатанд ард түмэн итгэл хүлээлгэн сонговол хийх ажлын төлөвлөгөө нь бэлэн байх шиг. Бодлого боловсруулах, хууль санаачлах дээд түвшинд ажиллах туршлага өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хангалттай суусан нь илт. 

 

Үенчийн хавцлаа “аварсан” хүн

 

Алт хайсан хүмүүс 2000-аад оны эхээр Монгол орны өнгөтэй өөдтэй уул, уурхайг бүхнийг ухаж байв. Үенчийн хавцал энэ шуурганд өртөн гундаж эхэлсэн аж. Иймээс байгаль орчноо хамгаалж, улсын тусгай хамгаалалтад 2011 онд авах ажлыг санаачлан эхлүүлсэн нь амжилттай болжээ. Үенч гол сэргэж, байгаль эхийн зоо тэнийжээ. Гэхдээ ядарч зутарсан 200-300 хууль бусаар алт угаадаг иргэнээ зөнд нь хаялгүй, нийгмийн асуудлыг нь аль болохоор шийдэхийг хичээжээ. Тэдний заримыг Хөшөөтийн уурхайд ажиллуулах, заримыг малжуулах төсөлд хамруулах, нөгөө хэсгийг нь жижиг, дунд бизнес эрхлэх боломж бололцоогоор хангах зэргээр бодлогын түвшний олон ажил хийсэн нь нүдээ олжээ.

Харин одоо Үенчийн хавцлаа түшиглэн хил орчмын болон, дотоодын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх санаа, зорилго бий аж. Одоохондоо гадаадын анчдад жилдээ гурван угалз, 10 гаруй тэх агнуулж байна. Тэрхүү 2-3 отгоороо тодорхой хэмжээний орлого олоод 10 гаруй жил болж буй юм байна.

Тэрбээр “Ард түмнээ Арабын шейхүүд шиг баян тансаг, амар амгалан амьдруулах асар их боломж бий шүү дээ. Бүсийн хэмжээнд үйлдвэр бий болгож, ажлын байрыг олноор нь бий болгомоор байна. Мал аж ахуйн үнэт баялаг хөлийн гишгүүр болоод л байж байдаг. Үүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулж улс орноо хөгжүүлэн, ард иргэдээ ажилтай болгомоор байна. Төрийн зүгээс ч үүн дээр анхаарч орон нутаг руу эрх мэдэл өгөхгүй байгаа нь зах, хязгаар нутгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Гэтэл хөрш улс орон нутагт нь эрх мэдлийг өгөн, хөрөнгө оруулалт хийж, зах хязгаар нутаг, сум суурингаа хөгжүүлж байна. Ард иргэдийнхээ ажиллаж, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж байна шүү дээ. Гэтэл монголчууд хамаг татвараа сорж аваад дээш нь төвлөрүүлж нийслэлдээ бөөгнөрөн түгжирж, хөгжлөө гацааж байна.

Сум, орон нутгийнхаа амийг таслахгүйн тулд жаахан төсөв дусаадаг. Төсөв санхүү нь хангалттай бол сум, орон нутагт сайхан амьдрах орчин нөхцөл бүрдэх боломжтой” хэмээн санаа бодлоо хуваалцав. 

 

“Мини хот”-ын автор

 

Сумандаа сайхан амьдарч болох боломжтойг өөрийн биеэр үлгэрлэсэн тэрбээр эхлээд биеэ засаад, тэгээд хашаагаа тохижуулан, хаусаа босгож, дараа нь сум, орон нутгаа хөгжүүлжээ. Хашаа байшингаа жишиг болгон тохижуулсан нь олон хүний сэтгэлд нийцэж, үлгэр жишээ болж чадсан юм. Олон залуу хүн хотод заавал байр сууц авахыг хичээлгүй, сумандаа сайхан амьдарч болох юм байна гэдэг итгэл найдварыг төрүүлж, амьдралын хэв маягт нь нөлөөлж, зах хязгаар нутгаа эзэнтэй хэвээр нь байлгахад ихээхэн хувь нэмрийг оруулжээ.

Ард иргэдээ уриалан улиас, бургас, агч, нарс, монос, чацаргана, давжаа алим, алим, интоор, бөөрөлзгөнө, үхрийн нүд гээд жимс жимсгэний 67 мянга гаруй модыг сумын төвөө тойруулан тарьсан нь хэдийн төгөл болон найгаж байна. Элсэн хайрган дээр мод тарьж болдог гэдгийг харуулаад зогсохгүй айл бүхэн хашаандаа мод тарьж, чацарганы хэрэглээгээ бүрэн хангасан шигээ тав тухтай сайхан амьдарч байгаа юм. Сумынхаа эмнэлэг, цэцэрлэг, соёлын төвийг ч барьж, багуудад бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлж, орон нутгаа өөд нь татсан гавьяа ч түүнийх.

Хүний хөгжлийг эрхэмлэсэн нийгмийн тогтолцоотой, өөрийгөө тэтгэсэн эдийн засагтай томоохон сум болох зорилт тавин ажиллахдаа:

 “Зөв хүн” хөтөлбөр

 “Эко сум” хөтөлбөр

 “Чацаргана” хөтөлбөр

 “Хөх тариа” хөтөлбөр

 “Төмс” хөтөлбөр

 “Ном” хөтөлбөр

 “Авьяас” хөтөлбөр

 “Багшийн хөгжил” хөтөлбөр

 “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх” хөтөлбөр

 “Архи тамхигүй Үенчүүд” хөтөлбөр

 “Цаг бол алт” хөтөлбөр

 “Авьяаслаг Үенччүүд” хөтөлбөр

 “Нүүдэлчин Үенччүүд” хөтөлбөр

 “Спортлог Үенччүүд” хөтөлбөр

 “Эрүүл чийрэг Үенччүүд” хөтөлбөр

 “Оюунлаг Үенччүүд” хөтөлбөр

 “Бүтээлч Үенччүүд” хөтөлбөр хэрэгжүүлсэн нь хэдийн иргэдийн талархлыг хүлээжээ. Нарийндаа бол “Мини хот”-ын автор юм. Ийм нэртэй таримал ойжуулалт Үенч сумыг тойрон ургаж байна.

Г.Ганчимэг

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.185) 2024 оны 04 сарын 11

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Кк кк(202.9.46.29) 2024 оны 04 сарын 11

Г.Ганчимэг та уянгын халилт фантастик сэдвээр авьясаа хөгжүүлвэл хол явахаар юм байна. Дараагийн удаа Элбэгдоржийн тухай иймэрхүү юм бичнэ биз.

0  |  0
зочин(66.181.184.197) 2024 оны 04 сарын 11

шамбалын дайныг дуустал удирдахаар тодорсон хувилгаан Түгжил гэдэг шиг л.....

1  |  0
Зочин.(103.212.119.215) 2024 оны 04 сарын 11

Үен ч сумын тухай бичих дээ сумын төв , байгалийн ганц зураг тавьчихгүй дээ. Санаачиллаггүй нөхөр байна шүүү?

0  |  0
ха ха(43.228.129.91) 2024 оны 04 сарын 11

элгийг авах юм даа

0  |  0
Top