Хамасын халдлагаас сэргийлж чадаагүй Израилын цэргийн тагнуулын дарга огцров

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 23

Израилын Цэргийн тагнуулын газрын тэргүүн Аарон Халива 2023 оны аравдугаар сарын 7-нд Хамас хөдөлгөөний халдлагаас урьдчилан сэргийлж чадаагүйн төлөө албан тушаалаасаа огцрох өргөдөл өгчээ.

“New York Times” хэвлэлд бичиж байсанчлан, Израилын тусгай албадын нэг нь ч Хамас хөдөлгөөн өргөн хүрээний халдлагад бэлдэж буй талаар нарийн мэдээлэлгүй байжээ. Халива өргөдөлдөө түүний удирдлага доорх тагнуулын алба үүрэг даалгавраа гүйцэтгэж чадаагүйн улмаас Хамас хөдөлгөөний халдлагад өртөхөд хүргэсэн гээд түүнээс хойш тэр хар өдрийг, дайны зовлон шаналлыг үүрд өөртөө тээсээр байх болно хэмээн дурджээ.

38 жил Израилын Батлан хамгаалах армид алба хаасан Халива Хамас хөдөлгөөний халдлагаас хойш 10 хоногийн дараа “Бид маш чухал үүрэг даалгавраа биелүүлж чадсангүй. Цэргийн тагнуулын газрын даргын хувьд би бүрэн хариуцлага үүрнэ” хэмээн мэдэгдэж байжээ.

2023 оны арваннэгдүгээр сард “New York Times” эх сурвалж дурдан бичихдээ, Израилын талд Хамас хөдөлгөөний цэргийн төлөвлөгөөний хуулбар байсан гэдгийг онцлоод баримтад тодорхой огноо заагаагүй байсан ч нэг жилийн өмнө цэрэг, тагнуулынхны гарт очжээ. Израилын цэргийнхэн Хамас хөдөлгөөнд ийм өргөн хүрээний цохилт өгөх боломж байхгүй гэж үзэн ач холбогдол өгөөгүй байна.

Харин энэ хуулбарыг Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху харсан эсэх нь тодорхойгүй гэж “New York Times” сонинд онцолсон байна.

2023 оны аравдугаар сарын 7-нд болсон халдлагын улмаас 1200 хүн амиа алдаж, 253 хүн барьцаалагдан, Газын зурваст хүргэгдсэн билээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр, өдгөө 133 хүн барьцаанд үлдээд байна. Газын зурвасын Эрүүл мэндийн яамны мэдээллээр, дайны улмаас тус зурваст 34 мянга гаруй энгийн иргэн амь үрэгдээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top