ХҮН-ын нарийн бичгийн дарга, загвар өмсөгч Отгонбаатарын Билгүүнийг “Дугаарын зочин”-оор урьж ярилцлаа. Тэрбээр саяхан ХҮН-д элссэн байсан. Гэхдээ бидний яриа улс төрийн тухай биш аялал жуулчлалын салбарыг яаж хөгжүүлэх тухай өрнөсөн юм. Тэрбээр дуу хуур, загвар, хоол үйлдвэрлэл, аялал жуулчлал, энтертайментийн салбарыг багаасаа сонирхож дурласан, түүндээ эргэлт буцалтгүй автсан нэгэн аж.
-Таныг загвар өмсөгч гэдгийг мэднэ. Гэхдээ та хоол үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарыг ч бас сонирхож байх шиг?
-Багаасаа дуу хуурт дуртай, загварын ертөнц, хоолны урлагт татагдаж ирсэн. Энэ хүсэл мөрөөдөл маань одоо ч хэвээрээ. Ер нь их тууштай юм байна шүү. Сүүлийн найман жил аялал жуулчлалын салбар руу идэвхтэй орсон. Яагаад гэвэл, хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээ, энтертайментийн салбар аялал жуулчлалтай салшгүй холбоотой байдаг. Тиймээс бүр салбараа кластер хөгжил болгож, нэгдсэн менежменттэй, Монгол Улсын аялал жуулчлалыг илүү олон улсын түвшинд аваачих, үндэсний өв соёл, нүүдэлчин ахуйн уламжлалаа аялал жуулчлалтай холбож хөгжүүлэх зэрэг ажлыг хийгээд явж байна.
-Аялал жуулчлал, энтертайментийн салбарт юуг ч хооронд нь холбоод сонирхолтойгоор ажиллаж болно. Та яагаад заавал хоол үйлдвэрлэлийн салбарыг сонирхох болов?
-Хоол гэдэг бол хүн төрөлхтөний хамгийн чухал зүйл. Хоолны соёлоор тухайн улсын соёлыг тодорхойлдог. Хоол унд, зочлох үйлчилгээгээр дамжуулан тухайн улс үндэстний соёл, хүмүүсийн амьдралын хэв маяг, аж ахуй, тухайн улс мал аж ахуйн орон уу, хөдөө аж ахуйн орон уу гэх мэтчилэнгээр олон шинж чанарыг тодорхойлдог. Өнөөдөр хаана ч аялан жуулчилж байгаа хэн ч байсан тухайн газар орон, улс үндэстнийхээ хоолыг л хамгийн түрүүнд хүртэж үзэхийг хүсдэг. Тэндээс бид таашаал авч тухайн улс орныг мэдэрнэ. Монгол Улс маань аялал жуулчлалаа хөгжүүлнэ гээд байдаг. Гэтэл бидний хоолны соёл хаана байна вэ. Нөгөө л нэг хуушуур, хорхог, боодгоо хийж идэх үү.
Энэ нь бидэнд ямар ч сонголтгүй байгаад байгаа юм. Бид хоолондоо инноваци хийж, нэр төрлийг нь илүү нэмэх, цаашлаад энэ салбарыг илүү ихээр соёлжуулж, шинэ ажлын байруудыг бий болгож, соёлыг түгээн энтертайментлаг шинж чанарыг давамгай болгож, ингэж менежментээ хөгжүүлж байж, Монголын хоолны соёл дэлгэрч, шинэ ажлын байр бий болж байж аялал жуулчлалын салбартаа маш үнэтэй хувь нэмэр оруулах юм. Иймээс л би хоолны салбарт орж явна. Гэхдээ би багаасаа л хоол хийх дуртай байсан. Тэгээд ч тэр үү зөөгч, бармен болоод, энэ салбар дотроо ажиллаж байсан. Өөрийнхөө дуртай зүйлд сонирхлоороо хөтлөгдөн явсаар хоол үйлдвэрлэлийн салбарт орж ирсэн байх.
-Монголд гадаад, дотоодын зочид жуулчдаа хүлээж авахдаа хорхог, боодог, бууз, хуушуураар дайлна, ер нь тэгэсхийгээд л болчихдог. Гэтэл ногоон, цагаан, бүр агаар хоолтон хүртэл байна. Манайхан цагаан хоолтой хүнд мах чанадаг тогоо савандаа хоол хийгээд өгчихдөг. Мэдээж, угааж цэвэрлэж байгаа л даа. Нөгөө хүмүүс хоолныхоо үнэрийг ч авч чадахгүй зутарч байх жишээний. Эсвэл “Сайхан гэдэс чаналаа, идээрэй” гээд өмнө нь аваачаад тавьчихдаг. Нөгөө цагаан хоолтон анатомийн хичээл үзэж байгаа юм шиг гайхаад л, эвгүйрхээд л суух. Хэлээ сайн ойлголцохгүй учраас өөр яалтай вэ. Бидний соёл, заншлын ялгаа энэ мэтээр их олон зүйл дээр гардаг?
-Тийм ээ. Гадаадын жуулчид хүрч ирдэг. Гэтэл манай ус тэдэнд тохирдоггүй. Монголын бэлчээрийн малын мах хурцдаад байдаг. Ингээд л гэдэс нь өвддөг, хордлого болдог. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, хоолны хөгжүүлэлт байхгүй учраас хүн болгонд таарсан хоол Монголд хараахан байхгүй байна л даа. Тэгээд л гадны улс, үндэстний хоол хийгээстэй. Тэрийгээ ч сайн хийж чадахгүй. Олон орны хоолыг хийлээ гэхэд монгол материал байхгүй юу. Эсвэл хятад материал байгаа. Тогооч нар монгол үндэстнийхээ хоолыг гадаадын хүнд идэх боломжтой орц найрлагаар жорыг зохиосон байдаг. Гэтэл бэлэн байгаа энэ жороо борлуулах боломж огт байхгүй. Нэг зоогийн газраар борлууллаа гэхэд тэр ресторанд Монголд ирсэн бүх жуулчин очихгүй шүү дээ. Тиймээс тэр нь далайцтай түгж чадддаггүй. Аливаа газар хоолоо борлуулахын тулд дэд бүтэц л байх хэрэгтэй. Төвлөрөл бий болгох хэрэгтэй. Та бүхэн санаж байгаа бол, “Гэрэлт гудамж” төслийг би санаачлаад хийж байхад, төвлөрөл бий болгочихсон байхад, тухайн газарт очсон хүн бүр олон сонголтоос өөрийн дуртай, өөртөө хэрэгтэй хоол ундаа авч идэх, үйлчлүүлэх боломж үүсдэг. Түүнтэй адилхан Монголын хөдөөд сум болгонд гэхгүй ч гэсэн аймагтаа ядаж нэг сум аялал жуулчлалын дэд бүтэцтэй болох юм бол тухайн нутгийн онцлог шингэсэн хоол хүнсийг илүү олон төрлийн хоол иддэг гадаадын хүмүүст тохируулж, өөрчлөн хөгжүүлэх ёстой болоод байгаа юм. Энд тэнд гуанзанд төрөл бүрийн хоол хийгээд ямар ч нэмэргүй. Худалдан авагч хомс л байна.
Харин төвлөрөл байж, тухайн төвлөрөл дээр маш олон сонголтыг бий болгож байж л тэнд эдийн засгийн эргэлтэд орж, бүгд ашигтай ажиллах юм.
-Нэр төрлийг олшруулахын тулд яах ёстой вэ. Ялангуяа, энэ нь хөдөөд маш хэцүү шүү дээ. Эхний ээлжинд тэнд ажиллаж байгаа хүний нөөцөө чадваржуулах хэрэгтэй болно байх. Ядаж л дандаа махан хоол хийгээд байлгүй тогооч нараа цагаан, ногоон хоол хийж сургах шаардлага байгаа болов уу?
-Яг зөв. Тогооч нараа чадавхижуулах нь маш чухал ажил. Бид том зургаараа бол аялал жуулчлалын бүтэц ярьж байгаа. Түүнээсээ өмнө МСҮТ-ийн сургалтын чанарыг илүү сайжруулж, дээрээс нь тогооч бэлтгэх сургуулиудыг олшруулах хэрэгтэй. Жишээлбэл, Япон, Солонгост ерөөсөө нэг байшингийн булан эргээд л тогоочийн сургууль байдаг. Тэндээ яг тогооч болох хүсэлтэй хүмүүст дөрвөн жилийн хугацаатай Их, Дээд сургуулийн боловсролын олгодог. Ерөөсөө л хими шүү дээ. Хоолны орц найрлага, жороос эхлээд онолын мэдлэг, дадлагыг тэрхүү сургалтаараа маш сайн олгож өгдөг. Ийм академиуд байдаг. Ингэж байж тогоочийн цалин өндөр байх төдийгүй эргээд ажиллах хүчний хомсдолоос сэргийлж чаддаг. Зөвхөн тогооч бэлтгэхэд л их нарийн бодлого, бүхэл бүтэн системээрээ ажиллаж байна шүү дээ. Манай улсад сайн тогооч бэлтгэх ажил бодлогоор дэмжигдэж, ингэж хөгжихгүй байгаа учраас нийгмийн орчин бүрдэхгүй байна. Хүмүүсийн сонирхолыг татахгүй байгаа учраас “Би тогооч болно” гэж мөрөөдөхгүй шүү дээ. Мэргэжлийн сургалт, сургууль, академиудыг маш олноор нь хөгжүүлж байж тэндээс маш олон сийрэг толгойтой тогоочтой болно. Сураад гараад ирэхэд нь хамгийн гол нь дэд бүтэц нь хөгжчихсөн, ажлын байр нь бэлэн байх ёстой байхгүй юу даа. Тогоочоор төгсөнгүүт нь “Өө, чи гуанз ажиллуул” гэж болохгүй шүү дээ. Тэр хүн хаана, яаж гуанз ажиллуулах юм бэ. Хаанаас зээл авах вэ. Бизнесээ яаж эрхлэх вэ. Эзэмшсэн мэргэжил нь тэр хүний амьдралын баталгаа болж явах учиртай шүү.
-Хоол яалт ч үгүй дэд бүтэцтэй холбоотой. Наад зах нь бие засах газраас эхлээд бүхэл бүтэн системийн асуудал яригдана?
-Тийм ээ, дэд бүтэц зөвхөн замын асуудал биш. Тухайн сум нь сэргээгдэх эрчим хүчтэй, хогоо дахин ангилан ялгадаг, өрхийн жижиг, дунд бизнес, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, гар урлал, хүнсний үйлдвэрлэлийг дэмждэг, аялал жуулчлалын маршруттай байх хэрэгтэй. Кемпууд нь стандарттай байх ёстой. Малчин айлууд нь ахуй соёл, өв уламжлал, үүх түүхээр мөнгө олох чадамжтай, жуулчин хүлээж авдаг гэртэй байх ёстой. Ингэхээр чинь аялал жуулчлалын ажлыг яаж хийхийг мэддэг байх ёстой болж байгаа биз. Наад зах нь англи хэлтэй, зочлох үйлчилгээний соёлд суралцсан байх ёстой болно. Ингээд тээвэр нь шийдэгдсэн, тэнд үйлчилж байгаа хүмүүс хөгшин, залуугүй жуулчиндаа үйлчлэх анхан шатны мэдлэгтэй байх учиртай юм. Дайлж цайлах хоолны газрууд нь, худалдаа, үйлчилгээний цэг, дэлгүүр бэлэн байх ёстой. Эхний ээлжинд ийм гоё виллаж буюу тосгоныг бий болгомоор байна. Ингэж байж төвлөрөл бий болж, дэд бүтэц цогцоороо хөгжих юм. Тэр үед 00-ийн асуудал бол жижиг сэдэв болно. Яагаад гэвэл, дэд бүтцийн асуудал дотроо ороод аль хэдийнэ шийдэгдчихсэн байх юм. Тэгэхгүй энд ч нэг зам, тэнд ч нэг зам тавих нь үр ашиггүй. Монголын өргөн уудам нутагт хүн болгон руу зам тавих боломжгүй шүү дээ. Тийм төсөв санхүү, хэрэгцээ шаардлага ч байхгүй шүү дээ. Тиймээс эхний ээлжинд зам дагуух аялал жуулчлал хөгжих боломжтой сумдыг аймаг бүрд хөгжүүлэх ёстой. Хүн ямар нэгэн шинэ барилга барихад заавал загварын барилга барьж, хүмүүст харуулдаг биз дээ. Бид нэг аятайхан сумын төвтэй болмоор байна гээд л яриад байдаг. Тэгсэн мөртлөө ямар ч эдийн засгийн үр өгөөжгүй зам харгуйг хаа хол барьчихдаг.
-Ер нь яагаад хийж болдоггүй юм бол. Та юу гэж бодож байна вэ?
-Нөгөө л нэг “Тойрог дээрээ ажиллаж байна” гэдэг нэрээр кластер хөгжлийг бий болгохгүй байна шүү дээ. Улстөрчид зөвхөн өөрийн хувийн имиж, дараа дахин сонгогдох нэр төрөө бодож, эдийн засагт ямар ч үр ашиггүй дэд бүтцийг бий болгоод байна. Ингэхээр чинь ажлын байр бий болохгүй байгаа юм. Бүгдээрээ нэгдэж нийлж, Монгол Улс л гэсэн нэг л зүрх сэтгэлтэйгээр явах ёстой. Тиймээс бүсчилсэн хөгжил гэдэг их чухал. Гэхдээ цаасан дээр буусан зүйлээ хөрсөн дээр бий болгохгүй, хий хоосон яриад явах нь утгагүй.
-Зам дагуу гэхээр яг хаана байх вэ?
-Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Баян-Өлгий, Хөвсгөл, Булган, Завхан гээд хангайн бүсийн Дундговь, Дорноговь, Өмнөговь гээд говийн бүсийн аймгууд зам дагуух сумдадаа аялал жуулчлалын бренд болсон газруудтай. Дорнод, Хэнтий, Сүхбаатар тал хээрийн бүсийн аймгуудад ч өөрийн онцлог шинж бий. Дэд бүтцээ шийдэж өгснөөр тухайн газарт төвлөрөл бий болно. Гэтэл одоо бүгдээрээ тал тал тийшээ тараад явчихсан. Тухайн газарт нь яваад очихоор ямар ч үйлчилгээ байхгүй. Ингэхээр чинь ямар ч худалдан авалт байхгүй. Мөнгөн урсгалгүй байна. Тиймээс гол төвлөрөлөө хаана, аль суман дээр байлгах вэ гэдгээ одоо шийдэх ёстой. Сумын төвд байгаа айлууд орон сууцанд амьдарч болно шүү дээ. Европын, Швейцарьт байдаг шиг 2-3 давхар тосгоны гоё барилга байшинтай, дэд бүтэц нь асуудалгүй суманд ард иргэд амьдармаар л байна шүү дээ. Цаашаа хөдөөдөө чиглэсэн аялал жуулчлалын менежментээ сайжруулаад, сумын төв дээрээ бол жуулчны гудамжиндаа хоолны хэсэгтэй, ая тухтай дэн буудалтай, үндэсний урлагийн тоглолт, ахуй соёлын үзвэр үйлчилгээгээ тэр олон төсвийн хөрөнгөөр барьсан Соёлын төвүүддээ үзүүлж болно шүү дээ. Сумын төвийн иргэд хүүхэд, хөгшид гэлтгүй жуулчдад газарчилж, хэлмэрчлэн мөнгө олмоор л байна шүү дээ. Мужаан Батаа, оёдолчин Бурмаа нар хөдөө байгаа аялал жуулчлалын кемпийн орыг хийж, даавууг нь оёмоор байна. Ингэж кластер хөгжлийг бий болгож байж л аялал жуулчлалын салбар хөгжиж, эдийн засагтаа нэмэр болно. Гэхдээ Орон нутгийн аялал жуулчлалын тухай хууль, журмыг боловсруулж байж ингэж хөгжинө. Яагаад гэвэл, өнөөдөр аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж байгаа компани бүгдээрээ Улаанбаатар хотод хаяг бүртгэлтэй, ихэвчлэн тэнд үйл ажиллагаа явуулж байна. Газар нь л аймгийн нэр дээр, бизнес хотод байршилтай байх жишээний. Ийм утгагүй зүйл их байна.
-Хүн амын тал нь буюу 1.7 сая иргэн нийслэл хотдоо төвлөрчихсөн өнөөгийн нөхцөлд дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой юм шиг. Яагаад гэвэл, унаган хотын иргэн болж төрж өссөж байгаа хүүхдүүдэд өвөг дээдсийн буюу нүүдэлчин малчдын ахуй соёлыг таниулж, уул усанд нь гаргаж хараа, оюуныг нь тэлмээр л байна шүү дээ.
-Тийм ээ, өмнө нь хотын айлууд хөдөөтэй, аав ээж, өвөө эмээ дээрээ очдог байж. Харин одоо 2-3 үеэрээ хотод төрж өссөн хүн олон байна. Тэдний зарим маань гадаад оронд сурч, амьдардаг болжээ. Өв соёлоо мэдэж, үндэсний дархлаатай болохын зэрэгцээ дэлхийтэй хөл нийлүүлэн хөгжих хэрэгцээ хэн хэнд маань байна. Тиймээс л өв соёлоо сэргээж, аялал жуулчлалын салбараа кластераар хөгжүүлмээр байгаа юм.
-Гэхдээ хөдөөд бас эзэнгүй болчихсон. Бүр бүтэн гэр бүлгүй болох шинжтэй. Бүгдээрээ л төв, суурин газар бараадсан. Малчин эрчүүдэд “Эхнэр олдохгүй байна” гэж хүртэл ярьж байгаа?
-Хот, суурин газарт ч ялгаагүй амьдрал хүнд байгаа. Хөдөөд мөнгө олох аргыг нь зааж өгөх лидер хэрэгтэй. Ажил хийх, мөнгө олох аргаа олчихвол хөдөөний залуус эргээд нутаг руугаа буцах гээд байгаа байхгүй юу. Ингэж ярьж ч байна. Гагцхүү бодлого дутаад байна. Аялал жуулчлалын салбарыг бизнесийн цогц системтэй болчиход л хөдөөд амьдрал цэцэглэнэ. Хөдөөнийхөн хот руу тэмүүлдэг биш хотын залуус хөдөөг зорьдог, очиж ажилладаг болтол нь аялал жуулчлалын салбарыг цогцоор нь хөгжүүлэх зорилго надад бол бий. Энэ УИХ-ын ээлжит сонгуулийн дараачаас эхний ажлууд хийгдэж эхэлнэ. Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр суманд хийж хэрэгжүүлэхээр санаж төлөвлөсөн ажил байгаа. Багагүй хугацаа, хөрөнгө оруулалт орохоор байгаа юм.
-Та яг өөрийнхөө хүсэл мөрөөдлийг ажлыг хийж байгаа юу?
-Багаасаа л сонирхож, мөрөөдсөн салбар, ажил маань шүү дээ. Би ерөөсөө л аялах дуртай. Энтертайментад бас дуртай. Энэ хоёр угаасаа хос багана. Загварын ертөнцөөсөө ч сэтгэл ханамж авдаг. Монгол хүн баян болж байж улс баян болно шүү дээ. Тиймээс эхлээд хүмүүсийг ажлын байртай болгох хэрэгтэй. Ядаж нэг сумаас энэ ажлаа эхэлье дээ. Би зөвхөн өөрийгөө бодоод яах юм бэ. Нийгмийн амьдрал хэцүү байхад би ганцаараа сэтгэл хангалуун байгаад яах юм бэ.
-Өнгөрсөн жил Солонгосын алдартай жүжигчид, моделиуд Монголд ирсэн. Тэд ирснээрээ ямар үр дүн, эерэг нөлөө авчирсан гэж та бодож байна?
-Түүнээс өмнө, нэг зүйлийг хэлэхэд бид хөгжөөгүй байсан нь болж гэж боддог шүү. Яагаад гэвэл, тэр Солонгосын жүжигчид, моделиуд, ер нь гадаадын жуулчид Монголд Улаанбаатарыг үзэх гэж ирэхгүй. Хөдөөг зорьж, нүүдэлчдийн ахуй соёлтой танилцахыг л хүсдэг. Дэлхийд үлдсэн нүүдэлчдийн хамгийн сүүлчийн соёл иргэншлийг бид тээж өвлөн яваа. Одоо харин үүнийгээ л хөгжүүлж, нүүдэлчин ахуй соёлоороо гоёж гангаран, гайхуулах ёстой юм байна. Гэхдээ бид эхлээд дэд бүтцээ зөв хөгжүүлэхгүйгээр сурталчилгаа цацаад нэмэргүй. Тэр хүмүүс ирээд юу үзэж, яаж амрах юм бэ. Систем хэрэгтэй гэдгийг бид одоо л ойлгож эхэлж байна шүү дээ. Ямар нэгэн байдлаар ажил эхлэх ёстой байсан тул тэр “од”-уудыг урьж авчирсан нь зөв алхам болсон. Харин одоо бид ороо бэлдэх ёстой. 00-оо бэлдэх ёстой. Ингэхээр чинь нөгөө л нэг дэд бүтцийн асуудлууд руугаа эргээд орж байгаа биз. Үүнийгээ шийдэхгүйгээр бид жуулчин хүлээж аваад яах юм бэ. Болдог юм байна, болох юм байна гэдгийг бид харлаа шүү дээ. Гудамжны хоол гэдэг чинь зөвхөн хуушуур биш шүү дээ. Өнгөрсөн жил би үүнийг өөрийн биеэр үлгэрлэж, залуусаа сэдэлжүүлсэн гэж бодож байна. Бид саяхан гадаадын жуулчдаас нэг судалгаа авсан. Тэд “Улаанбаатарт ирэхээр хүүхэд насандаа очсон юм шиг санагдлаа” гэж ярьж байсан. Тиймээс бид хөгжөөгүй юм байна гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ тэдэнд амар амгалан мэдрэмжийг өгсөн байна. Одоо үүнийгээ хүлээн зөвшөөрч хотоо цэвэрхэн байлгаж, үйлчилгээгээ сайжруулах хэрэгтэй. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэг шүү дээ. Хөгжиж яах гээд байгаа юм бэ. Аялал жуулчлалын салбарын бодлогоо зөв тодорхойлж, кластераараа ажиллаж эхэлбэл уул уурхайгаас ч илүү мөнгө олох боломжтой.
-Ингэж ярихыг сонсоход сайхан байна. Гэхдээ тэр үе хэзээ ирэх бол?
-Дараагийн дарга гарч ирэхдээ өмнөх даргынхаа хийж байсан ажлыг үгүйсгэдэггүй, өөрийнхөө бодол, хандлагаар буцааж устгадаггүй болсон цагт тэр үе ирнэ. Бид өнөөдөр урагшаа нэг, хойшоо хоёр алхаад байгаа. Сонгуулийн он тоолол, намчирхал, жалга довын үзлээсээ салж байж, том, жижиггүй нийлж ажиллаж байж амжилтад хүрнэ.
-Та саяхан ХҮН-д элссэн байсан байх аа?
-Тийм ээ. Одоо ХҮН-ын нарийн бичгийн дарга хийж байна. Харин аялал жуулчлалын салбарт хийж байгаа ажлаа 10 жилийн өмнө эхэлж байлаа.
Сэтгэгдэл ( 4 )
bitii shaa dorjhandiin shaaltuur mni chi mii arai blgvi shv hoshnogo mni zgr naiz ohinoo ewteihen aldchihgvihen shig awaad yaw pzda mni
энэ залуу зөв санаа хэлж бна шдээ
Ишш! Бас төрд гарч 6 санаатай!
er em n medegdehgui ene hog yum yumruu usersen gui ee mun hun hund ad uzegdene chamtai ymar hun hamt ajillah ve dee yanaa ene hogiin hoichdiin amdral mun tac haranhuu udur bur hel yarij bgaa eruul uvchtein medegdehgui maltai hen hamt baina