Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэхдээ “Төрт ёс, түүх соёлын бахдам түүх, баялаг уламжлалтай Монгол Улс бол хүн төрөлхтний өнө эртний өлгий нутаг, нүүдэлчин хүчирхэг улс гүрнүүдийн ариун гал голомт, оюун санааны эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс билээ.
Монголчууд бид өдгөөгөөс 100 жилийн өмнө анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засгийг байгуулж, бүх нийтээрээ сонгох, сонгогдох эрхээ баталгаажуулж байсан бахдам сайхан түүхтэй ард түмэн. Тэгвэл түүхт ойн энэ жил манай ард түмэн ардчилсан төр засгаа улам бэхжүүлж, парламентат ёсоо төлөвшүүлэн, төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлаа анх удаа 126 гишүүнтэйгээр сонгон байгууллаа.
Сонгогч түмнийхээ итгэл найдварыг хүлээн, өргөн дэмжлэгийг авч, мянга мянган жилийн түүхтэй монгол төрийн алтан жолоог энэ цаг дор залгамжлан барилцахаар төр, түмэндээ тангараг өргөсөн Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд Та бүхэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс баяр хүргэж, төрийн их ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе” гээд “Ард түмний төлөөлөл болсон Та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг ямагт эрхэмлэн дээдэлж, ёс зүйн дээд манлайллыг үзүүлж, эвийг эрхэмлэн, журмыг сахиж, итгэл дааж, сэтгэл гарган улс Монголынхоо хөгжил дэвшлийн төлөө хүчин зүтгэх учиртай.
Та бүхэн түмэн олныхоо итгэл найдварыг чинхүү зүтгэлээр хариулж, ард түмнийхээ олгосон “Төрийн түшээ” хэмээх эрхэм нэр төрийг өндөрт өргөж яваарай” гэж захисан нь наадамчин олны сонорт гойд тод туслаа. Энэ үг төрийн эрэмбэ дараа, ёс хүндэтгэл уламжлал ёсоор сэргэж, ард түмний хүндэтгэл, хараа хяналтыг сэргээсэн зүйл боллоо хэмээн наадамчин олон хөөрөлдөж байна.
Сэтгэгдэл ( 0 )