Оросын Курск мужид Украины Зэвсэгт хүчний явуулж буй цэргийн ажиллагаа 14 дэх өдрөө үргэлжилж байна. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський цэргийн ажиллагааны зорилгыг Оросын нутаг дэвсгэрт буфер бүс байгуулах явдал хэмээн мэдэгдэв. Украиныг дэмждэг өрнөдийн удирдагчид ажигласан байр суурьтай байгаа хэдий ч өрнөдийн нийлүүлсэн зэвсгийг ашиглах боломжийг үгүйсгэхгүй байна.
Наймдугаар сарын 6-ны өглөө Украины Зэвсэгт хүчин Оросын Курск муж руу цөмрөн орж, одоогоор нэг мянга гаруй кв. км газар нутгийг эзлээд байна. Украины давшилтыг зогсоох гэсэн Москвагийн оролдлого одоогоор амжилт олоогүй байна.
Вашингтон дахь “Атлантын зөвлөл” төвийн шинжээчид Украин юу сэдэж, цаашид юу болох талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ. Энэ үеэр Украины батлан хамгаалахын сайд асан Андрей Загороднюк Украинд бусдын газар нутгийг эзлэн түрэмгийлэх зорилго байхгүй гээд цэргийн ажиллагааны зорилго биелэхэд Киев цэргээ гаргана гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр “Украинд Оросын газар нутаг хэрэггүй. Энэхүү ажиллагаа нь анхаарлыг сарниулах зорилготой гэж үзэж байна. Хэрэв энэ зорилтдоо хүрч чадахгүй бол, тухайлбал, Оросын тал Украины мужуудаас цэргээ татахгүй бол Украин давшилтаа үргэлжлүүлсээр байх болно” хэмээн онцолжээ. Түүний үзэж буйгаар, Орос чухал сонголтын өмнө тулж ирээд байна. Донбассаас цэргээ татаж, Курск руу илгээх эсвэл газар нутгаа алдсаар байх гэсэн сонголтын өмнө ирээд байна.
Украины цэрэг Курс мужид амжилттай цөмрөн орсон нь Путины системийн сул талтай холбоотой гэж “Deutsche Welle” тоймч Константин фон Эггерт онцолжээ.
Украины Зэвсэгт хүчний ажиллагаа энэ үе шатад амжилттай явж байгаагийн нэг шалтгаан нь Москва өөрийгөө ялагдашгүй хэмээн итгэсэн явдал юм гэж Атлантын зөвлөлийн Евроазийн төвийн ахлах зөвлөх Дебра Каган үзэж байна. Тэрбээр, оросууд өөрсдийгөө ялагдашгүй гэсэн их зан гаргасан. Орчин үеийн цэрэг, дайны орон зай туйлын ил тод, нууц зүйл гэж үгүй гэсэн итгэл үнэмшил нь тэдний хувьд мөн ихэнх цэргийн стратегичдын алдаа болов. Түүнчлэн, Украиныг бие даасан тоглогч гэж хардаггүй тул Москвагийн хувьд гэнэтийн бэлэг байлаа. АНУ, Их Британи, Франц улсууд Украинд ийм зүйл хийхийг хэзээ ч зөвшөөрөхгүй гэж Москва үзсэн гэж Каган тодруулжээ. Украин ийм ажиллагаа явуулахдаа Киев зөвшөөрөл авдаг гэдэгт Оросын тал итгэдэг. Кремль, Украиныг тусгаар тогтносон, шийдвэр гаргах бүрэн эрхтэй улс гэдгийг мартсан гэж шинжээч үзэж байна.
Нөхцөл байдалтай холбогдуулан Украинд цэргийн тусламж үзүүлэх шаардлага нэмэгдэж байна гэж АНУ-аас Украинд сууж байсан элчин сайд Жон Хербст онцолжээ. Түүний хэлснээр, АНУ нь Украинд Оросын бүрэн хэмжээний цэргийн ажиллагаа эхэлснээс хойш зэвсэг нийлүүлж ирсэн. Украинд аль болох олон тооны F-16 сөнөөгч онгоц, ATACMS систем нийлүүлэх хэрэгтэй байна. Харин Украин хэрхэн үүнийг ашиглах нь улс төрийн маш нарийн асуудал хэмээн Хербст онцолжээ.
Константин фон Эггерт Украины ажиллагааны хариуд цөмийн зэвсэг хэрэглэнэ гэсэн Путины заналхийлэл бодит гэж үзэхгүй байна. “Тодорхой аюул бий хэдий ч байнга давтахад энэхүү заналхийлэл нь хүчээ алдаж эхэлдэг. Эцсийн бүлэгт энэ нь хий хоосон зүйл болж хувирдаг. Оросын мэдэгдэл ийм байдалд хүрээд байна” гэжээ. Оросын генералууд хүртэл тактикийн цөмийн зэвсэг хэрэглэхийг эсрэг зогсооно гэж фон Эггерт үзэж байна. Тэд үлдсэн амьдралаа бункерт өнгөрүүлэхийг зөвшөөрнө гэдэгт итгэхгүй байна гэжээ.
Украин улс гэнэтийн нүүдлээрээ гайхшируулсаар байх болно гэдэгт Андрей Загорднюк итгэлтэй байна. Украин нь дайнд ялах үр дүнтэй шийдлийг байнга эрэлхийлсээр байгаа гэж тэрбээр онцолжээ. “Урьдчилан таамаглахуйц үйлдэл хийснээр Украин амжилт олохгүй. Оросын жишээ ч үүнийг харуулж байна. Удирдлагын бүхий л түвшинд стандарт бусаар тулалдах хүчтэй хүсэл эрмэлзэл байна. Тиймээс цаашид ч Оросыг шинэ гэнэтийн бэлгүүд хүлээж байгаа гэж бодож байна” гэж Украины батлан хамгаалахын сайд асан онцолжээ.
Украины зорилго
Германы Мюнхений аюулгүй байдлын бага хурлын шинжээч Нико Ланге Украины Зэвсэгт хүчний цэргийн ажиллагаа амжилт гаргаснаар өрнөдийн үл итгэх байдал өөрчлөгдсөн хэмээн үзэж байна.
Нууцлалын ийм өндөр түвшин, ийм өндөр сахилга баттай цэргийн ажиллагаанд бэлтгэж, явуулж байгаа нь цэргийн шинжээчдийн бахархлыг төрүүлж байна.
Украин улс энэ тал дээр маш өндөр түвшинд хүрснээ харуулж байна гэж Ланге онцолжээ. Түүний ярьснаар, Украин нөөц хүчээ Оросын Курск мужид ашиглах уу эсвэл Донбассаа хамгаалахад дайчлах уу гэдэгт ихэнх шинжээчид эргэлзэж байсан. Украины Зэвсэгт хүчин амжилт гаргаж байгаа ч энэ сонголт байсаар байна. Харин Курскийн ажиллагаанд Украин нөөц хүчээ ашиглах ёстой байсан уу үгүй гэсэн хамгийн гол асуултын хариултыг цаг хугацаа өгнө гэж Ланге үзэж байна. Гэхдээ эхний дүгнэлтүүд гарч байна. Эерэг дүгнэлтүүд. Украин зөвхөн ухрах бус давших чадвартайг бид харж байна. Энэ бол маш чухал гэж Ланге онцолжээ.
Түүний ярьснаар, Оросын арми стратегийн чухал Торецк, Покровск, Часов Яр хотуудыг эзлэхээр ойртож байгаа тухай Донбассаас ирж буй сөрөг мэдээг тасалдуулснаар Украины цэргүүдийн хувьд сэтгэл зүйн хувьд том сэргэлт юм.
Түүнчлэн, Оросын цэргүүдийг олноор нь олзолсон нь Украины цэргүүдээр солилцох боломжийг нээж байна.
Трансатлантын батлан хамгаалах, аюулгүй байдлын хөтөлбөрийн захирал Кэтрин Сендак мөн Курскийн ажиллагааны бэлтгэлийг болон Украин нь Москвагийн сул талыг олж, ашиглаж, дэлхий дахинд харуулсныг өндрөөр үнэлжээ.
Түүний хэлснээр, Украин Оростой хэлэлцээ хийх хөшүүрэгтэй болж байна. Ерөнхийлөгч Владимир Путин үүнийг Киевийн зорилтуудын нэг байсан гэж мэдэгдээд ийм алхам амжилтад хүргэхгүй хэмээн ойлгуулсан. Курскийн ажиллагаагаар Украин хоёр зорилго агуулж байна гэж Сендак үзэж байна. Нэгт, цэргийн ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулж, дайн хэрхэн явагддаг талаарх ойлголтыг өөрчлөх чадвартай болохоо харуулсан. Хоёрдох зорилт нь Оросыг ухрах, дайнд хандах хандлагыг өөрчлөхөд хүргэх явдал юм.
Гэхдээ Киев эрсдэл үүрч байгаа. Оросын нөөц хүчийг хилийн өөр хэсэгт татах гэсэн зорилго бүтэх эсэх нь тодорхойгүй байна гэж Сендак онцолжээ.
Олон улсын хэвлэлүүдийн мэдээллээр, Орос цэргээ Курск муж руу татаж байна. Гэхдээ Донбассаас бус харин өөр чиглэлээс татаж байна.
Украин илүү их зэвсэг авах уу?
Украины Зэвсэгт хүчин Оросын Курск муж руу цөмрөн орсон эхний өдрөөс эхлэн Украины хэвлэлүүд энэхүү ажиллагаа нь зэвсгийн нийлүүлэлт нэмэгдэх үү, өрнөдийн зэвсгээр Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөх шалгуур болох уу гэсэн асуултыг тавьж эхэлсэн. Киев энэхүү ажиллагаагаараа түнш орнуудын итгэлийг сэргээхээр хичээж байна гэж Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгдсэн. Одоогоор зэвсгийг нийлүүлэлтээ нэмэгдүүлэх талаар нэг ч орон мэдэгдээгүй байна. Харин “Politico” хэвлэл АНУ Украинд алсын зайн тусгалтай далавчит пуужин нийлүүлэхэд “нээлттэй” байна хэмээн бичжээ.
Курскийн ажиллагаа нь илүү олон тооны зэвсэг нийлүүлэх шалтгаан болох эсэхэд Кэтрин Сендак эргэлзэж байна. АНУ Украинд олон тооны цэргийн техник, зэвсэг нийлүүлж байгаа. Курскийн ажиллагаатай зэрэгцэн Киев, түнш орнуудын хоорондын яриа хэлэлцээнд шинэ хэмжүүр гарсан ба бага багаар өөрчлөгдөнө гэж Сендак үзэж байна.
Путин цөмийн зэвсэг хэрэглэх үү?
Шинжээчид нөхцөл байдал хэрхэн өрнөх талаар таамаг дэвшүүлэхээс болгоомжилж байна. Ерөнхийлөгч В.Путин янз бүрийн хувилбаруудыг авч үзэж байгаа нь дамжиггүй. Ямар хариу барих нь одоогоор тодорхойгүй байна. В.Путин цөмийн зэвсэг хэрэглэх хувилбарыг сонгохгүй л болов уу гэж Сендак онцлоод украинчууд газар нутгийг удаан тогтоон барьж дийлэхгүй гэдгийг Путин тооцоолж байгаа.
Нико Лангегийн үзэж буйгаар, энэ сарын дунд үеэс эхлэн Украин Оросын армид хохирол учруулан Курск мужаас аажмаар ухарч эхэлсэн. Мэдээж хэрэг Киевт дайныг зөвхөн Украины нутаг дэвсгэрт бус Оросын нутаг дэвсгэрт явуулах нь илүү гэж Ланге онцолжээ.
Сэтгэгдэл ( 1 )
orson tseregvvd but tsohigdoj asar ih hohirol vzeed bgaa sh dee. ene bol svvvlchiin amia horlolt bolj bna ukrainii hubid odoo tend tseregee udaan barij chadahgui tul zugtahaas uur zvils vldsengui dee.. baruuniihan amjilt yriad bgaa vnendee tend yamar ch amjilt geheer yum algaa. tsereg davshiltaa zogsooj behlel;t barih geed chadahgui bnaa.bvh tehnikee ustguulij odoo ybgaraad bgaa l dee.