ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 18

Өнөөдөр 2024.09.18. Энэ оны 262 дэх өдөр бөгөөд он дуусахад 104 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 34 минутад мандаж, 18 цаг 59 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 17 хэм, шөнөдөө 0 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн усны хяналтын өдөр тохиож байгааа бол Азербайжанд Үндэсний хөгжмийн өдөр бол Хорватад Тэнгисийн цэргийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн улстөрч Роберт Бэннет, Португалийн Ерөнхийлөгч асан Жоржи Сампайю, Английн хөл бөмбөгч Питер Лесли Шилтон, Чехословак, Канадын хоккейч Петер Штястны, Францын зохиолч Бернард Вербер, Америкийн дугуйн уралдаанч Лэнс Армстронг, Америкийн жүжигчин Жэймс Марсден зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1958 оны энэ өдөр БНМАУ-ын Х.Чойбалсангийн нэрэмжит Их сургуулийн багш, оюутнууд империалист Америк Тайванийн эрэг орчим цэргээ байрлуулсныг эсэргүүцсэн цуглаан хийжээ. Империалист Америк дайны түрэмгийллээ даруй зогсоож, Тайванийн эрэг орчимд байрлуулсан цэргээ татаж авахыг шаардсан бичиг илгээв.

1990 оны энэ өдөр БНМАУ-ын Ерөнхийлөгчийн нэгдүгээр зарлигаар Цэргийн шинэ тангараг батлагджээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1932 оны энэ өдөр Хижаза болон Нежда Абдель Азиз ибн Сауд хаан хоёр хаант улсаа нэгтгэжээ. Тус улс Саудын Арабын хаант улс нэртэй болов.

1934 оны энэ өдөр ЗСБНХУ Үндэстнүүдийн лигт оржээ.

1947 оны энэ өдөр АНУ-ын Тагнуулын төв газар байгуулагджээ. Энэ өдөр АНУ-ын Агаарын цэргийн хүчин зэвсэгт хүчний тусдаа салбар болов.

1976 оны энэ өдөр Мао Зэдуныг оршуулжээ.

1981 оны энэ өдөр Франц улсад цаазын ялыг хориглов.

Билгийн тооллын 15. Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top