Улаанбаатарын намар өөрийн өнгө уянгатай. Богд уулын оройгоор хөнгөн манан хөшиглөж, саяхан ногоон байсан модод санчигнаасаа шарлаж, гүн тийшээ улбар шаргал, гүн хүрэн туяа цацан оройн нарны цацрагтай өнгө сүлэлдэн хорших нь үзэсгэлэнтэй. Яруу шүлэгч С.Буяннэмэхийн бийрийн үзүүрээр мөнхөлсөн шиг Хан ууланд
“Намрын улирал хэзээ боловч аргагүй хүрч ирнэ
Навч цэцэг намайг орхиод салхийг даган одно
Идэр эр модыг түшиж бугын дууг сонсоод
Өнгөрсөн үеийн түүхийг санаж сэтгэлийн дотор эмтэрнэ”.
Хотын гудамжны бөмбийтэл зассан модод өнгө өнгөөр алаглаад, улиас, хайлаасаас унасан шаргал навчис цэцэрлэгийн дундах явган замыг хучиж цардмал дээгүүр алхахад зөөлөн хивс дэвссэн мэт. Өвөлжин нийслэлийг бүрхдэг өтгөн манангийн улирал хараахан эхлээгүй агаад шил толин барилгууд намрын өнгөтэй хослон нэгэн чамин төрхийг бүрдүүлнэ. Охид, залуус намрын гоёлоо өмсөж, толгой өргөн бардам алхах нь хотын содон чимэг.
Туул голын дагуух хараахан хядуулж барилга байшинд зайгаа тавьж өгөлгүй үлдсэн бургасан шугуй хуврагийн өмсгөл адил алтан шаргал зүүсгэлд булхаж, цэнхэрлэн мяралзах голын усанд зүсээ тольдон салхины сэрчигнээнд бөхөлзөнө. Эдгээр бургас ирэх намартай эсэн мэнд золгох эсэхийг одоо хэлэхэд бэрх. Өндөр барилгын сууринд бууриа булаалган булга татуулаад, хотын гудамжаар ачуулан сүгсэлзэж аль нэг хогийн цэгийг зорьсон ч байх юм уу, таашгүй.
Сэтгэгдэл ( 1 )
Yasan gutrangi uzeltei surug bodoltoi novsh ve chi. Ter tuuliin burgasaar odoo hench oroldohgui za yu.\n