ОЛОН ӨНГӨ I “ШАГ ДУГ”-ын өрөө

2024 оны 10 сарын 29

Өдгөөгөөс 20 гаруй жилийн өмнө Монголын зохиолчдын эвлэлийн гуравдугаар давхрын мухрын өрөөний гэрэл асаалттай байх нь “Шаг, дуг”-ын /Шатар тоглохыг ийн нэрийднэ/ ажил ид дундаа өрнөж байна гэсэн үг.

Б.Төрбат багшийн даалгавраар мартсан зүйлийг нь авахаар дээш гарвал Д.Пүрэвдорж ахайтан шог зохиолч Заяатын Ядмаа ахтай “Шаг дуг” хийж сууна. Маргааш нь хичээлдээ ирэхэд Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч ахтай “Шаг, дуг” хийж суугаа нь гэртээ харьж хонов уу гэмээр байдаг сан.

Өдөр хэрд ямар нэгэн шалтаг гаргаад яваад ороход Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнтэй “Шаг дуг” хийгээд манарсан цэнхэр утаан дунд сууж байна. Бидний хэдэн оюутнууд хэсэг манаргаж аваад сургуулиас гарахын үед Д.Пүрэвдорж багш Даваасүрэнгийн Чинзориг ахтай “Шаг дуг” хийж сууна. За тэгээд Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн гуайгаас эхлээд “Шаг дуг”-ын өрөөнд ажил өрнүүлээгүй хүн цөөхөн байх. Энэ мэтээр “Шаг дуг”-ын ар талд өдөр өнгөрөх нь цөөнгүй. Ингэхдээ тэд зүгээр ч нэг шаг дуг хийгээд байдаггүй. Өнөөх л уран бүтээл, амьдрал ахуй гээд юу эсийг ярих билээ.

Завсарлага авч, аяга цайгаа ууж, аанай л алиа марзан яриа тамхины цэнхэр утаатай хөшилдсөн энэхүү ”Шаг дуг”-ын өрөөнд орох ихээхэн дуртай байж билээ. Даанч бидэнд дур зоргоороо ороод байх боломж хомс юм даа. Түүнээс бус “Шаг дуг”-ын өрөөнөөс эрдэнэ ч шүүрдэж мэдэхээр тийм өргөө байсан. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top