Балба эмэгтэйчүүдэд ямар хувьслын өөрчлөлт гарсныг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 04

 

АНУ-ын Жорж Мэйсоны их сургуулийн эрдэмтэд Балбын өндөр уулын бүсэд амьдардаг хүн амд хувьслын явцад байгалийн шалгарал явагдсан шинж тэмдгийг илрүүлжээ.

Эрдэмтдийн баг Төвөдтэй хил залгаа Дээд Мустанг бүсийн тосгодын 46-86 насны 400 гаруй эмэгтэйчүүдийн бие физиологийн үзүүлэлтүүдийг судалсан байна. Тэд далайн түвшнээс 3500-4100 м өндөрт амьдардаг. Өндөр уулын бүсэд амьдардаг хүмүүс агаарын нам даралтын нөхцөлд амьдардаг. Үүний улмаас тэдний бие организм дахь хүчилтөрөгчийн хэмжээ бага байдаг байна. Хүчилтөрөгчийн дутагдал нь амьсгал давчдах, ухаан балартахаас авхуулаад аминд аюултай уулын өвчин, тархи хавагнах зэрэг өвчин үүсгэдэг байна.

Судалгаагаар өндөр ууланд амьдардаг бүсгүйчүүдийн төрөлт, бие физиологийн өөрчлөлтүүд, ДНХ зэргийг судалжээ. Улмаар олон хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн цусан дахь хүчилтөрөгч тээвэрлэгч гемоглобины хэмжээ ижил болохыг тогтоосон байна. Гэхдээ тэдний гемоглобин нь цөөн хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийнхээс илүү хүчилтөрөгч тээвэрлэх чадвартай байжээ. Түүнчлэн, олон хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн уушгины цусны урсгал илүү хүчтэй, зүрхний зүүн ховдол илүү өргөн болохыг илрүүлсэн байна. Зүүн ховдол өргөн байнга гэдэг нь зүрхний нэг шахалтаар хүчилтөрөгчөөр ханасан цус илүү хэмжээгээр эсэд очно гэсэн үг. Үүний сацуу, эмэгтэйчүүдийн 80 орчим хувьд EPAS1 гений хувилбар илэрчээ. Энэхүү ген нь цусан дахь гемоглобины хэмжээг бууруулдаг байна. Энэхүү үзэгдэл нь эрдэмтдийг гайхшируулсан байна. Гемоглобины хэмжээ бага байх нь тэр их хэмжээний хүчилтөрөгчийг цусаар дамжуулах боломжгүй. Харин гемоглобины хэмжээ их байхад цус өтгөрч, архаг уулын өвчин үүсэх шалтгаан болдог байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top