Адуу мал, айраг идээтэй байна гэдэг аав ээжийн минь л буян. Өртөөлөн өвлүүлсэн өвөг дээдсийн минь л заяа. Ах, эгч нарын минь зүтгэл. Өвөлжөө нь өнөтэй, хаваржаа нь ханатай давсаар ирэв. Өвс хадлан, гар тэжээл, хүчит тэжээл гээд өөрсдөө бэлтгэнэ. Өвөлжөөний хашаа нь өвөлд жавар нэвтрэхгүй цайз байв. Аав, ээжийн авшгийг тогтооно гэдэг амаргүй даваа. Идэш болно. Зил-130 машинаар л нэг идэш хотод амьдран суугаа үрс бидэндээ, айл бүрт ирдэг байлаа.
Ээж аавын амьд ахуйд шүү. Зөвхөн идэшний бяруу, шүдлэн явуулаад зогсохгүй, хонины мах, түүхий тос, ааруул хурууд, амтат өрөм, шар тос, монгол шимийн архи, аарц, бяслаг, ээзгий тэргүүтэн хавсарч илгээнэ. Харин ээжээс хойш энэ буцалтгүй тусламж цуцлагдаж, бэлэг ээжтэй минь хамт одож, одоо ч эргэж ирээгүй. Ээ дээ, аав, ээжийн хишиг буяныг гүйцнэ, тогтооно гэдэг их л амаргүй даваа байдаг юм байна даа.
Тэнгэрт байгаа аав, ээж минь тэвдсэн үед л их санагддаг юм даа.
Сэтгэгдэл ( 0 )