БНСУ Монгол Улсаас энэ жил 5000 хүнийг ажиллах хүчээр авахаар болсон билээ. Харин өчигдрөөс 21 аймаг, есөн дүүргээс БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэх ажил эхэллээ. Бүртгэл гурван өдөр үргэлжлэх бөгөөд өдөр бүр 09.00-13.00, 14.00-18.00 цагийн хооронд явагдах юм. Ажиллах хүсэлтэй иргэд Солонгос хэлний мэдлэгтэй, 18-39 насны, тус улсаас албадан гаргах захирамж гаргуулж байгаагүй, элэгний В, С вирус, ДОХ, тэмбүү, сүрьеэ өвчнөөр өвдөөгүй байх гэсэн шаарддага тавьж байгаа ажээ. Бүртгэл дууссаны дараа хэлний шалгалт авах өдрийг ирэх сарын 18-нд олон нийтэд мэдээлэх юм байна. Сүхбаатар дүүргийн бүртгэлийн ажил хэрхэн явагдаж байгаа талаар Сүхбаатар дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Д.Сүхбат, бүртгүүлхээр зогсож байсан иргэн М. Амартөвшин нараас тодруулсан юм. Сүхбаатар дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга
Д.Сүхбат:
-Бүртгэлийн ажиллагаа хэр ахицтай явагдаж байна вэ?
-Энэ жилийн бүртгэлийн хугацаа бол 26-28-ны хооронд явагдах байгаа. Өнөөдрөөс /өчигдрөөс/ эхлээд ажлын цагаар ажиллаж байна. Сүхбаатар дүүргийн хэмжээнд 400 хүн гаргана. Энэ хүмүүсийн 300 эрэгтэй, 100 эмэгтэй хүн байна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Бүртгүүлэх гэж буй хүмүүс 3,5х4,5 хэмжээтэй өнгөт цээж зураг хоёр, 30000 төгрөгний хураамж төлнө. Мөн гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхтэй ирэх хэрэгтэй.
-Энэ жилийн бүртгэлийн ажиллагаа хэр ачаалалтай байна?
-Энэ жил бүртгэлийн ажлыг НХХЯ Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдээр дамжуулж тухайн орон нутагт нь явуулж байгаа. Үүний ачаар ачаалал их багассан. Манай дүүргийн хэмжээнд эхний өдөртөө 500 гаруй хүн гадаа цуглаад байна. Өмнөх жилүүдэд хийгдэж байсан нэгдсэн бүртгэлээсээ илүүтэй харьялагдаж байгаа орон нутаг, дүүрэгтээ тус тусдаа бүртгүүлж байгаа болохоор ачаалап бага, мэдээлэл нь ч хүртээмжтэй, илүү үр дүнтэй байна. Бичиг баримтийн зерчил ч харьцангуй бага байна.
-Энэ жил Монголд тэнцсэн иргэдийг Солонгост бас эрүүл мэндийн үзлэгт оруулна гэсэн. Энэ талаар иргэд хэр мэдээлэлтэй байна вэ?
-Ерөнхийдөө энэ талаар мэдээлэл, ойлголт тун бага байгаа. Есөн сар дөнгөж гаргаад Солонгос хэлний шалгалт авна. Тэгээд эрүүл мэндийн үзлэг явагдана. Тэнцээд хөдөлмөрийн бирж дээр бүртгэгдээд ажилд орох болсон иргэд Солонгос Улсад дахиад эрүүл мэндийн үзлэгт орно. Монголд эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн ч гэсэн Солонгост очоод тэнцэхгүй байх магадлалтай. Бид хэлтсийнхээ хүрээнд иргэддээ хэлний шалгалт, бичиг баримтын зөрчил болон эрүүл мэндийн үзлэгийн талаар маш сайн зөвлөгөө өгч иргэн бүртэй тулж ажиллаж байгаа.
Иргэн М. Атартөвшин:
-Та хэр удаан хугацаанд зогсож байна вэ?
-Би энд өчигдрөөс/уржигдараас/ хойш зогсож байна. Шөнө эндээ хоносон.
-Зохион байгуулалт сайн байна уу? Хэчнээн хүн хоносон бэ?
-Бусад дүүргүүдээ бодвол зохион байгуулалт сайн байна. Шөнө 300 гаруй хүн хоносон.
Зөвхөн нэг дүүргийн хэмжээнд байдал ийм байв. Энэ мэт хонож өнжсөн дараалал дүүрэг бүрийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн газрын гадаа үүч байсан юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )