“Хадгаламж” банк хамгийн олон салбартай нь боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 27

"Монголын банкны салбарын сэргэн мандалтын үе эхэллээ" хэмээн өнгөрсөн оноос эхлэн алга ташиж эхэлсэн. Энэ нь иргэдийн банкинд итгэх итгэл илтэд сэргэж, хадгаламжийн хэмжээ эрс нэмэгдсэнээр илэрч байна хэмээн судлаач, ажиглагчид дүгнэж байв. Ямартай ч "Анод"-ын араас азгүй заримыг нь явуулчихгүй байхыг хичээж Монгол банкнаас тодорхой зоригтой арга хэмжээ авсны үр дүн гарсан бололтой. Монголын банкны салбар хямралаас гарахын өмнөхөн чамлахааргүй саад, бэрхшээлтэй тулгарсан. Тэдний нэг нь "Хадгаламж" банк. Тухайн үед үүсэн нөхцөл байдлаа харилцагч, хадгаламж эзэмшигчдээсээ нуух бус, энэ тохиолдолд "Монгол шуудан" банктай нэгдсэнээр хүнд байдлаас гарч чадна гэж үзэж, үндэслэлээ олон нийтэд танилцуулж, хэвлэлийн бага хурал хийлгэж байсныг санаж байна. Цагаа олж, зоригтой зөв алхам хийсний дүнд "Хадгаламж" банк тун богино хугацаанд сэргэж чадсан. Өнгөрсөн оны долдугаар сард л гэхэд "Анод" банкинд хадгаламжтай харалцагчдын  хохирлыг "Хадгаламж" банкнаас өгч барагдуулж эхэлсэн билээ. Төр, Монгол банк энэ талаар зохих дэмжлэгийг үзүүлж, "Монгол шуудан"-д нэгдсэн "Хадгаламж" банкийг сөхрүүлэх бус сэргээхэд анхаарал тавьж байлаа. Энэ бодлогын үр дүнд эдүгээ дүрмийн сангийн хэмжээгээрээ Монголын банкны салбартаа тэргүүлж буй. Тодруулбал, "Хадгаламж" банкны дүрмийн сангийн нийт хэмжээ одоогоор 252.1 тэрбум төгрөгт хүрээд байна. Энэ нь төлбөр түргэн гүйцэтгэх чадварын голлох үзүүлэлт болж, саяхнаас "Хүний хөгжил сан"-аас иргэн бүрт олгож буй 21 мянган төгрөгийг тус банкаар дамжуулан олгох болсон. Яг энэ үеэр "Хаан" банк уг мөнгийг олгохоос татгалзсан уу, аль эсвэл төрөөс "Хадгаламж" банкинд давуу эрх олгочихов уу гэсэн маргаантай асуудал үүсч, хоёр банк ээлжлэн мэдэгдэл хийж байв. Ямартай ч дээрх хоёр банкны аль нь ч хууль бус үйлдэл хийгээгүй. Тэр тусмаа "Хадгаламж" банк Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай байгуулсан гэрээний дагуу энэ сарын 18-наас эхлэн 21 мянган төгрөгийг олгож эхлээд байна. "Хадгаламж" банкны Бөмбөгөр дэх салбараар өчигдөр очиход 21 мянган төгрөгөө авах болон бусад үйлчилгээ авахад харилцагчдад ямар ч саадгүй үйлчилж байгааг харлаа. Тус банкны ажилтнууд одоо цагт ховордсон "Хэрэглэгчээ тосч үйлчлэх" зарчмаар ажиллаж, "Та 21 мянган төгрөгөө авах гэж байна уу, наашаа ир" гээд жигтэйхэн уриалгахан байна лээ. Дандаа ийм байдаг газар ч юу л бол. Сэтгэлд таатай санагдсаныг нуугаад яахав. Магадгүй "Хадгаламж" банкны энэ давуу талыг нь харгалзан үзээд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас иргэдэд хувь хишиг тараах үйлчилгээг тус банкаар гүйцэтгүүлэхээр гурвантаа санал тавьсан ч байж болох юм. Цаад нарийн учрыг эс мэдэх ч одоогоор хамгийн их хэмжээний дүрмийн сантайд нь найдсан нь ойлгомжтой. "Хадгаламж" банкны удирдлагууд дээрх саналыг яагаад удаа дараа хүлээж авахгүй, буцаагаад байсныхаа учрыг тайлбарлахдаа "Тус банк нийслэлд 500 орчим мянган хүнд, хувь хишиг авагчдын талаас илүү хувьд үйлчилдэг болохоор өндөр ачаалал үүрэх болсон" хэмээн тайлбарлаж байсан. Гэвч эцэст ньтөрийн байгууллагын итгэл найдварыг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн юм билээ. Хэдийгээр хоёр банкны халшраад байсан гол зүйл нь иргэдийн нягтрал ихтэй цөөн хэдэн хорооноос улбаатай ч одоогоор аль аль нь төрийн хишгийг тараахаас төдийлөн татгалзахгүй байгаа гэж ойлгогдож байна. Түүгээр ч барахгүй "Хадгаламж" банк нь Хөдөлмөр, халамж, нийгмийн үйлчилгээний шугамаар иргэдэд олгодог "Хүний хөгжил сан"-гийн мөнгөнөөс гадна бусад тэтгэвэр, халамжийн мөнгийг ч нэг цэгээс цогцоор олгож байгаагаараа иргэд харилцагчиддаа таашаагдаж байгаа юм. Энэ цогц үйлчилгээг үзүүлэхийн тулд тухайн банк аймаг, сум, дүүрэг бүрт салбар нэгжтэй байх шаардлагатай байсан. Уг шаардлагыг хангах хоёрхон банк буйн нэг нь "Хадгаламж". Тус банк анх байгуулагдсан цагаасаа иргэний зээлийн үйлчилгээн дээр дагаж ажилласан. Тэр тусмаа тэтгэвэр, халамжийн үйлчилгээг үзүүлж ирсэн баялаг туршлагатай. Мөн программ хангамж, ажиллах нөөц бололцоо, боловсон хүчин, байршлын хувьд ч хэдийнэ бэлтгэгдчихсэн байснаараа давуу талтай. Тиймээс үйл ажиллагааг жигдрүүлэх, үйлчилгээнд бэлтгэх зэрэгт тусгайлан цаг хугацаа, хөрөнгө, хүч зарцуулах шаардлагагүй юм. Гэхдээ "Хадгаламж"-ийнхан төрөөс хүлээлгэсэн өндөр итгэл найдварыг бүрэн биелүүлж, харилцагчдынхаа өмнө нэр хүндээ хамгаалахын тулд гар хумхилгүй өөрчлөлт хийсээр байгаа. Тухайлбал, 21 мянган төгрөгийг олгох болсноор шинээр 87 нэгжийг нэмж байгуулан одоогоор 478 салбартай болж, 331 ажлын байрыг шинээр бий болгожээ. Хэдийгээр өнгөрсөн он жилүүдэд "Хадгаламж" банк унаж босч, сөрж тэмцсээр өдий хүрсэн ч монголчуудын хайртай, хамгийн олон жил харилцсан банк яах аргагүй мөн гэдгээ харууллаа. Тиймээс ч иргэд "Хадгаламж"-аас төрийн хишгээ хүртэж байгаадаа баяртай байна. Монголбанкны ерөнхийлөгч нэгэнтээ "Арилжааны банкууд сайн дураараа нэгдэн хүчирхэгжсэн тохиолдолд шагнаж урамшуулна" гэж хэлсэн байх аа. Энэ нэгдлийг хүчээр буй болгож болдоггүй. Харин хүсэл зорилгоороо нэгдсэн тохиолдолд ямар үр дүнтэй ажиллаж, амжилтад хүрч болдгийг ердөө хоёрхон жилийн өмнө төлбөр гүйцэтгэх чадварын хувьд хүндэрчихээд байсан "Монгол шуудан", "Хадгаламж" банкны бүтцийн өөрчлөлтийн явц харууллаа. Юутай ч "Хадгаламж" банкныхан ард түмнээ хар, бороор нь ялгаварладаггүй, жинхэнэ түмний банк болохоо харуулчихлаа.

Эх сурвалж: Монголын мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top