Их Британийн засгийн газар 2025 оны дөрөвдүгээр сарын 6-нд эхлэх санхүүгийн шинэ жилд цэргийн зардлаа ДНБ-ний 2,36% хүртэл нэмэгдүүлнэ гэж Financial Times сонин мэдээлжээ.
Тус сонинд тэмдэглэснээр, Их Британийн Сангийн сайд Рейчел Ривс тус улсын парламентын Төлөөлөгчдийн танхимд гуравдугаар сарын 26-нд үг хэлэхдээ цэргийн төсвийг 2,2 тэрбум фунт стерлинг (2,9 тэрбум ам.доллар) хүртэл өсгөх тухай зарлах юм байна. Ингэснээр тус улсын цэргийн зардал ирэх санхүүгийн жилд бараг 2,4%-д хүрэх ажээ. Цэргийн зардлыг ингэж нэмэгдүүлэх хөрөнгийг олон улсын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хөтөлбөрүүдэд зарцуулах төсвөөс гаргаж авах юм байна.
Их Британийн эрх баригчид цэргийн зардлаа 2027 он гэхэд ДНБ-ний одоогийн 2,3%-иас 2,5% хүртэл өсгөнө гэж тус улсын ерөнхий сайд Кир Стармер хоёрдугаар сарын 25-нд зарласан билээ. Алсдаа Лондон цэргийн зардлаа ДНБ-ний 3 хувь хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )