Монгол эмэгтэйчүүдийн биеэ үнэлэх нь албан ёсны “хөдөлмөр” болов

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 28

  

Хэдэн жилийн өмнө Бельги улсын парламентын гишүүдийн дунд нэгэн сонирхолтой маргаан өрнөжээ. Юув гэвэл, эмэгтэйчүүдийн биеэ үнэлэх нь албан ёсны хөдөлмөр мөн үү гэсэн асуулт тавигдсан байна. Парламентийн нэгэн гишүүн босч ирээд хүний эрх, эрх чөлөөний талаар баахан ярьж “Ер нь эмэгтэй хүн биеэ үнэлж мөнгө олох нь нэг ёсондоо тэдний хөдөлмөрийн үнэлэмж” ухааны юм ярьжээ. Үүнээс болоод маргаан улам ширүүссэн байна. Мань эрийг дэмжигчид ч олширох янзтай. Тэдний энэхүү мугуйд санаа бодлыг няцаахаар өөр нэг гишүүн нь парламентын даргадаа хандан “Та өөрийн эхнэр юм уу, охиноо ийм хөдөлмөр эрхлэхийг санал болгож чадах уу” хэмээн асуужээ. Эрхэм спикер юу ч дуугарч чадсангүй. Ингээд эцэст нь эмэгтэйчүүдийн биеэ үнэлэх явдлыг таслан зогсоох талаар цэгцтэй бодлого боловсруулан гаргахаар болсон байна.  Гэтэл манайд эмэгтэйчүүд биеэ үнэлэхийг хуулиар хорьсон хэдий ч тэдний эгнээ улам залуужиж, тэлсээр байгаа юм. Охид бүсгүйчүүд хаанахын ямар эрчүүд мөнгөтэй вэ гээд гүйлдэх болж. Нийслэл хотод тэдний цугладаг цөөн хэдэн газар байлаа. Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэг, Боловсролын их сургуулийн хажуугийн автобусны буудал, Баянгол зочид буудал гэх мэт. Тэгвэл сүүлийн жилүүдэд Саппоро, Цамбагарав, “Irish” болон том, жижиг зочид буудлуудыг тэд эзэгнэх болжээ. Хөдөөгийн аймаг, сумын төвүүдэд ч бас ялгаагүй, тэдний өрөөсөн дугуйнууд олон. Харин хөдөөгийнхөн хаа очиж ил задгай талбайд өдөржин, шөнөжин зогсдоггүй.

            Мөн уул уурхайн компаниуд биеэ үнэлэгчдийн орогнох газар болов. Ялангуяа Өмнөговь, Сүхбаатар, Дорнод, Өвөрхангай, Архангай зэрэг аймгуудад үйл ажиллагаа явуулж буй томоохон алт, зэс болон бусад металлын хайгуул, олборлолт хийж байгаа компаниуд руу тэдний зам зурайжээ.  Оюу толгойн орд хавилдуу нэлээд өндөр чансаатай биеэ үнэлэгчид очдог бололтой. Чансаа гэснээс биеэ үнэлэгчид хэсэг бүлгээрээ нэгдэж, хоорондоо өрсөлдөх маягаар биеийн галбир төрх, бэлгийн чадамж зэргээр чансаагаа тодорхойлдог гэнэ. Оюу толгойд ажиллаж байгаа Хятад, Монгол эрчүүд голцуу нэг нэг сараар ээлжлэн байрлаж, тэндээсээ хоол унд мэтийн бүх хангалтаа авдаг. Сүүлийн үед тэдний дунд бэлгийн замын халдварт өвчин ихсэх төлөвтэй гэж мэргэжлийн эмч нар дүгнэж байна. ДОХ-ын халдвар тээгчдээс Оюу толгойг зорьж байгаа бололтой. Хятад ажилчдын дунд халдвар тээгч байхыг  үгүйсгэх аргагүй. Монгол эрчүүд дунд ч бас ийм гай таригч яваа эсэхийг таахад бэрх. Таван толгойн орд руу ч биеэ үнэлэгчид бас очиж байгаа гэнэ. Хүнд даацын машины жолооч нар кабиндаа биеэ үнэлэгчдээс ганц нэгээр нь авч явах тохиолдол цөөнгүй. Бүсгүйчүүдэд бэлэн мөнгө хэрэгтэй. Гэвч заримдаа нүүрс тээврийн жолооч нарт тэр нь байхгүй. Ийм нөхцөлд биеэ үнэлэгч бүсгүйчүүд шууд дизель түлшээр тулж, тохиролцох явдал гардаг байна.

            Харин гараар алт олборлогсдын “арми” бол тэр чигээрээ биеэ үнэлэгчдийн хөдөлмөрийн талбар болсон гэлтэй. Бороогийн алтны уурхайгаас тэр жил хэсэг бүсгүйчүүдийг цагдаагийнхан баривчилж байлаа. Сүүлдээ дийлэхээ больсон гэдэг. Монголын хаа сайгүй  нинжа нар тархан ажиллаж байна. Говь-Алтайд гэхэд дор хаяж 1000 орчим нинжа бий. Өвөрхангайн нинжа нар арай цөөрсөн ч мөн тэр анзааны хүн байгаа гэсэн. Ингээд тоолоод байвал улсын хэмжээнд 100 гаруй мянган нинжа байгаа гэх албан бус мэдээтэй. Тухайн газар нутаг дээр нь биеэ үнэлэгчдийн орогнодог тусгайлсан гэр, оромж цөөнгүй ажээ.  “Нинжа” эрчүүд  мөнгөгүй үедээ шууд л олсон алтнаасаа хөлсийг төлнө. Алтны том жижгээс шалгаалан тэдний дунд “бух”-аар явах уу гэсэн өвөрмөц хэллэг ч гарчээ. Энэ нь тэдэндээ л хамгийн томоохон хэмжээний буюу хонины хорголыг тав, зургаа хуваасантай тэнцэхүйц алт бололтой. Тэрхүү “Бух”-аар биеэ үнэлсэн бүсгүй нь нэг багийн эрчүүдтэй нэлээд хэд хонох “хууль”-тай юм билээ.  

            Ийнхүү биеэ үнэлэгчид Монголд буурахгүй байна. Энэ талаар төр, засгаас зохион байгуулах ажил ч тун хомс ажээ. ДОХ-ын халдвар авсан хүний тоо өссөөр байгаа. ОХУ-д 8 сая, Хятадад 10 сая хүн ДОХ-ын  халдвар тээгээд явж байгаа. Монголын биеэ үнэлэгч бүсгүйчүүд хил даван бэлгийн мөлжлөгт өртөх нь бүр энүүхэнд. Зарим нь зохион байгуулалтайгаар Орос, Хятад руу явцгааж бэлгийн замаар мөнгөжихийг хүсдэг боллоо. Үүний уршгаар тэд бэлгийн мөлжлөгөөс гадна хар тамхи тээвэрлэгч, хэрэглэгчид болж буйг анхаарахгүй байх аргагүй. Энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд, төрийн байгууллагуудтай хамтраад нэгдсэн хүч, боломжоо ашиглах цаг болжээ. Эсвэл тэднийг “Энэ бол эмэгтэйчүүдийн албан ёсны хөдөлмөр” гээд зөнд нь хаях уу. 

Б.Отгонбаяр

Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top