Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патил-тай албан ёсны хэлэлцээ хийлээ. Яриа хэлэлцээ ажил хэрэгч, бүрэн ойлголцсон, элэгсэг дотно уур амьсгалд болж өнгөрсөн хэмээн албаны хүмүүс дүгнэж байна. Хоёр тал 2009 онд БНЭУ-д болж өндөрлөсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаас хойш Монгол, Энэтхэгийн харилцаанд гарсан ахиц дэвшлийг дүгнэж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүсн утаг, олон улсынтавцанд хамтран ажиллах асуудлаар санал солиллоо.
Хоёр улсын Ерөнхийлөгч талуудынхүч чармайлтын дүнд улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын харилцаа идэвхжиж, эрдэс баялаг, уул уурхайн салбарт бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны эхлэл сайн байгааг онцлон тэмдэглэж цаашид хоёр орны хооронд цөмийн эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, соёл боловсрол, эрүүл мэнд мөн шинжлэх ухаан, мэдээлэл технологийн салбар дахь хамтын ажиллагааг дэмжиж ажиллах, мөн нийгмийн хамгаалал, байгаль орчин болон орон нутаг хоорондын харилцаа холбоог хөгжүүлэхээр тохиролцлоо.
Хоёр тал Улаанбаатар хотод Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн Монгол-Энэтхэгийн хамтарсан төв байгуулахад зориулж БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгохоор шийдвэрлэсэн 20 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцлоо.Энэтхэгийн тал хоёр орны хооронд соёлын салбарт 2009-2012 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Энэтхэгт суралцах Монгол оюутны тоог жилд 50 хүртэл нэмэгдүүлэх, мөн Энэтхэгийн техник эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт хамрагдагсдын тоог жилд 150-д хүргэхээр шийдвэрлэснээ мэдэгдэв. Түүнчлэн хоёр тал Энэтхэг-Монголын хамтарсан сургууль байгуулах, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын сургууль, Важпайн нэрэмжит Мэдээлэл, холбооны технологийн төвийн сургалтын баазыг шинэчлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.
Хоёр орон бүс нутаг, олон улсын тавцанд бие биенээ дэмжиж хамтран ажиллаж ирсэн уламжлалаа бататгахын хамт, Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах хугацаанд бүс нутагт ардчиллыг бэхжүүлэх, ялангуяа ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг БНЭУ-ын Ерөнхийлөгч бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Б.Анар
Zinda.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )