Боксчин бүсгүй гэрлэснээсээ хойш 14 хоногийн дараа өөд болжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 23


Их Британийн боксчин, Дэлхийн залуучуудын АШТ-ий мөнгөн медальт мөн Европын залуучуудын АШТ-ий мөнгөн медальт Жоржиа О`Коннор 25 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн талаар Их Британийн хэвлэлүүд болон The Ring сэтгүүл мэдээллээ.

Жоржиа О`Коннор сүүлийн хэдэн сарын хугацаанд бүдүүн гэдэсний хорт хавдартай тэмцэж, хүнд өвчнөө даван туулахыг хичээж байсан юм.

Тэрбээр хэдхэн хоногийн өмнө сошиал хаягтаа хуримын бөгжтэй зураг оруулаад “Энэ насныхаа хайртай гэрлэсэн өдөр минь” хэмээн тайлбар бичсэн байсан юм.
 


Тэгвэл гэрлэснээсээ хойш 14 хоногийн дараагаар Жоржиа О`Коннорын агент “Гашуудал, харуусалд гүн автлаа. Жоржиа О`Коннор рингэнд ч, рингний гадна ч хүнд хэцүү тулаан хийж байлаа. Тэр жинхэнэ дайчин баатар байсан. Авъяаслаг, зоригтой, шийдэмгий залуухан тамирчнаа боксын ертөнц үүрд алдлаа” хэмээн мэдэгджээ.

Жоржиа О`Коннор сонирхогчдын боксоос мэргэжлийн бокс руу шилжин, гурван тулаан хийхдээ бүгдэд нь ялалт байгуулсан юм. Мөн таэквондогийн Их Британийн гурван удаагийн аварга бүсгүй байлаа.
 


“Өвчний онош тавьсны дараа Адриано маань огт эргэлзэлгүйгээр ажлаасаа гарч, хамтдаа тэмцэхээр шийдсэн. Намайг аврахын тулд бүхнийг хийж эхэлсэн. Би хэзээ ч ийм хайрыг мэдэрч байгаагүй. Шантрашгүй, эргэлзэшгүй ийм хайр байдаг юм байна. “Юу ч боллоо гэсэн хоёулаа хамт байна” гэж надад хэлсэн. Шөнө хичнээн түнэр харанхуй байлаа, ямар ч зовлонтой өдөр тулж ирлээ ч надад тэр минь байна.

Адриано, чи бол супер баатар. Чи бол намайг хамгаалагч. Миний чин сэтгэлийн эрдэнэ. Чамдаа хичнээн хайртайгаа илэрхийлэх үг олдохгүй юм... ” гэж Жоржиа О`Коннор нөхөртөө зориулан бичиж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu