Цэргийн зардлын төсвийг баталжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 09 сарын 12

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим лхагва гарагт тус улсын 2026 оны санхүүгийн жилийн цэргийн зардлын төсвийг 900 тэрбум орчим ам.доллароор баталсан байна.

Төсвийн тухай хуулийг Төлөөлөгчдийн танхимын 231 гишүүн дэмжиж, 196 хууль тогтоогч эсэргүүцсэн ажээ. Конгрессын доод танхим гол төлөв намын харьяаллаар хоёр хуваагдсан байна. Төлөөлөгчдийн танхимд цөөнх болсон Ардчилсан намын 17 хууль тогтоогч хуулийн төслийг дэмжсэн бол Бүгд найрамдах намын дөрөвхөн хууль тогтоогч эсрэг санал өгсөн аж.

Хуулийн төсөлд мөн Украинд цэргийн тусламж үзүүлэхэд зориулж 400 сая ам.долларын санхүүжилтийг тусгажээ. Энэ хөрөнгийг Украины аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх санаачилгын (Ukraine Security Assistance Initiative, USAI) шугамаар гаргах юм байна. АНУ-ын засаг захиргаа Конгрессоор батлуулсан аль нэг тусламжийг цуцлах юм уу түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд Батлан хамгаалах яам энэ тухай парламентад мэдэгдэж байх ёстой гэсэн заалтыг хуулийн төсөлд оруулжээ.

АНУ-ын Конгрессын Сенат хуулийн төслийн өөрийн хувилбарыг хэлэлцэж байгаа бөгөөд түүнийг баталсны дараа хуулийн төслийг тусгай комисс гүйцээн боловсруулна. Үүний дараа хуулийн төсөлд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурах ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top