Санхүүжилт тасалдсаны улмаас АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн зогсох нь (шатдаун) тус улсын ДНБ-нд долоо хоногт ойролцоогоор 15 тэрбум ам.долларын алдагдал учруулна гэж тус улсын Засаг захиргаа үзэж байна.
Лхагва гарагт Politico сонины мэдээлснээр, Бүгд найрамдах намаас сонгогдсон хууль тогтоогчдод гаргаж өгөхөөр Цагаан ордноос бэлтгэсэн баримт бичигт ийм тооцоо хийжээ.
Засгийн газрын үйл ажиллагааны хэсэгчилсэн зогсолт удаан үргэлжилбэл эдийн засгийн ноцтой үр дагавар учруулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эдийн засгийн зөвлөхүүд анхааруулсан байна. Тэдний тооцоогоор, хэсэгчилсэн зогсолт нэг сар үргэлжилбэл ажилгүйчүүдийн тоо 43 мянгаар нэмэгдэх ба АНУ-д хэрэглээний зардал 30 тэрбум ам.доллароор буурах ажээ.
АНУ-ын Конгресст Бүгд найрамдах нам болон Ардчилсан намаас сонгогдсон хууль тогтоогчид төсвийн зардлын зарим зүйл заалтын талаар санал зөрөлдөж байгаа учраас засгийн газрын санхүүжилт тасалдсан юм.

Сэтгэгдэл ( 0 )