Дотооддоо зэвсэгт хүчнийг ашиглах эрхийг АНУ-ын төрийн тэргүүнд олгох “Бослогыг дарах тухай” 1807 оны хуулийг хэрэглэх боломжийг Цагаан ордны түшмэд судалж байна гэж телевизийн NBC News суваг эх сурвалжаа иш татан мэдээлжээ.
АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллах Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлсэн үеэс л Цагаан ордон энэ асуудлыг хэлэлцэж эхэлсэн аж. Гэхдээ өмнө нь түшмэд энэ хуулийг хэрэглэх хэрэгтэй эсэхийг хэлэлцэж байсан бол одоо тэд түүнийг хэзээ ашиглах нь зүйтэй болохыг судалж байна. Америкийн Засаг захиргааны тэргүүний зөвлөхүүдийн санал нэгтэй үзэж байгаагаар, “Бослогыг дарах тухай” хуулийг хэрэглэхийн өмнө өөр бусад сонголтыг бүрэн дүүрэн ашигласан болохыг баттай тогтоох шаардлагатай ажээ.
Хамгийн сүүлд энэ хуулийг 1992 онд Лос-Анжелест болсон үймээн самууны үед хэрэглэсэн байна. Одоо бол харин АНУ-ын хотуудад үүссэн үймээн самуунтай тэмцэхэд Үндэсний гвардыг ашиглахыг Трамп хүссэн тохиолдолд уг хуулийг хэрэглэх боломжтой болох тухай яригдаж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )