Монголд ээж нар өрх гэрийн “Босс” байдаг. Аавын цалин мөнгийг хураана мөн захиран зарцуулна. Өнөөдөр юу идэж уух, маргааш гэртээ ямар шинэ тавилга авах гээд ээжүүдийн гарт өрхийн санхүүгийн бүх эрх мэдэл оршдог гэж хэлж болно.
Манай улсын хувьд өрхийн хэмжээнд тулгарч байгаа аливаа асуудалтай холбоотой шийдвэрийн талаас илүү хувийг эзэгтэй нар гаргадаг гэвэл нэг их дэгс дүгнэлт болохгүй байх. Энэ утгаар Д.Эрдэнэцогтын гэр бүлийн өрхийн төсвийг эхнэр Л.Цэцэгжаргал нь барьдаг. Тэрбээр гэр бүлийн дөрвөн гишүүний хэрэглээндээ сарын орлого болох нэг сая орчим төгрөгийг хэрхэн хүргэх, хадгаламж яаж үүсгэх тал дээр Монголбанк, Засгийн газраас дутахааргүй төсвийн бодлого явуулна.
Тухайлбал, дараа сард хэдэн төгрөг хэрэглээндээ зарцуулах буюу “Төсөв батлах” цаашлаад бусад төрлийн тогтмол бус зарлагаа тооцох /Төсвийн тодотгол/ гэсэн дараалалтай. Тэрбээр гэр бүлийнхээ нэг сарын төсвийн зарлагыг гаргахдаа 800 орчим мянган төгрөгөөр тооцдог. Гэвч энэ дүнг барьж чадалгүй сарын орлогоо тэр чигээр нь хэрэглээндээ үрээд дуусгачих нь ч бий. Заримдаа хүнээс мөнгө зээлэх эсвэл хадгаламжиндаа “гар дүрэх” хэрэг гардаг.
Үр хүүхдийнхээ ирээдүй болоод гэр бүлийн зорилгынхоо нэгээхэн хэсгийг биелүүлэх гэж хадгалсан цөөхөн хэдэн төгрөг нь идэж уух ойр зуурын хэрэглээнд зарцуулагдах нь гэрийн эзэгтэй Цэцэгжаргалыг хааяа бухимдуулна.
Тэрбээр “Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр эдийн засаг өсөөд байна гэж байгаа боловч бид “Атар” дугуй талхаа идсээр л байна. Харин ч инфляци өсөөд мөнгөний үнэ цэнэ унаж, сарын орлого маань улам л хүрэлцэхгүй талдаа болсон” гэлээ.
Өнөөдөр инфляцийн түвшин хоёр оронтой тоонд хүрч, Монголбанкнаас бодлогын хүүгээ өсгөөд байгаа энэ үед эдний гэр бүл мөн мөнгөний бодлогоо хатууруулахаар шийджээ. Энэ нь өрхийн гишүүдийн хэрэглээг хянах гэнэ. Тухайлбал, гар утасны нэгжийн хэрэглээг багасгах үүднээс гэрийн эзэгтэй өөрийн гар утаснаас гэр бүлийн гишүүддээ нэгж илгээж байгаа аж. Энэ арга нь үр дүнгээ өгч байгаа талаар баяртай өгүүлж байв.
Том охин Э.Уянга нь өнгөрөгч аравдугаар сард хурим хийж, бүл нэмжээ. Гэхдээ л “Хоёр идэж хоосон хонохгүй” гэдэг шиг өөр өөрсдийн хөдөлмөрлөж олсон орлогоороо амьдралаа болгож, удахгүй мэндлэх шинэ хүнээ хүлээн гурван өрөө байрандаа багтахгүй баяр хөөртэй сууцгаана.
Наймаа хийж амьжиргаагаа залгуулдаг байсан Эрдэнэцогт эхнэрийн хамт 2000 оны эхээр БНСУ-д очиж ажиллаж, амьдарчээ. Хүний нутагт барилгын туслах, айл нүүлгэх, хэвлэлийн үйлдвэрт ажиллах гээд эхнэр, нөхөр хоёрт хийж үзээгүй ажил ховор. Бага хүү Э.Ирмүүн нь ч Хан улсад төрж өсчээ. Тэд жил гаруйн өмнө эх орондоо ирсэн. Эрдэнэцогт “Монголдоо ирээд эрхлэх ажил одохгүй хэцүү л байсан. Солонгост цуглуулсан хэдэн төгрөгөөрөө машин аваад, айл нүүлгэдэг ажил хийж үзлээ. Тэгсэн манайхан чинь соёлын тал дээр тааруу дээрээс нь таньдаг энэ тэр гээд үнэ мөнгөө тохирохгүй хэцүү юм билээ. За тэгээд хүний нутагт хийж болоод байсан юм чинь өөрийн нутагт хийж бололгүй дээ гээд барилга дээр ажиллалаа. Гэтэл ажлын нөхцөл гэж авах юм байхгүй. Хамгийн наад зах нь ажлын бээлий өгөхгүй. Дээр нь цалин бага болохоор үнэхээр хичээгээд ч хэцүү юм билээ. Ийм учраас л манай залуучуудын гадагшаа явах урсгал өнөө ч буурахгүй байгааг мэдэрсэн. Харин эхнэр маань “Нарантуул” захын хүнсний лангуунд худалдагчаар ажилд орсон. Ах нь одоогоор нэг бичил уурхай ажиллуулах санаатай зүтгээд байна” гэсэн юм. Халуун дулаан уур амьсгалтай энэ гэр бүл том охиныхоо хуримыг 10 гаруй сая төгрөгөөр хийжээ.
Гэр бүлийн хоёр хоёулаа хүний нутагт хөдөлмөрлөж мөнгөний үнэ цэнийг мэдэрсэн болоод ч тэр үү хадгаламжтай болох тал дээр бусад монгол гэр бүлээс арай өөр ханддаг. Цэцэгжаргал “Ер нь амьдрал гэдэг хэцүү шүү дээ. Хэзээ юу тохиолдохыг хэн мэдэх билээ. Тэр бүх нөхцөл байдалд мөнгө гэдэг зайлшгүй хэрэгтэй. Тийм болохоор бид хадгаламжтай байх нь хамгийн зөв. Хэрвээ би өвдвөл манай эгч мөнгөтэй юм чинь гээд найдаад сууж болохгүй. Тус тусдаа амьдралтай хүмүүс. Миний эгч мөн л бусдын жишгээр амьдрах гэж тэмцэж яваа хүн. Гэвч манай нөхцөлд мөнгөн хуримтлал үүсгэнэ гэдэг бидний түвшний амьдралтай хүмүүст хүндрэлтэй” гэлээ. Учир нь, дөрвөн хүний өдрийн хоол, унааны мөнгө мөн том охин Э.Уянгын их сургуулийн сургалтын төлбөр, бага хүү Ирмүүний цэцэрлэгийн мөнгө гээд хэрэглээ барагдахгүй, ар араасаа хөвөрнө.
Харин Эрдэнэцогтын гэр бүлийн урсгал зардалд улсаас өгч буй “Хүний хөгжил сан”-гийн 21 мянган төгрөг дээр нь оюутнуудад өгөх 500 мянган төгрөг их нэмэр болдог аж. Энэ гэр бүлийн хамгийн өндөр зарлага нь байр, ус, цахилгааны төлбөр. Ийм зардлуудад сардаа ойролцоогоор 150 орчим мянган төгрөг зарцуулдаг. Тиймээс тэд төсөв хэмнэх хэд хэдэн арга олжээ. Тухайлбал, “Нарантуул” захаар үйлчлүүлэх. Гэрийн эзэгтэй “Би Монголд ирээд дандаа супермаркетаар үйлчлүүлдэг байсан. Харин захад ажилладаг болсноос хойш “Нарантуул”-аас бүх юмаа авдаг болсон. Захад бараа бүтээгдэхүүний үнэ харьцангуй хямд дээрээс нь чанарын ялгаа бараг байхгүй гэдгийг мэдсэн. Дэлгүүрт өндөг 280 төгрөг бол зах дээр 240 төгрөг байх жишээтэй” гэв.
Таван кг будаа, хоёр кг гурил, 10 орчим кг мах, төрөл бүрийн хүнсний ногоо нь тэдний 10 гаруй хоногийн хүнс гэсэн. Харин өдөр тутмын ойр зуурын хүнсээ базаах ажил таван настай Ирмүүн хүүд ногддог. Ирмүүн дэлгүүрээс өдөртөө хоёр талх, нэг кг нарийн боов тогтмол авдаг ажилтай.
Олж байгаагаараа болгоод хатуу нийгмийн дундаж давхаргаас чадан ядан зүүгдэж буй энэ гэр бүлийн хамгийн ойрын мөрөөдөл нь зуслангийн хаустай болох. Цэцэгжаргал “Манай Улаанбаатар арай хэтэрхий утаатай байна. Улаанбаатарт сүүлийн үед өндөр барилгууд сүндэрлээд байгаа ч хотын өнгө үзэмж дээрдэхгүй байна шүү дээ. Тийм болохоор зуслан гарч амьдармаар санагддаг” гэж ярьсан юм. Харин энэ мөрөөдлөө биелүүлэхэд мөнгө чухал тул эднийх өдөр тутмын хэрэглээний зардлаа багасгах тал дээр бодож боловсруулсан бодлого төлөвлөгөө цөөнгүй. Бенжамин Франклин “Олсноосоо бага зар” гэж хэлсэн байдаг.
Сардаа сая төгрөгийн орлоготой гэр бүл бол Монголын хувьд дундаж түвшний айл. Гэхдээ инфляцийн галзууралтай энэ үед ийм хэмжээний орлоготой өрхүүдийн эхнэр их л ухаантай зөв хөдлөхгүй бол тун горьгүй. Жаахан бийлэгжүү загнавал хоногийн хоол ч үгүй болох санхүүгийн хямрал хаалга тогшино. Энэ гэр бүлийн сангийн сайд нь нэлээд хатуу чанга. Шаардлагатай үед бүсээ чангалж чаддаг эзэгтэй. Сангийн сайдын тогтоол шийдвэрийг нь өрхийн гишүүд нь ч үг дуугүй дагаж, ажил хэрэг болгож чаддаг гэсэн шүү.
Сэтгэгдэл ( 0 )