Том онгоц

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 12

Болормаа үүрийн цагаан гэгээ цонхоор тусах үеэр, биеий нь зовоосон гүн зүүднээсээ салав. Бүсгүй чичирсэн гарынхаа алгаар хөлөрсөн духаа илж: -Үнэн бол... Үнэн бол! Яанаа... Ямар аймаар юм бэ? гэж амандаа шивнэснээ дэр бүрхэн задгайрсан үсээ янзлахаар өндийв.

Ганбатыг өчигдөрхөн томилолтоор явахад Болормаагийн хувьд сэтгэл сэртхийсэн ч үгүй, бас дэндүү тоомжиргүй загнасан ч үгүй. Зүгээр л болдог юм, болж байна гэсэн янзтай хоцорчээ. Бүсгүй яагаад энэ билээ ч гэж эргэцүүлсэнгүй.

Одоогоос дөрвөн жилийн өмнөсөн бол өөр л байхсан биз! Ганбат бага дэслэгч цолтой, дөнгөж л нисгэгч болж, “АН-2” онгоцны залуур дээр сууж асан тэр цагт Болормаа ханийн жаргал, хайрлахын хүслээр ёстой л шатаж явжээ. Үлийн цагаан оготно гэдэг үү ! Тамын амьтан гэхээс, өөрөөр яанам билээ. Газрыг улаан илгэ болгож, гангийн муу нарны халууныг бэлчээрт босгож, хичнээн ч сүйтгэв дээ, үлийн цагаан оготно. Тэр болгонд Ганбат ниснэ, явна. Бүр сараар, цаашлаад хичнээн ч хугацаагаар явж одно. Болормаа тэр тоолон Ганбатыгаа харуулдаж, хоног тоолно. Дэжидмаа, Бурмаа гээд л цуг ажилладаг хүүхнүүд: -Нөгөөх чинь бас л явчихаа юу? Ямар уйдмаар явдаг юм бэ? Ер нь чи юунд нисгэгч хүний эхнэр болсон юм бэ? Гэртээ тогтохгүй. Тогтлоо гээд ч... гэж ам өрсөн шагшралдана. Болормаа амгүй мэт таг дуугүй, тэдний үгийг сонсохдоо хацраа халуун оргиулан:

-Нөгөөх гэнэ шүү! Бүр.. нөгөөх... нөгөөх! Нөгөөх юмуу, ямар! Ганбат гээд ядахнаа хэлчихдэг болоосой! Та нарт хамаатай биш дээ! Миний Ганбаа та нарыг яасан юм бэ? гэж зүрхээ дэлстэл бухимдан нөхрөө өмөөрдөг байв. Цэцгээтэй бол үг солилтгүй. Хэрвээ Ганбатын хөдөө явчихсаныг дуулах л юм бол шуудхан Болормаа дээр ирээд:

-Цаадах чинь ашгүй яваа юу? Хэзээ ирэх юм бэ? хэмээн шалгаагаад хариу хүлээлгүй:

-Хүүе ээ! Нөгөө залуу чинь чамайг сураглаад л байна билээ гэж улаан тулгахыг яана. Болормаа ч тун тэсэхгүй, -Яасан ичдэггүй амьтан бэ, чи! Аманд чинь ийм үг багтанаа бас! гэж үнэн голоосоо дургүйцнэ. Цэцгээ огтхон ч тоохгүй, -Яадаг юм. Эрчүүл хэзээ зүгээр байдаг байлаа. Аягүй бол Ганбаа чинь тэнд...гэсэнээ урт сормуусаа дэрэвсхийлгэн нүд ирмэж: ... Манаргаж л яваа даа! гэнэ. Тэгсэнээ:

-Болормаа минь! Нэг олдсон залуу нас. Дахиж ямар... гэж хэлнэ. Болормаагийн сэтгэлд хүйтэн жавар харвана. Цэцгээд голоо горойтол дургүйцэвч яалтай ч билээ.

Тэр цагт нээрээ л сайхан байжээ. Ганбат, Болормаа хоёр охинтой болж бөөн баяр болсноос хойш гурван жил гаруйгийн хугацаа өнгөрөв. Ганбат ахлах дэслэгч болж цол ахисан ч мөнөөх “АН-2”-оосоо салсангүй. Харин ч бүр байгаад байх янзтай. Болормаа эмэгтэй хүн болохоор Ганбатынх нь найз нөхөд нь цөм “АН-24” хэмээх лут онгоцоор хөх тэнгэрт дүүлэхийг хараад эр нөхрийнхөө өмнөөс тэдэнд атаархах шиг, хордох шиг... Олон ч удаа Ганбатыг том онгоцоор нисээч! гэж хэлж үзлээ. Нөхөр нь нэг муухан инээж: -Болдогсон бол тэгмээр л байна. Болохгүй юм даа хө! гэж хэлнэ. Чухамдаа Ганбат том онгоц руу тэгтлээ тэмүүлдэггүй байв. “Нисэж л байвал ямар ч ялгаа юун. Онгоц л бол онгоц шүү дээ!” гэж бодно. Нөхөд нь Ганбатыг дэндүү хэнэггүй гэнэ. Өөрөө бол нөхдийн энэ үгийг үл зөвшөөрнө. Тэр, -Би хэнэггүй биш. Харин ч хамгийн "хэнэгтэй” гэж тоглоом болгож хэлнэ.

Ямар ч гэсэн “хэнэгтэй нисгэгч” энэ залуу дөрөв дэх жилдээ - “АН-2" онгоцоор нисэж үлийн цагаан оготонотой тулалдсаар явна.

Өчигдрийн хувьд бол Болормаад эргэлзээд байх юу ч үгүй байв. Ганбатыг явна гэсээр өглөө гарахад Болормаа охиноо аавындаа хүргэж өгөхөөр хувцасыг нь өмсгөх зуур охин нь:

-Ээжээ! Аав удах уу? Над чихэл авчилж өгөх үү? гэж шалгаахад эх нь: -За, бушуу хувцасла! Би яаж мэддэг юм бэ? гэж төвөгшөөжээ. Ажилдаа очоод шууд л утсаа эргэдэж Зундуйтай ярьсан хэрэг л дээ! Зундуй, Болормаа хоёр чиг. Нүглээс чиг айсангүй ээ! Нууцхан ханилаад жил гаран болов. Яриа хөөрөөтэй, нуруу өндөр, бие товир энэ цагаан залуу ямар гайгаар Болормаатай учрав даа! Зундуйн дэргэд байхад Болормаа бүхнийг л мартаад... азтай жаргалтай... Гэтэл Ганбат хэнсэн билээ. Олон ч удаа Ганбатын том хар нүд Болормааг далдаас, бүр холоос цоо ширтсэн дээ! Нүүр нь халуу оргиж, нуруу нь хүйт даана. Тийм үедээ Болормаа хөлөрсөн гарынхаа алгыг имчин байж сууж ядна. Зундуй:

-Яав чи! Наад царай чинь яачихаад... Аа... миний алаг нүдэн гэхчилэн үглэн, тэврэн аргадхад жаалхан тайвширч:

-Зүгээр л.. гэж сулхан өгүүлэхдээ Болормаа: “-Би ч Цэцгээд уурлалтгүй болжээ” гэж боддог байв. Тэгснээ:

“-Үгүй ер. Яадаг юм. Ганбат ч гэсэн тээр хөдөө аймагт яаж ч яваа юм билээ. Дандаа л хор цацаад байв гэж үү?!” гэж өөрийгөө зөвтгөнө. Харин урьд шөнийн... урьд шөнийн ч гэж дээ! Үүрийн өмнөх тэр зүүд... Тэр зүүд үү! Зундуй, Болормаа хоёрын хувьд айж, зовох юмгүй байлаа. Охиноо аавындаа хүргэж өгөхөд Болормаагийн ээж болох жар хол гарсан ч ануухнаараа хөгшин: -Зайлуул! Муу хүү минь бас л яваад өгөө юу? Зав, зайгүй хэцүү ч юмаа даа! гэж үглэн:

-Одоо тэгээд бид хоёр хэд хоног ноцолдож дээ! гэснээ зээ охиноо өхөөрдөн: -Эвий дээ, эвий! Алий эмээ дээ! гэж гараа сунгажээ. Болормаа өнөө шөнө ажилтай болохоо эхдээ дуулгаад, хөл хөнгөрөн гэрээс гарахдаа:

"-Зундуй байгаа болов уу? Чамтай...” гэж инээд нь тэсгэлгүй хүрч билээ. Эхний үед Зундуйтай учрахад айдас төрөх шиг болдогсон. Одоо бол нэгэнт дасаж ... Сайхан л байсансан. Гэтэл тэр зүүд... тэр зүүд! Зүүдлэхийн урьд шөнө ямархан өнгөрөв. Хэлэлтгүй ээ! Зундуйтай уулзалгүй удсаныг ч хэлэх үү ! Эхээс заяасан биеийн хүч барагдах шахаж л ... Нэг л мэдэхүйеэ гүн нойронд нам цохиулжээ. Гагцхүү сэрдэг тулдаа л үхлээс ялгагдах битүү нойрны ертөнц Болормаа, Зундуй хоёрыг эзэлж нам унтжээ. Тэгээд л Болормаа зүүдэлсэн хэрэг. Юу зүүдэлсэн гээч! Ээ дээ... Асар том онгоцонд... Уг нь ногоон байсан болов уу гэмээр өнгө нь салхи, бороо, шуурганд гандаж, гундсандаа... ай ёстой л нэг том онгоцонд Болормаагаа санасан Ганбат бүр нэг нисэгчирхүү дүүлж дээшилж явна гэнэ. Их өндөртөө, бүр их өндөрт нисээд л ... Одод том, том үзэгдэж нөмрөг хар тэнгэрт онгоцны дуу хүнгэнэнэ. Болормаагийн баярлаж байгааг! Аргагүй дээ! Ганбатыг том онгоцоор нисдэг болоосой гэж хичнээн жил мөрөөдөвөө! Онгоцны дуу хүнгэнээд л, хүнгэнээд л... Тэгтэл... Ярих юм биш, тэнгэр минь! Хаана ч байсан ханан уул, хад чулуу вэ? Ганбат хашгирах гээд амаа ч бүтэн нээж чадсангүй... Онгоц тар няр хийн... Үйрч бутарч.. Болормаа хар дарахдаа сэрж чадалгүй дэвсгэр даавуугаа хунирч, атиртал тийчилсэн хэрэг... Зундуй ч алга. Хэзээ босоод. хэзээ явсаныг бүү мэд. Бүсгүй тавилга тавьц жигдхэн өрөөний барагшин хана руу харж:

-Үнэн бол... үнэн бол... хэмээн үглэсээр байлаа. Худлаа гэж хичнээн бодовч чихэнд мөнөөх нүглийн том онгоцны дуу хүнгэнэж, төдөлгүй Болормаа өөрөө ч тэр онгоцонд сууж яваа аятай бүх бие нь дайвалзан чичирч эхлэв. Тэр аргаа барахдаа толгой дээгүүрээ хөнжилөө нөмөрч чихээ бөглөв. Нэмэр болсонгүй. Унтлагын тохилог өрөө, зөөлөн ор дэр, барагшин хана, ер тэнд байгаа бүхэн нэг л том хөдөлгүүртэй онгоц мэт бүгд чичирхийлэн дайваж, аргаа барсан Болормаа эгтээ цутгах хөлсөө ч арчих тэнхэлгүй бас л чичирхийлэн, чичирч байлаа... Бүгд л, бүхэн л чичирч, доргиж байлаа...

1985 оны V, VI cap

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top