Уянгалаг сайхан дуунуудаараа залуусын зүрх сэтгэлийг уярааж, хийж бүтээхийн оргилуун их хүсэл тэмүүллээр жигүүрлэн үе тэнгийн залуустаа үлгэр дуурайлал болсон Монголын шинэ залуу үеийн манлайлагчдын нэг бол дуучин A Cool буюу Б.Анхбаяр билээ. Уран бүтээлийнхээ хажуугаар цөөнгүй ажлыг нэгэн зэрэг амжуулж яваа авъяаслаг уран бүтээлчтэй хувийн амьдрал, үзэл бодол болон уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
- Та уран бүтээлчээс гадна Их Засаг ОУИС-д ажилладаг. Таны үндсэн мэргэжил?
- Бүжигчин.
- Ямар хүчин зүйл нөлөөлөөд урлаг хэмээх энэ их айлд хөл тавьчихав аа?
- Би багаасаа л урлагт их хайртай, дуулж бүжиглэдэг хүүхэд байсан. Бага байхдаа том болоод алдартай мундаг дуучин болж, олон хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн болно гэж мөрөөддөг байлаа. Тэр л хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн өнөөдрийн энэ багахан амжилтанд хүрсэн гэж бодож явдаг. Цаашид ч зүрхэнд оргилох их хүсэл тэмүүллээрээ улам ихийг хийж бүтээнэ гэж бодож байна.
- Урлагт зүрх сэтгэлээ зориулсан энэ он жилүүдэд шантрах зүйл тохиолдож байсан уу. Тэр талаараа дурсвал?
- Хүний л амьдрал учраас шантрах зүйл олон л тохиолдож байсан. Амьдралд үргэлж шулуун дардан замаар алхдаг хүн бараг байхгүй байх. Хийх гэж байгаа зүйл нь бүтэхгүй болохоор зорьсон зорилгоосоо шантарч, няцаж байгаа хүмүүс цөөнгүй бий. Миний хувьд хүн аливаа зорилгынхоо төлөө тууштай тэмцэх ёстой гэж боддог. Аливаа саад бэрхшээлийг даван туулах гэдэг өндөр ууланд авирахтай л адил юм даа. Тийм ч болохоор хүн болгон өөртөө тохиолдсон саад бэрхшээлийг өөр өөрийн ухаан, сэтгэлийн тэнхээгээр туулдаг байх. Намайг бага байхад аав минь нас барсан. Анх дуулах эхлэлээ тавих гэж байхад ойр дотны хүмүүс маань хүртэл дэмжихгүй “Чиний дуулдаг гэж юу байсан юм бэ. Урлаг уран сайхан гэж байхаар миний бизнест тусал” ч гэж хэлж байсан хүн бий. Тэр үед аавыгаа их боддог, санадаг байлаа. Гэвч би шантраагүй, хүмүүсийн хандлагыг тоолгүй уран бүтээлээ тууштай хийсний үр дүн гарч зохиосон дуунууд маань хүмүүст хүрч эхэлсэн нь миний хувьд их урам зориг өгсөн. Хүн өөртөө итгэж, хийж чадна гэж бодсон зүйлээ шууд хийх хэрэгтэй. Манайхан хийж байгаа зүйлдээ хандах хандлага нь тогтворгүй юм шиг санагддаг. Хүн хэрвээ өөрийнхөө хийж чадах зүйлээ олж харсан л бол тэрнийхээ төлөө шантралгүй зүтгэх хэрэгтэй. Мэдээж тэр зүйл нь зуун хувь бүтнэ гэж байхгүй. Саад бэрхшээл болгонд шантрахгүй тууштай л байх хэрэгтэй гэж хэлмээр байна.
- Таны зорилго, зорилт хүсэл мөрөөдлийн тань талаар сонирхвол?
- Миний зорилго бол их тодорхой. Олны таашаалд нийцсэн олон сайхан уран бүтээл хийж ард түмэндээ хүргэх нь миний хамгийн эхний зорилго гэж хэлж болно. Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана ч гэдэг шүү дээ. Өнөөдөр би машин авна гэсэн бол авсныхаа дараа дахиад өөр зүйл хүсдэг. Ихэнхдээ хүмүүс үүнийг шунал гэдгээр тайлбарладаг боловч бас нэг талаараа хүний хүрэх ёстой өндөрлөгт тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэж би ойлгодог. Тийм учраас миний хамгийн эхний зорилго бол эх орондоо алдартай дуучин болох, түүний дараа Азийн түвшинд гарах, цаашлаад дэлхийд танигдсан дуучин болно гэсэн том зорилгыг өөртөө тавиад ажиллаж байна даа. Яагаад болохгүй гэж? Манайхан өөрсдийнхөө нөөц боломжийг ихэнхдээ үгүйсгэдэг. Дэлхийд олон мянган авъяаслаг хүн байхад чи яаж од болдог юм бэ гэдэг. Хүн хэрвээ өөрөө чин сэтгэлээсээ хүсээд тууштай хөдөлмөрлөвөл бүтэхгүй зүйл байхгүй гэдэгт би итгэдэг. Цаашдаа мэдээж боловсролдоо түлхүү анхаарна гэж бодож байгаа. За тэгээд амьдралд юу эс мундах вэ дээ. Би залуу хүн учраас нийгмийнхээ өмнө хүлээсэн хариуцлагыг ухамсарлаад, зөв амьдарч, хийж бүтээсэн зүйлтэй амьдарна гэж бодож явдаг.
- Сошиал нетворк их ашигладаг юм шиг санагдсан?
- Сошиал медиа өнөөдөр дэлхий нийтэд хүчээ авч байна шүү дээ. Миний хувьд Фэйсбүүк, Твиттер ашиглан өөрийнхөө мэдээллийг болон уран бүтээлүүдээ бусдад хүргэдэг. Интернэтийн орон зай асар хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед олон хүнтэй нэгэн зэрэг харьцах боломжтой болсон. Тухайлбал шинэ уран бүтээлээ Фэйсбүүк дээр тавилаа гэхэд 5000 хүн шууд үзэх жишээтэй. Миний хувьд Фэйсбүүк хөтөлдөг ч тэр бүр байнга хөтлөөд яваад байх зав муутай байдаг.
- Завтай үедээ интернетэд гар утсаараа холбогддог уу?
- Ихэнх хүн тэгдэг л дээ. Миний хувьд ажлын шаардлагаар мессенжерт ихэнхдээ ордог.
- Таны Фэйсбүүкийг үзэж байхад нийт сэтгэгдлийн 98 хувь нь магтаал байсан. Шүүмжлэлийг өөртөө хэрхэн тусгаж авдаг вэ?
- Зөв шүүмжлэлийг бол шууд хүлээж авдаг.
- Тухайлбал?
- Чи жин нэмээд байна шүү, хувцаслалт талаасаа үүн дээр алдсан байна гэдэг ч юм уу надад шууд хандаж хэлсэн шүүмжлэлийг би хүлээж авдаг. Түүнээс намайг хэн гэдгийг ч сайн мэдэхгүй байж атаархсан ч юм уу, үнэхээр дургүй ч юм уу тодорхойгүй, муулсан өнгө аясаар шүүмжилж байгааг огт ойлгодоггүй. Тэгж бичиж суудаг ямар их зав бэ? Харин тэрнийхээ оронд өөр зүйл тухайлбал өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарвал өөрсдөд нь хэрэгтэй шүү дээ. Хүн ер нь магтаал зэмлэлийг зэрэг дааж явах хэрэгтэй гэж боддог. Харин зэмлэл, шүүмжлэлийг дахиад үүн дээр дахин битгий алдаасай гэсэн үүднээс өгсөн зөвлөгөө гэж ойлгодог.
- Сүүлийн үеийн уран бүтээл?
- 1980-аад онд хит болж байсан “Цэцэгчний хүслэн” дууг шинэчлэн дуулсан. 20 жилийн дараа хуучны сайхан дууг сэргээн дуулсан нь олон хүний зүрх сэтгэлд хүрсэн уран бүтээл болсон гэж дүгнэж байна. Бас “Татар” хамтлагийн Заяатай хамтран шинэ уран бүтээл хийсэн. Тун удахгүй дүрсжүүлэн үзэгчдэдээ хүргэх болно.
- Тоглолтын сураг гарсан?
- Тоглолтыг энэ намартаа багтаж хийнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бэлтгэл ажил 100 хувь базаагдаж амжаагүй, цомог маань хэвлэлтэнд явчихсан байгаа. Цомгоо ирсний дараа А Сооl гэж дуучныг шинэ түвшинд аваачсан, миний дуунуудыг сонсдог бүх хүмүүстээ зориулсан бие даасан анхны тоглолтоо хийнэ.
- Та олон сайхан уянгын дуунуудтай. Дуунуудаа өөрөө зохиож байна уу?
- Дуунуудынхаа ихэнх хувийг буюу 70 орчим хувийг нь өөрөө зохиож байгаа. “New star studio”-ийн Н.Гантөр ах, хөгжмийн зохиолч Нямаа, Гэрэлт-Од болон “Guys”-ийн Төгсөө ахаас олон сайхан дуунууд авч дуулан, хамтран ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл олон авьяаслаг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа.
- Яагаад ихэвчлэн уянгын дуу дуулдаг юм бэ?
- Хүмүүст илүү хүрч байгаа нь ихэнхдээ уянгын дуу байна шүү дээ. Харин цомгийн хувьд дан ганц уянгын дуу ороогүй. Хэмнэлтэй, хүмүүсийг доргиохоор дуунууд ч орсон байгаа. Хүмүүс миний хайрын сэдэвтэй уянгын дуунуудад илүү дуртай учраас миний уран бүтээлд уянгын дуунууд зонхилох тал бий.
- “Аниргүй итгэл” их энгийн хэрнээ уянгалаг, хүмүүсийн зүрх сэтгэлд хүрсэн сайхан уран бүтээл болсон?
- “Зөөлөн хайр” дууны маань үргэлжлэл болж гарсан. “Аниргүй итгэл”-ээс яг жилийн өмнө “Зөөлөн хайр” дууны клип гарч байлаа. Салаад явчихсан хэдий ч эргээд ирэх болов уу гэсэн тодорхой хэмжээний нууцхан итгэл хүний сэтгэлд байдаг. Бие биедээ хайртай хосууд салсан ч нэгнээ хүлээдэг болохоор үг зохицолдолгооны журмаар “Аниргүй итгэл” дуугаа хийсэн. Олон хүний зүрх сэтгэлд хүрсэн сайн уран бүтээл болсонд баяртай байдаг.
- Бүтэлгүй хайрын дуу ихэвчлэн дуулдаг болохоор таныг хайр сэтгэлийн тал дээр бүтэлгүйтсэн гэж бодсон. Миний таамаглал зөв үү эсвэл...?
- “Энхрий”-гээс эхлээд надад гэгээлэг гоё дуунууд олон бий шүү дээ. Бүтэлгүй хайр гэдэг нь миний бодлоор болох ёстой зүйл болдог, болох ёсгүй зүйл болдоггүй гэдэгтэй утга нэг санагддаг. Үнэхээр болгоё гээд хичээгээд явсан ч болохгүй тохиолдол амьдралд цөөнгүй бий. Тийм учраас болгоё, бүтээе гээд хүн хичээх л юм бол болохгүй зүйл гэж байдаггүй гэж бодож явдаг. Хүн болгон сайхан хайртай учрахыг хүсдэг. Учрах нь ч учирдаг. Зарим нэгэн тохиолдолд бүтэлгүйтнэ. Хүний амьдралд юу эс тохиолдох билээ дээ. Тэр бүхэнд залуус маань нухацтай, ухаалаг хандаж, гэрэл гэгээг харвал бүтэлгүйтсэн гэж бодож байсан хайр нь нь бүтэлтэй болно гэж боддог. Тийм ч байгаасай гэж хүсдэг. Амьдралд алдсан, зовлон үзэж байгаа, хүүхэдтэйгээ үлдсэн ганц бие хүмүүс нийгэмд цөөнгүй. Тэднээс сэдэвлэн зарим нэг дуугаа дуулж байна. Тэрнээс бүтэлгүй хайрын дуу дуулснаараа, хайр сэтгэлийн тал дээр бүтэлгүйтсэн зүйл огтхон ч байхгүй.
- Та өөрийгөө тодорхойлбол? Уран бүтээл, ажлын ачааллаас харахад их хөдөлгөөнтэй хүн юм шиг ээ?
- Би тийм айхтар хөдөлгөөнтэй хүн биш шүү дээ. Залуу хүн болохоор хурдтай байх хэрэгтэй. Хүн өөрийгөө таньж мэднэ гэдэг их хэцүү юм шиг байгаа юм. Би өөрийгөө дүгнэхдээ хурдтай, аливаад хувьсан өөрчлөгдөх чадвартай, дайчин чанартай гэж боддог. Аливаа зүйлд ер нь шантрах дургүй. Харин урлагаас шантрах үе надад тохиолдож байсан. Тэр бүх бэрхшээлээ би даваад гарсан. Өнөөдөр намайг сонсдог, хүндэлдэг хүмүүсийн хайр хүндэтгэл, итгэлийг алдахгүйг хичээн хөдөлмөрлөж байна. Манай улс шиг жижиг зах зээлтэй газарт залуу хүн дан ганц урлагаар амьдарна гэдэг хэцүү л дээ. Тийм учраас ажил хийх хэрэгтэй. Миний хувьд боловсролын салбарыг сонгосон. Залуучуудтай ажиллаж байгаа болохоор би залуусыг илүү боловсорч, ихийг сурч, дэлхийн хэмжээний боловсролыг эзэмшин, хүсэл мөрөөдлөө биелүүлээсэй гэж хүсч явдаг. Тийм ч болохоор боловсролын салбарт хүчин зүтгэж байгаадаа баяртай байдаг.
- Таныг нэгэн жүжигчин бүсгүйд "унаж тустлаа" дурлаж явсан гэдэг юм билээ?
- Хэнд?
- Драмын жүжигчин Ганцэцэгт?
- Би тэр хүнийг зүгээр л танина. СУИС-д сурч байхад манай жүжигчний ангид сурч байсан Увсын охин. Хайр сэтгэлийн холбоо бүү хэл шохоорхож байсан түүх ч байхгүй. Ер нь чиний төлөө үхье гэтлээ дурлаж байснаа санахгүй байна.
- Нэгэнт өнгөрсөн зүйл гээд нуулгүй хэлж болохгүй юу?
- Харж явдаг байсан бол би нуулгүй л хэлнэ. Харин тийм зүйл огт байхгүй. Тэгээд ч надад тэр бүсгүй эмэгтэй хүнийхээ хувьд таалагдаж ч байгаагүй. Ямар ч үндэслэлгүй юм бичиж цагийн гарз хийж суухаа болимоор юм.
- Тэгвэл одоо танд харж явдаг бүсгүй бий юу?
- Байхгүй.
- Яагаад?
- Учир нь надад найз бүсгүй байгаа.
- Танд ямар бүсгүй сайхан харагддаг вэ?
- Миний ээж шиг хүн таалагддаг. Биеэ цэвэрхэн авч явдаг, ухаантай эмэгтэйчүүд илүү сайхан харагддаг.
- Таныг Төв халх гэж сонссон. Тэгтэл нэг хэвлэлд таныг Увсын дөрвөд гээд биччихсэн байсан. Аль нь үнэн юм бэ?
- Би чинь халх хүн шүү дээ. Аавын талынхан Говь-Алтайнх, ээж Төв аймгийнх. Харин тэгээд биччихсэн л байна лээ.
- Тийм ор үндэслэлгүй худал мэдээллүүд гарахад хэр эмзэглэдэг вэ?
- Зарим нэг хүн ингэж худлаа зүйл бичээд хоолоо олж иддэг юм шиг байна лээ.
- Шоудна биз?
- Шоудах гэх нь ч хаашаа юм бэ. Хааяа нэг найзуудтайгаа гардаг. Гэхдээ их ховордоо жилдээ нэгээс хоёр удаа гэхэд хэтрүүлэг болохгүй байх. Манайхан шоу гэхээр л баар саванд ороод хэтэртлээ ууж идэхийг хэлдэг. Миний хувьд баар сав, архи, тамхинаас хол явахыг хичээдэг. Сүүлийн үед залуус маань шоу цэнгээнд хэт их туйлширч байгаа юм шиг санагддаг.
- Гар зөрүүлэх тохиолдол гардаг уу?
- Тийм тохиолдол байхгүй дээ. Одоо чинь хүмүүс их ухамсартай болсон. Нийгэм нь ч тийм болсон. Эр хүн учраас асуудал гарвал ухаалгаар шийдэхийг хичээнэ. Үнэхээр болохгүй бол л гар зөрүүлнэ. Гэхдээ дараа нь сайн найзууд болсон тохиолдол эрчүүдийн дунд олон л байдаг шүү дээ. Хамгийн гол нь эр хүн гэдэг утгаараа ч тэр цөөхөн Монгол эрчүүд зодолдоод байх шаардлагагүй гэж боддог.
- Таны сул тал?
- Миний хувьд унтчихдаг талтай. /инээв.сурв/ Зарим нэг тохиолдолд өглөөний ажлыг сануулахгүй бол мартчихдаг. Бас энд тэнд юмаа мартаад явчихдаг. Тийм болохоор ийм том зүйлс барьдаг. Миний хувьд дэндүү шударга ч гэмээр зан байдаг. Одоо үед дутагдалд тооцогдоод байгаа юм. Би аливаа зүйлийг байгаагаар нь л хэлчихдэг. Тэгтэл зарим нь хэлэхгүй байсан нь дээр гэдэг юм. Тэгсэн ч би хэнээс ч эмээлгүй үнэнийг л хэлчихээд байдаг зантай.
- Сайн тал?
- Миний ойр тойрныхон ярих байх аа. Дуу хоолойгоороо олон хүнийг баярлуулж байна. Найрамдал зусланд олон жил багшилсан. Одоо ИЗОУИС-д олон мянган оюутнуудтай ажиллаж байгаа болохоор тэд маань миний сайн талыг хэлэх байх.
- Үеийнхэн дундаа тодорхой хэмжээний амжилтанд хүрсэн хүний хувьд залуустаа хандаад хэлэх зүйл байгаа байх?
- Хүмүүс бие биенээ хайрладаг байгаасай. Бид цөөхүүлээ. Алийн болгон хоёр хуваагдах вэ? Нийтэч, нэгэндээ тусалдаг байгаасай, хүн болж төрчихөөд хүн чанараа битгий гээгээсэй. Өнөөдөр хүн өөрийнхөө чадамжаар мөнгө төгрөгийг олж болно. Хорвоо дээр хүн ганц л амьдарна. Тийм болохоор нийгэмдээ тустай зүйл хийж, зөв зүйлд тэмүүлж, хийж бүтээж амьдрах нь зүйтэй болов уу гэж би хувьдаа бодож явдаг. Түүнээс биш буруу замаар будаа тээвэл эцэстээ бүх зүйл буруугаар л дуусна. Би ч адилхан л зөв амьдарч, зөв хүн байхын төлөө хичээж л байна.
- Ярилцлагынхаа төгсгөлийг танд үлдээе.
- Миний энэ ярилцлагыг уншиж байгаа залуустаа хандаж хэлэхэд бид Монголын ирээдүй. Бид шантралгүй хөдөлмөрлөж зорилгынхоо төлөө тууштай тэмцэж чадвал бидний ирээдүйд гэрэл гэгээ дүүрэн байгаа шүү гэж хэлмээр байна. Залуу хүнд уйдах эрх байхгүй гэж би боддог. Хийх зүйлгүй уйдаж байгаа бол өнөөдрөөрөө энэ бүхнээ дуусгаж өөрийнхөө ирээдүйн төлөө хичээн хөдөлмөрлөөрэй. Чиний ирээдүй хэн нэгний биш зөвхөн чиний гарт байдаг юм шүү. Тийм болохоор ганц олдох амьдралаа хийж бүтээсэн зүйлтэй өнгөрөөх хэрэгтэй гэж хэлмээр байна. Мөн уншигчдадаа хандаж хэлэхэд үнэхээр надад дургүй, үнэн сэтгэлээсээ үзэн яддаг хүн байгаа бол миний утас руу залгаад эсвэл миний нүүр рүү харж байгаад “Чи ийм хүн шүү” гэж хэлбэл би тэр шүүмжлэлийг илүү хүлээж авч өөрийн дутагдлыг засахыг хичээнэ шүү дээ. Түүнээс биш сэтгэгдлээр баахан зүйл бичээд үлдээхэд тэр болгон нөгөө хүндээ хүрч чаддаггүй. Тийм сэтгэгдлүүдэд би эмзэглэх ч үгүй. Монголчууд бид аливаа зүйлд ухаалаг нухацтай ханддаг, нэгнээ хайрлаж, хүндэтгэдэг ард түмэн гэдгийг л хэлмээр байна.
- Цаг гарган манай сайтад ярилцлага өгсөн танд баярлалаа. Танд урлагийн өндөр амжилт хүсье.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 4 )
Namaig Nergui gedeg A Cool ta bol minii huvid hamgiin shildeg duuchin bilee tanid uran buteeliin amjilt husie
уранбүтээлийн өндөр амжилт хүсье