Хадлан тариа халиурсан Хонгор нутгийн намар арвин ургацтай байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 25

УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга Баянхонгор аймгаас УИХ-д гурав дахь удаагаа сонгогдоод байгаа. Түүний санаачилгаар Баянхонгорын бизнес форум зохион байгуулагдаж Баянхонгорыг жишиг аймаг болгон хөгжүүлэх хөтөлбөр гарсан билээ. Уг хөтөлбөрийн нэг хэсэг нь хадлан тэжээлээ өөрсдөө бэлтгэж, хүнсний ногоогоо нутагтаа тарьж ургуулах Газар тариалан хөгжүүлэх төсөл юм. УИХ-ын гишүүн Х.Баттулга тойрогт хуваарилагдсан 2011 оны тэрбум төгрөгөөрөө энэ салбарт хөрөнгө оруулсан нь энэ жил анхын ургацаа авч байна.

Б.ЦЭДЭВСҮРЭН: УСЛАЛТЫН СИСТЕМҮҮДЭЭ БҮРЭН АШИГЛАЖ ЧАДВАЛ 350 ГАРУЙ ГА ТАЛБАЙД ТАРИАЛАХ БОЛОМЖТОЙ

/Баянхонгорыг жишиг аймаг болгох хөтөлбөрийн зохицуулагч/

 

-Хэчнээн га талбайгаас хадлан бэлтгэж байгаа вэ?

-Энэ жил 350-400 орчим га талбайгаас хадлан бэлтгэж байна.

-Газар тариалан хөгжүүлэх төслийн хүрээнд хадлан бэлтгэхээс гадна өөр ямар ажил хийж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын нөлөөгөөр ган, зуд болж нүүдлийн мал аж ахуйд гарз хохирол учруулах болсон. Иргэд, малчид байгаль цаг уурын бэрхшээл тохиолдох боллоо, хадлан тэжээл бэлтгэе хэмээн хүсэлт тавьдаг. Баянхонгорыг жишиг аймаг болгох хөтөлбөрт Газар тариалан хөгжүүлэх төсөл оруулж баталсан юм. Энэ төсөл үндсэн хэд хэдэн хэсгээс бүрдэнэ. Тухайлбал, байгалийн хадлан бэлтгээд малчдад хөнгөлөлттэй үнээр борлуулна. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь өртгөөр өгнө гэсэн үг. Мөн  социализмын үед ашиглаж байгаад орхисон услалтын системтэй талбай бий. Үүнийг сэргээж байгаа. Тэнд малын тэжээл, овъёос, төмс, хүнсний ногоо тариалах ажил хийнэ.

-Газар тариаланд ус чухал. Тариа ногоогоо яаж услах вэ?

-Баянлиг сумын Лиг,  Баянговь сумын Цагаан гол гэх мэт газарт услалтын систем байдаг. Үүний одоо байгаа нөөц бололцоог ашиглаад багахан хэмжээний овъёос, олон наст ургамал тариалсан. Монгол Улсад байгаа услалтын системүүдийг төрөөс сэргээх арга хэмжээ авч ирсэн. Тэгээд бид холбогдох газруудад нь хүсэлтээ гаргаад услалтын системүүдээ ашиглах бодол бий. Энэ системээ ашиглаж чадвал 350 гаруй га талбайд овъёос, олон наст ургамал тариалах бололцоотой. Түүнчлэн тэжээлийн үйлдвэр шаардлагатай байна. Дээр үед аймгийн хэрэгцээг хангаж байсан Адгийн Цагаан нэртэй тэжээлийн үйлдвэр байсан. Үүнийг сэргээх юм. Одоо тоног төхөөрөмжөө оруулж ирээд суурилуулж ашиглалтад оруулахад бэлэн болж байна. Мөн хүнсний ногоо, чацаргана тариалах ажил бий. Энэ жил 27 га талбайд төмс, хүнсний ногоо тариалсан. Ургац арвин байгаа. Ургац хураалт 50 хувьтай явж байгаа.

-Жилд хэдий хэмжээний хадлан бэлтгэх, тэжээл үйлдвэрлэх бололцоо байгаа вэ?

-Энэ жил тоног төхөөрөмж оройтож орж ирсэн тул жаахан цаг алдлаа.  Үүнээс гадна бороо оройтож орсон, нар сайн гараагүй, хадлангийн талбай бага байна л даа. Ирэх жил 300-400 тонн хадлан бэлтгэх тооцоо гарч байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top