БЗД-ийн 14-р хорооны нутаг давсгэр “Sunday plaza” худалдааны төвөөс “Нарантуул” зах хүртэлх явган зам дагуу ил задгай худалдаа хийхийг энэ сарын 20-ноос хязгаарлаж эхэлжээ. Тодруулбал, өдөр бүр цагдаа нар хөөдөг болсон байна. Энэ хэсэгт нийтдээ 50 орчим иргэн, ар гэрийнхэнтэйгээ нийлээд 200 гаруй хүнийг тэжээж, амьдралаа залгуулдаг төдийгүй дийлэнх нь өрх толгойлсон эмэгтэй, хөгжлийн бэршээлтэй аж.
Тэдний хэлж буйгаар “Хууль ёсоор бол нийтийн эзэмшлийн талбайд ил задгай наймаа эрхлэхийг хориглосон байдаг. Биднийг удаа дараа хөөж байсан. Хөөгдөөд явах амархан. Гагцхүү ажлын байргүй биднийг хөөхөөр ар гэрээ яаж тэжээх билээ. Хаана ажил эрхлэх вэ. Захуудад наймаа эрхлэх гэхээр түрээсийг нь төлж дийлэхгүй. Тэр битгий хэл бид чинь Нарантуул зах дотроосоо зээлээр бараагаа авч зардаг шүү дээ. Өөрөө өөрийнхөө ажлын байрыг бий болгоод, амьд явахын эрхэнд амьжиргаагаа залгуулж байна. Хүссэндээ өвлийн хүйтэн, зуны халуунд эрсдэлтэй наймаа эрхлээгүй. Мөнгөтэй баячуудад нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн газар нь олдож, барилга үйлчилгээний газар зөвшөөрөлгүй бариад болдог. Гэтэл ядарсан иргэдэд ажлын байр олдохгүй хөөж тууна. Энэ газраасаа биднийг хөөж байгаа юм бол ажиллах байрыг нь өгөөч” хэмээж байлаа.
Тэд ойр орчмын иргэд, оршин суугчдаас энэ хэсэгт худалдаа эрхлэх хүсэлтээ илэрхийлэхэд хүлээн зөвшөөрсөн байна. Мөн Дүүргийн засаг, дарга болоод үйлдвэр үйлчилгээний хэлтэст хандахад ажил эрхлэлтийг нь хорихгүй, дэмжиж ажиллана гэжээ. Харин одоо Нийслэлийн ИТХ, ЗДТГ-т хүсэлтээ тавьчихаад байгаа аж.
Тэдний эхнийх нь гэхэд дөрвөн жилийн өмнөөс гуйх үедээ гуйж, хөөгдөхдөө хөөгдөж наймаа эрхэлж байгаа гэлээ. Одоо бүр цагдаа нараас гуйж, торгуулиа төлөхийг хүсэхэд “торгохгүй” хэмээн хөөгөөд байгаа гэв.
Хувийн хэвшлийн үйлдвэрчний эвлэлийн холбооны эрх зүйч Х.Сувд: Энэ төрлийн худалдаа эрхлэгчдэд хандсан хууль алга
-Энд наймаа эрхлэгчид түрээс төлдөг үү?
-Үгүй ээ. Түрээс байдаггүй юм.
-Ямар учраас талбайг чөлөөлөхөөр болсон юм бол?
-Нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх л гээд байгаа юм. Яахав удирдлагуудын зүгээс зам дагуу осол гарч болзошгүй. Мөн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэж үзээд байгаа юм л даа. Зөвшөөрөлгүй дээрээ тулвал олон барилга зөвшөөрөлгүй шүү дээ. Тэр бүү хэл Туул голын эрэг орчимд нийт иргэдийн эрх ашгийг хөндөж байгаа олон карьер ажиллаж байгаа шүү дээ. Үнэхээр цэвэр цэмцгэр байлгах үүднээс энэ хүмүүсийг хөөж болно. Гэхдээ ажлын байрыг нь олгож өгөх нөхцлийг бий болгосныхоо дараа хөөх хэрэгтэй.
-Түрээстэй ажлын байр олговол хэдэн төгрөг байвал ийм төрлийн худалдаа эрхлэгчдэд боломжтой вэ?
-Бусад захууд шиг өндөр байвал энэ хүмүүс дийлэхгүй. Харин чадварт тохируулаад түрээс тогтоовол хэн ч гэсэн дургүйцэхгүй. Тухайлбал, 50-60 мянган төгрөг байхад болно шүү дээ. Амьдрахын эрхэнд гадаа зогсоод байгаа болохоос биш хэн ч гэсэн амь бие, эрүүл мэндээ золиослоод гадаа зогсмооргүй байна шүү дээ. Ер нь манай улсад албан бус хөдөлмөр эрхлээд байгаа энэ хүмүүст хандсан хууль байхгүй байна. Ингэхээр эрх зүйн хамгаалалт байхгүй байна.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )