Өнөөдөр Дундговь аймгийн ЗДТГ-ын дарга О.Чулуунбат, аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Дулмаа, МУСГЗ Д.Ухнаа, СТА дуучин Б.Нандинцэцэг агсны хүү Н.Сод-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.
Ирэх сарын 5,6-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь хотноо СТА, дуучин Б.Нандинцэцэг агсны нэрэмжит “Говь рок поп-2012” олон улсын уралдаан болох гэж байгаа аж. Түүнийг Соёл-Эрдэнэ хамтлагийн анхны эмэгтэй дуучин гэдгээр нь мэддэг билээ.
Уралдааныг Дундговь аймгийн ЗДТГ санаачилж, зохион байгуулж буй ажээ. Учир нь дуучин Б.Нандинцэцэг дуу хуурын өлгий нутаг Дундговийн уугуул байсан ажээ. Тус уралдаант тоглолтын зорилго нь түүний олон дууг залуусаар дуулуулах, дуучдын урын санд тус хамтлагийн болоод Б.Нандинцэцэгийн дуунуудыг оруулах зорилготойгоос гадна шинэ залуу авьяастныг тодруулах юм. Уралдаанд өнөөдрийн байдлаар есөн аймаг оролцохоор бүртгүүлсэн бол гадаадын улс орнуудыг оролцуулах урилга илгээжээ. Мөн мэргэжлийн театр, чуулгын уран бүтээлчид, СУИС, Хөгжим бүжгийн дунд сургуульд суралцаж байгаа залуу дуучид оролцох юм. Түүнчлэн, ардын авьяастнууд оролцох хүсэлтээ илэрхийлээд байгаа юм байна. Уралдаан хоёр шаттай бөгөөд “Б.Нандинцэцэгийн дууг хэн сайн дуулах вэ?” сэдэв дор болох юм.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 1 )
vzsen mash saihan toglolt , urldaan bolj ungrson