ШӨХТГ-аас 17 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 26

Өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ШӨХТГ-аас дараах зөрчил, хууль бус үйлдэлд 17 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ. Торгууль ногдуулахдаа өнгөрсөн оных нь ашгийн 6 хүртэлх хувиар торгох боломжтой. Гэхдээ энэ удаад 2-2,5 хувиар найман компани, байгууллагад 17 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байна. Хэрэв зургаан хувиар торгосон бол 60 тэрбум хүртэлх төгрөгийн торгууль тавьж болох байсан гэлээ.

Тус газрын даргаар О.Магнай томилогдон ажлаа эхлээд байгаа билээ. Тэрээр ажлаа эхэлсэн хугацаандаа дараах ажлуудыг амжуулжээ.

Үүрэн телефон хэрэглэгчдийн нэгж секундээрээ тооцогдон унана

ШӨХТГ-ын дарга О.Магнай өнгөрсөн долоо хоногт үүрэн телефоны дөрвөн компани болон Харилцаа холбооны зохицуулах хороотой уулзан ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн секундээр тооцон нэгж унадаг болгохоор болжээ. Өмнө нь хэрэглэгчид хэдэн ч секунд ярьсан минут ярьсанд тооцогдон нэгж унадаг байсан билээ. Ингэснээр ШӨХТГ-ын судалгаагаар хэрэглэгчдийн зардал 30 хүртэл хувиар буурна гэж үзээд буй. Мөн дараа төлбөрт хэрэглэгчдийн барьцаа хөрөнгө дээр хүү бодон тухайн хэрэглэгчийн сарын төлбөрөөс хасахаар болсон байна.

Пиво үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ хор хөнөөлийн талаар санамж өгдөггүйгээсээ болж торгууль төлөхөөр боллоо

Монгол улсад мөрдөгдөж байгаа зар сурталчилгааны тухай хуулиар  бага градустай буюу алкохол багатай пиво сурталчлахыг зөвшөөрсөн байдаг. Гэхдээ үүнийхээ хажуугаар заавал тухайн бүтээгдэхүүнийхээ хор хөнөөлийн талаар санамж өгөх ёстой. Гэтэл пиво үйлдвэрлэдэг компаниуд ямар нэгэн санамж явуулахгүй байгаа тул торгууль ногдуулжээ. Тухайлбал, АПУ ХХК-д 10 сая төгрөгийн торгууль тавьсан байна. Одоогоор торгуулиа төлөөгүй байгаа юм байна.

Сүү үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг үнэн зөвөөр бичнэ

ШӨХТГ-т байгаа мэдээллээр Монголын нийт сүүний хэрэглээний 10 орчим хувь нь л үнээний сүү. Үлдсэн 90 хувь нь хуурай сүүгээр найруулж хэрэглэгчдэд хүргэж байгаа гэжээ. Тэгсэн хэрнээ цэвэр үнээний сүү гэж сурталчилдаг. Харин одоо хуурай сүү найруулчихаад үнээний сүү гэж бичиж сурталчлахыг хоригложээ. Өөрөөр хэлбэл энэ бол найруулсан хуурай сүү юм гэдгийг бичиж зарах аж. Иймд хуурай сүүгээр найруулчихаад “үнээний цэвэр сүү” гэж бичиж худалдаалсан компаниудад торгууль тавьжээ.

Эрүүл мэндийн даатгалаа төлсөн бол 170-180 гаруй нэр төрлийн эмийг 93 хүртэлх хувийн хямдралтай авна

Эрүүл мэндийн даатгал төлөгчид 170-180 гаруй эмийг худалдан авахдаа 93 хүртэл хувиар хямдруулан авах боломжтой юм байна. Энэ онд гэхэд 12 тэрбум төгрөг төсөвт тусгуулсан ч үүнийг иргэд мэдээгүйгээсээ болоод мөнгөө төлөөд авдаг ажээ.

Төрийн өмчийн их, дээд сургуулиуд хуйвалдааны зарчмаар төлбөрөө нэмсэн нь нотлогдож, торгуулжээ

Их дээд сургуулиуд дунджаар 1.200.000 орчим төгрөгийн төлбөртэй байсан бол одоо 1.600.000 болсон байна. Зах зээлийн шаардлагаар сургуулиуд төлбөрөө нэмж болох боловч төрийн өмчийн зургаан их, дээд сургуулийн удирдлагууд тойрч суун хоорондоо ярилцан нэмж болохгүй. Ингэж нэмсэн хууль бус үйлдэлд нь торгууль ногдуулсан байна.

ШӨХТГ-ын дарга О.Магнай: Төлбөрийн зөрүүг олгох ёстой

-Их дээд сургуулийн төлбөр хууль бус тогтоогдож нэмэгдсэн гэлээ. Тэгэхээр сургуулиуд төлбөрөө бууруулна гэсэн үг үү?

-Энэ бол зах зээлийн журмаар гэхээс илүү хуйвалдааны журмаар тогтоосон гэдэг нь нотлогдсон учраас акт тогтоосон. Тэгэхээр их дээд сургуулиудын захирлууд ч гэсэн үүнд ёс зүй гаргаж ойрын хугацаанд үнээ шударгаар тогтоох ёстой. Гэхдээ энэ бол үнэ нэмэхийг хориглож байгаа асуудал биш. Өөрөөр хэлбэл үнэ хуйвалдааны зарчмаар өсч болохгүй.

-Төрийн өмчийн дээрх зургаан сургуульд 20-30 сая төгрөгийн торгууль ногдуулсан гэлээ. Сургуулиуд шударга үнээ тогтоож төлбөрийн зөрүүг оюутнуудад өгөх ёстой юу?

-Ерөнхийдөө сануулга өгөх журмаар арга хэмжээ авч байгаагүй юм байна. Тэгэхээр сануулга өгөх зорилгоор торгууль тавьсан. Төлбөр буцаад хасагдах ёстой. Энэ бол хууль. Тэгээд төлбөрөө төлчихсөн оюутнуудад зөрүү мөнгийг нь буцааж өгөх нь сургуулиудын үүрэг гэж ойлгож болно. Бид бүх их дээд сургуулийн төлбөрт хяналт тавих боломжгүй л дээ. Хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд төрийн өмчийн их дээд сургуульд торгууль тавьсан.

-БШУЯ-наас 10 хүртэлх хувь нэмж болно гэсэн шүү дээ. Энэ нь хэр зөв шийдвэр вэ?

-Төрийн нарийн бичгийн дарга нар төрийн өмчийн их дээд сургуулиудад 10 хүртэлх хувь нэмж болно гэсэн шаардлага хүргүүлсэн юм билээ. Гэтэл өнөөдрийн мөрдөж байгаа хуулийн хүрээнд БШУЯ болон аливаа төрийн байгууллага үнийг тогтоох шийдвэр гаргахыг хориглосон байдаг. Тэгэхээр их дээд сургуулиуд өөрсдийн зах зээл, өртөг зардалдаа тохируулах ёстой. Харин төрийн байгууллага ийм асуудалд орж байна гэдэг өөрөө хуульд нийцэхгүй байгаа юм. Ингэхээр байцаагчдын зүгээс тухайн төрийн нарийн бичгийн дарга нарт хариуцлага тооцох асуудал тавьж байгаа.

-Компани, сургуулиудад 10 хүртэл сая төгрөгийн торгууль тавьсан гэлээ. Энэ нь сануулга өгөхөд хангалттай хөшүүрэг болох болов уу?

-Өнөөдрийн байгаа хуулийнхаа хүрээнд хамгийн дээд хэмжээгээр нь л торгоод байгаа. Өрсөлдөөний тухай хуулинд дээд хэмжээ нь 10 сая төгрөг гэж байдаг юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top