“Эрхэм Зиндаа” булангийн энэ удаагийн зочноор Монголын Ерөөлч Магтаалч нарын төвийн тэргүүн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн Их Хан Хуурч, Буриад Улсын гавьяат жүжигчин, Хэл бичгийн ухааны дэд доктор, Шинжлэх ухааны академийн Дорно дахины олон улс судлалын профессор, Цэений Цэрэндорж гуайг урилаа. Өсөхөөсөө өөдлөх хүртлээ морин хуур, ерөөл магтаалтай нөхөрлөж яваа түүний бага, залуу, идэр насны тухай, аливааг сэтгэн бодож, түүнээ биелүүлж чаддаг олон сайхан зан чанар нь өөрийн эрхгүй бахархал төрүүлснийг нуух юун. Ардын уламжлалт ёс заншил, морин хуураа хамгаас дээдэлдэг Ц.Цэрэндорж гуайн туулж ирсэн амьдралынх нь түүхэн замналаас сурвалжлан толилуулж байна.
- Таны хүүхэд ахуй цагаас яриагаа эхлэх үү?
Манайх Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын айл. Би мөлхөж байхдаа ээжээсээ, 5 настай байхдаа ааваасаа, 6 настай байхдаа үрчилж авсан нагац ахаасаа өнчирч хоцорсон юм. Намайг үрчилж авсан нагац ахын гэр бүлийн хүн Цэен гэдэг ээжийн минь оронд ээж болсон ачтан. Нагац ахыгаа байхад манайх сайхан айл байсан. Ах маань өөд болсноос хойш ээж бид хоёр цоорхой хар гэртэй болтлоо уруудсан даа. Өвөл цас орохоор гэрийн минь туурганы цоорхойгоор нь цас ороод эргэнэг /тавиур/ дээр шовойтол овойчихсон байж байдагсан.
- Морин хууртай та анх яаж холбогдсон бэ?
Манайх нэг утаатай морин хууртай байлаа. Ээж маань “Жонон хар морины явдал” аяыг эвлэгхэн тоглочихдогсон. Би долоон настайгаасаа ээжийнхээ хуурдахыг сонссоор бас дарж үзсээр сургуульд орохын алдад тэр аяыг дарж чаддаг болсноор өнөөг хүртэл хууртайгаа цуг явж байна даа. Хуур минь намайг авч яваа юм. Хуурыг би авч яваа юм биш ээ! Энэ бол морин хуурын минь ач хүч юм. Ингээд бодохлоор морин хууртай холбогдсон минь миний амьдралын утга учир юмаа.
-Ерөөл магтаал анх сурч байсан үеээ дурсахгүй юу?
Гуравдугаар ангид орсон жил “Гүүний үрсний ерөөл”-ийг багш цээжлэх даалгавар хүүхдүүдэд өгснийг би цээжилж уншиж чаддаг болсон байлаа. Тэр зун манай нутгийн арван хоёр айл нэг өдөр унагаа уяж ерөөл хэлж эхлүүлдэг Гомбосүрэн гуай байдаггүй. Түүний оронд хэн ерөөхөв гэж хүн хүнээс асууж байлаа. Ээжийн дүү Сандуй ах: “Манай эгчийн хүүд өгчих! Тэр нэг юм уншаад яваад байдаг” гэж хэллээ. Надад хадаг мөнгөн аягатай сүү барив. Шүлэг уншиж байгаа юм шиг л цээжилсэн 12 бадаг ерөөлөө хэллээ. “Цэенгийн муу хүү чинь хөөрхөн юм хэлж байна, ерөөх нь хөөе гэх сонсогдож байв. Хадаг, сүүгээ эргүүлж өгтөл ерөөсөн хүн хадгийг нь авдаг юм хүү минь” гэж байна. Унагаа уясан дараагийн айлууд намайг авч явсаар бүх айлуудын “Гүүний үрсийн ерөөл”-ийг хэлж орой нь гэртээ ирээд үзсэн чинь 9 хадаг, баахан чихэр боов байлаа. Ээж минь түүнийг хараад “Хадаг цугласан айлд буян тогтдог” юм гэсэн. Муу хүү минь хүн л болж байгаа юм байна гээд баярласандаа нүдэндээ нулимстай сууж байсансан.
- Таныг их багаасаа өрх толгойлж эхэлсэн гэсэн?
Дөрөвдүгээр ангид байхад ээжийн маань бие чилээрхэж, хөл нь гишгэхээ байхад би сургуулиасаа хөдөө гарсан. Тэгээд нэгдлийн 60 гаруй шүдлэн маллаж, ээжийгээ асарч 12 настайдаа өрх толгойлох болсон. Шүдлэн маллаад жил гаруй болж байх үед “Говийн хөгжил” нэгдлийн дарга Ц.Мандал гуайг ирэхэд “Ээжийнхээ хөлийг суман дээр очиж эмчлүүлмээр байна” гэж хэлсэн юм. Дараа нь нэгдлийн дарга ирээд “Чиний шүдлэнгүүдийг маргааш Төмөртогоо авна. Тэгээд нэгдлийн төв рүү нүүнэ дээ” гэлээ. Сум нэгдлийн төвд очоод морин тэргээр ус зөөх боллоо. Нэг сүрхий хангал алаг морь өгөхөд нь тэргэнд сургаад ус зөөж эхлэсэн дээ. Сүүлд аймаг шилжихдээ ижил дасал болсон алаг морио ихэд өрөвдөж нүднээс нулимс гарч билээ. “Тэрэгний алаг” гэдэг шүлэгтээ:
... Дандар баатрын алаг морь шиг
Дайн тулалдаанд ороогүй ч гэсэн
Тэрэгний алагтаа хайртай байсан юм
Тэр л үе сэтгэлээс гардаггүй юм
Омголон алгийн маань янцгаах дуу
Одоо болтол чихэнд сонсогдоно гэж зохиосон.
Ээж минь ингэж ажил хөдөлмөр хийж, цалин хөлс авч байгааг чинь дээрээс харж байгаа буурлуудын буян, дээд тэнгэрийн өршөөл юм шүү! хүү минь! залбирч яваарай!! гэж хэлдэгсэн хөөрхий.
- Урлагтай холбогдсон анхны дурсамжаасаа ярина уу?
Монголын Залуучууд Оюутны анхдугаар наадам болох сураг дуулдлаа. Сумаас аймагт, аймгаас улсад шалгарвал хот руу явна гэж сонслоо. “Ар хөвчийн унага” гэдэг дууг хуурдаж дуулж сумаасаа аймагт шалгарсан. Үүнийгээ би урлаг руу алхсан анхны эхлэл байж гэж боддог. Улсад шалгараагүй ч аймагт очсондоо баярлаж байсан. Түүний дараахан манай суманд алдарт уртын дуучин, Улсын гавьяат жүжигчин Ж. Дорждагва гуай ирж “Нэгдлийн тухай дуу” заалаа. Сумын уран сайханчид цуглаад улаан булан гэгддэг жижигхэн танхимд орцгоов. Би усаа зөөж байсан ч дуу заана гэдэг сургаар нимгэн дэвтэр, харандаа бэлтгээд өвөртөлчихсөн. Улаан булангийн хажууханд баригдаж байсан барилга дээр ус зөөж байсныг ч хэлэх үү, усаа хийхдээ зориуд нарийн шланкаар нь гоожуулж орхиод цонхны дор нь очоод Ж. Дорждагва гуайн дуу заахыг сонсож эхэллээ. Үгийг нь бичиж авлаа. Олон удаа сонссоор нөгөө дууг сурчихдаг байгаа. Сумынхантай орой уулзалт хийхэд нь очлоо. Дорждагва гуай уртын дууны талаар ярьж байна. Тэгээд өнөөдөр дуу заалгасан хүүхдүүд босоод “Нэгдлийн тухай дуу”-гаа дуулаарай! гэв. Бүгд бие бие рүүгээ хараад дуулдаггүй. Сүүлдээ багш чи дуул! гээд нэг залууг заалаа. Бас л байдаггүй. Яасан мартсан уу? гэж байна. Тэгэхлээр нь би дуулж чадмаар санагдаад гараа өргөлөө.
- Юу вээ хүү минь? гэж байна.
- Би дуулъя. гэлээ.
-Дуу заахад чи үзэгдээгүй шиг . . . гээд гайхсан янзтай харснаа:
- Яаж сурсан юм хүү минь! гэж байна.
- Би ус зөөдөг. Усаа хийж байх завсар цонхон дор сууж чагнаад сурсан гэлээ.
- За дуул! гэхээр нь заасан хоёр бадгийг дууллаа.
- Нэр чинь хэн бэ? гэж байна.
- Цэрэндорж гэлээ.
- Сумынхаа уран сайханд явуулвал юм сурах сэргэлэн хүүхэд байна гэж билээ. За та нар энэ хүүхдийг дагаад заалгасан дуугаа сурцгаагаарай! гэсэн нь надад урлагт дурлах жигүүр хайрласан юм байна гэж боддог.
1959 онд сумаасаа аймагт шилжин ирээд Үйлдвэр холбоонд оёдолчин, мужаан, будагчин, барилгачин зэрэг ажил хийж байсан. Албан газруудын урлагийн үзлэг болж би байгууллагынхаа концертонд монгол ардын уртын дуу “Ар хөвчийн унага” дууг дуулж хуурдаж, Хотон бүжгийг бүжиглэж, “Гүүний үрсний ерөөл” уншиж оролцсон нь хоёр ч удаа дахиулав.
1960 оны хоёрдугаар сарын нэгэнд аймгийн соёлын ордонд дагалдан жүжигчнээр орлоо. Нэг өдөр шугамын радиогоор Дундговь аймгийн Соёлын ордны жүжигчин Дагийранз “Хөхөө Намжил”-ын домгийг аялгуулан хуурдаж байсныг сонсоод энэ хүн шиг хуурдаж аялгуулж хэлэх юмсан гэж бодоод Монголын радиогийн “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгээр дахин сонсох хүсэлт явуулсанаа холбоонд ажилладаг ахдаа та магнитфонд бичиж аваарай! гэж хэлснээр биелж “Жонон хар морины домог”-ийг дахин дахин сонсож аялгуулан хэлж сурсан юм. Ингэж Улсын гавьяат жүжигчин Нямын Дагийранзынхаа хэлсэн домгийг аялгуулан хэлж чадсандаа бахархдаг. “Хөхөө Намжилын домог” миний сурч уншсан хамгийн том гоцлол уран бүтээл юм.
1960 оны 6 сарын дунд үед өөрөө “Алтан говийн магтаал” гэсэн анхны магтаалаа зохиож аялгуулан хуурдаж уншсан Өмнөговь аймгийн минь Соёлын ордны тайз бол намайг урлагтай эргэлт буцалтгүй холбосон “Алтан дөрөө” минь байгаа юм.
- Морин хуурч хүн хуураа яаж хүндэтгэх ёстой вэ?
“Тостой гараар барьдаггүй,
Тоостой газар тавьдаггүй” гэсэн үгийг үрчилж авсан ээж маань хэлдэг байсан. Тостой гараар барьдаггүй гэдэг болгоомжилсон үг. Морин хуурын хялгасанд тос хүргэвэл дуугардаггүй юм. Тоостой газар тавьдаггүй гэдэг морин хуураа дээдэлсэн хүндэтгэлийн үг. Тийм ч учраас би хаана ч тоглосон бай эвхдэг төмөр тавиураа гаргаж, дээр нь морин хуураа хүндэтгэн тавьдаг юм даа.
-“Төрийн Их Хан Хуур”-ыг залсанаас хойш хичнээн хуур залчихаад байна вэ?
“Төрийн Их Хан Хуур”-ыг залах санал санаачлагыг анх гаргасныг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын 60 дугаар зарлигаар болгоож 1992 оны 04 сарын 20-ны тариалангийн хуртай урлагийн тэнгэр ивээсэн билэгт сайн өдөр Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөөнд залсан нь улсад хамгийн анх залсан хуур юм. Үүнээс хойш 20 жил болж байна. “Төрийн Их Хан Хуур”-ыг цагаан сарын шинийн нэгний өглөө монгол үндэснийхээ “Морины явдал” аялгуугаар цэнгүүлэн татаж, “Төрийн Их Хан Хуур”-ын эгшиглэн дээр “Төр түмэндээ өргөх айлтгал магтаал”-ыг аялгуулан хэлж ирлээ.
Мөн Улаанбаатар нийслэлийн “Сүлдэт хуур”-ыг санаачлан залсан бөгөөд цэнгүүлэн татахдаа “Улаанбаатар магтаал”-аа аялгуулан хуурддаг. Түүнээс хойш миний хувьд одоогоор 283 морин хуурыг улс, аймаг, сум, баг, албан газар, үйлдвэр аж ахуйн нэгж, сургууль, соёлын байгууллага, айл өрх, гадаад оронд ч залж өгсөндөө. “Төрийн Их Хан Хуур”, нийслэлийн “Сүлдэт хуур”-ыг хөгжим судлаач, морин хуур урлаач, Монгол Улсын Ерөнхийлөгчийн оны нэрэмжит шагналт, МУСТА, Аргасун-Мюзик компанийн ерөнхий захирал Д.Уламбаяр урлаж бүтээсэн билээ.
-Морин хуурыг хамгийн товчоор юу гэж тодорхойлох вэ?
Морин хуур минь миний бахархал. Морин хуур монголын ард түмний бахархал. Морин хуур дэлхийн ард түмний сэтгэлд хүрч чадсан гайхамшиг учраас ЮНЕСКО-гийн 2003 оны Биет бус соёлын өвийг хамгаалах тухай конвенцид “Морин хуур дэлхийн соёлын үнэт зүйл”-ээр бүртгэгдсэн юм.
- Та Монголын Ерөөлч Магтаалч нарын төвийн тэргүүний хувьд нэрт ерөөлч магтаалч нараасаа нэрлэнэ үү?
Түүх сөхвөл: XII-XIII зууны үед Аргусан хуурч магтаалчаас эхлээд Сөнидын Хилүгэдэй баатар “Хамгийн хаан, улсын эзэн минь” гэж Чингис хаанаа магтсан бол XVIII- XIX зууны үеийн магтаалч Гэлэгбалсан, ноён хутагт Д.Данзан-Равжаа, хуульч Сандаг, Лувсандондов, Б.Тогтохтөр нарын уран магтаал ерөөлийн уламжлалыг XX зууны үеийн манай магтаалч ерөөлч нар улам хөгжүүлж шинэ монголын шинэ амьдралыг магтан ерөөсөөр байна. Өлзийтийн Лувсан хуурч, Ардын ерөөлч Ч.Жигмэд, ерөөлч Н.Тэрбиш, Цэцэн Б.Банзрагч, Сундуй, ерөөлч Үржинханд, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Дагийранз, Ч.Дүндгээ, Д.Жанцанчой, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн ерөөлч Г.Оргой, Улсын өргөмжлөлт ерөөлч С.Мөнхжаргал, Дагвасамбуу, Улсын өргөмжлөлт магтаалч З.Чулуунбаатар, Чойдорж, Эрдэнэбаатар, Ж.Мөнхбат нарын зэрэг олон хүнийг нэрлэж болох байна.
-Ерөөл магтаал хоёр ялгаатай юу?
Ялгаатай. Ирээдүйн сайн сайхныг бэлгэдэж, ийм сайхан болох болтугай! гэж хэлдэг шүлэглэлийг ерөөл гэж байгаа юм. Одоо цаг дээр харж байгаа зүйлээ магтаж байгааг магтаал гэж байгаа юм. Тэгэхдээ ерөөлийн дунд үед магтах юм байдаг л даа. Ерөөлөөс өмнө магтаал үүссэн гэж би үздэг юм. “Монгол магтаалын төрөл зүйлийн хувьсал хөгжил” сэдвээр Хэл бичгийн ухааны дэд докторын зэрэг 2000 онд хамгаалсан.
- Гадаадын их олон оронд очсон байх?
Хуурны минь буян, соёл урлагийн буянаар дэлхийн 20-иод орны 50 шахам хотоор хүү Ц.Соёл-Эрдэнэтэйгээ ардынхаа урлагийн тоглолтыг сурталчлахдаа морин хуур, товшуур, хулсан хуур, төмөр хуур, их хуучир, бага хуучир хөгжмөөр тоглож, ерөөл, магтаал, монгол ардын уртын дуу, морин хуурын гоцлолууд, хууранд аялгуулан хэлдэг “Чингис хаан”, “Түмэн эх”, “Манай говиор зочлон очоорой”, “Улаанбаатар” магтаалууд, “Эх дэлхийн хүмүүс энх амгалан байтугай” ерөөл, морин хууранд гадаадын дуу хөгжмийн гоцлолууд тоглодог юм. Япон улсад тоглоход охин Ц.Бямбасайхан орчуулга хийдэг. Олон зуун ардын болон уртын дуу, үндэсний арвин баялаг урлаг, нүүдлийн соёл иргэншлээ авч яваа Монгол орон минь дэлхийд өндөр соёлтойд нь би бахархдаг.
-Таныг нилээд хожуу оюутан болсон гэсэн?
Хүнд сурах мэдэх гэдэг хязгааргүйн учир 35 насандаа оройн сургуулийн 10 дугаар ангид сурч байлаа. Тэр үед дээд сургуульд элсэн орохыг 35 насаар тогтоосон учир конкурс өгөхөөр боллоо. Ном их уншиж байсан минь монгол хэл уран зохиолын ангид орох боломжийг нээж өгсөн гэж ойлгодог. Элсэлтийн шалгалтанд Д.Намдагийн зохиол “Цаг төрийн үймээн” романы үйл явдлаар зохиомж бичих сэдэв байсан. “Алтай Таван Богдоос
Дорны их Буйр хүртэл
Алтан говийн уудмаас
Хилийн хойд овоо хүртэл
Монгол орон даяар
Цаг төр үймээнтэй байлаа” гэж эхлэж бичсэнээ ер мартдаггүй юм. Маргааш нь шалгалтынхаа хариуг харахаар очтол Ц.Цэрэндорж, Г.Охиноо гэсэн хоёрхон хүний нэрийг улаанаар бичиж, ард нь дээд оноо тавигдсан байв. Ингэж МУИС-ийн Монгол хэл уран зохиолын ангид элсэн суралцаж монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр төгссөн.
-Хүн хүн шиг явахын тулд юуг анхаарах ёстой вэ?
Залуу хойч үеийнхэндээ хэлэхэд: -Хүн биеэ хүндэтгэхээс эхлээд зүтгэлтэй, оргилуун сэтгэлтэй, алсын зорилготой, хүнтэй эелдэг сайхан харьцдаг, сэтгэсэн зүйлээ заавал гүйцэлдүүлдэг, хүний амжилт бүтээлийг хараад, сонсоод баярлаж бахархаж чаддаг сэтгэлийн тэнхээтэй, бэлгэшээлийн сайхан үгээ хэлж явсан цагт эерэг сайн эв зүйн хүч энерги авч санасан бүхэн сэтгэлчлэн бүтдэгийг анхаарч явах ёстой.
-Та олон зүйлийг санаж явдаг хүн. Таны хүсэл мөрөөдөл юу вэ?
- Бүх нийтээрээ эрүүл энх саруул сайхан байтугай.
- Монгол эх орон маань хөгжин цэцэглэж мандан бадартугай.
- Дэлхийн ард түмэн эв эетэй амгалан байх болтугай.
Монголчууд дэлхийд нэр хүнд нь өсч хөгжлийн дээдэд хүрсэн гүрэн болно. Миний эх орон өргөн уудам нутаг, арвин их баялагаараа дэлхийд мөнхөд гайхагдан жаргалтай дэлгэр болох цаг ирнэ.
-Сүүлчийн асуултыг нээлттэй үлдээе?
Баярлалаа.
Эрхэм Зиндаагаа
Эрхэмлэж яваарай
Ажил үйлс нь өөдрөг байг
Амжилт бүтээл нь гялалзаж байг
Гялайлаа танд, Зуу насалж зургаадай таяг тулаарай.
Г.Оюун
Сэтгэгдэл ( 0 )