Ардчиллыг тунхагласнаас хойш Монголчууд юу хийж чадав. Хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлбарлах байх. Ардчилсан Үндсэн хуультай болж, хүн бүр хэлэх үгнээсээ эхлээд хийх үйлдэл нь тэгш болсон. Зах зээлийн эдийн засагт шилжиж, сэтгэж чадах л юм бол санаснаараа мөнгө олж байна. Шүүхийн бие даасан тогтолцоо бүрдэж байна л гэнэ. Төрийн бус байгууллагууд байгуулагдаж, төрд тавих хяналт сайжирсан гээд хэлэх зүйл мундахгүй. Гэхдээ л нийгэм дэх иргэний оролцоо ямар байв гэж бодохоор Монгол амьгүй албаттай улс болчихож. Жирийн нэгэн иргэн нь төрдөө хяналт тавьж чаддаггүй. Иргэний үг төрд үнэлэгддэггүй. Гол дүргүй жүжгийг төр засгийнхан маань ардчиллын жилүүдэд найруулж ирлээ. Үнэндээ гол дүргүй жүжиг гэж юу байхав. Байлаа гэхэд хэн ч тоож үзэхгүй, уйтгартай байх нь гарцаагүй. Түүнтэй адил иргэнээ үнэлдэггүй улс хөгждөггүй гэдгийг өнгөрсөн жилүүд тодхон харууллаа. Гадаад өнгө төрхөөрөө Монгол улс хэрхэн хөгжиж байна вэ? Ганган байшингууд Улаанбаатарт сүндэрлэж, хотын гудамжаар нь үнэтэй машинууд сүлжилдэх бус түгжрээд л... Гэтэл нүд ирмэхийн зуур сүндэрлэж буй барилгууд нь хэдхэн баллын газар хөдлөлтийг даахгүй гэж байгаа. Ядуурал, ажилгүйдэл гарсаар л...
Нөгөө Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хөлийн уланд арчигдаж, төр засгийнхны хүнд суртал ихдэж, хээл хахуульд идэгдэв. Үнэндээ төрийн цэгцтэй, ухаалаг бодлого хаа сайгүй үгүйлэгдээд байдаг. Тиймээс Монголд сайн засаглал хэрэгтэй байна. Харин үүнийг хэрхэн бий болгох вэ? Сайн засаглалтай байхын нэг хэсэг нь иргэн, төр хоёрын хоорондын түншлэл юм. Түншлэл гэхээр найзан дундаа найгана гэсэн үг биш. Угтаа бол төрийг хөдөлгөх гол хүч нь иргэдийн хяналт байдаг. Гэтэл манайд төр нь иргэдээ халамжийн бодлогоор угжиж, иргэд нь төрдөө тавих хяналтаа умартаад удаж байна. Харин сүүлийн үед нэгэн чимэгтэй зүйл дуулдах боллоо. Тэр нь иргэний хяналтыг төрд тогтоох, иргэн төр хоёрын түншлэлийн тухай юм. Өнгөрсөн сард хотын шинэ удирдлагууд “Өнөөдрөөс эхлэн Улаанбаатарт иргэдийн оролцоо эхэлж байна” хэмээн тунхаглав. Замын түгжрэлээс эхлээд хогоор үргэлжлэх тулгамдсан асуудлуудаа хэрхэн шийдэх вэ гэсэн асуултын цорын ганц гарц нь иргэдийн оролцоо гэдгийг ойлгосон нь энэ. Харин өнөөдрөөс “Иргэдийн оролцоо” эхэлж байна гээд бараг л нэг сар өнгөрлөө. Бодит ажил болж байгаа нь мэдрэгдсэнгүй. Мэдээж үүнд цаг хугацаа хэрэгтэй байх л даа. Гэхдээ хамгийн гол нь ойлгох нэг хэрэг. Ажил хэрэг л болгоно гэдэг өөр нэг хэрэг. Үнэхээр л иргэдийнхээ дуу хоолойг сонсож, төрд тавих хяналтаа сайжруулъя гэж байгаа бол Үндсэн хуульд заасан иргэний мэдээлэл олж авах эрхийг иргэнд нь эдлүүлэх хэрэгтэй юм биш үү. Ингэх нь сайн засаглалын нэг үндэс болно.
Өөрөөр хэлбэл төрийн ил тод, хариуцлагатай байдлын баталгаа нь иргэний хяналт байна гэсэн үг. Гэтэл мэдээллийн эрх чөлөөг бид зөвхөн хэвлэл мэдээллийнх гэж ойлгодог. Бусад улс оронд иргэний мэдээлэл олж авах эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэсэн асуудал нь хоёр тусдаа байдаг юм билээ. Иргэний мэдээлэл олж авах хуультай боллоо гэхэд наад зах нь иргэн миний өгсөн татварын мөнгө юунд зарцуулагдаж байгааг мэдэх эрхтэй болно. Харин манайд энэ эрх нь нээлттэй гэх ч хачир дээрээ хаалттай байдаг нь харамсалтай. Миний төлсөн татвар хаана, юунд зарцуулагдаж байгааг мэдэхийг хүссэн ч мэдээллээ олж авч чаддаггүй. Энэ талын мэдээллийг өгөх төр засгийнхан ч байдаггүй. Мэдээлэл олж авах гэснийхээ төлөө магадгүй хэн нэгэнд загнуулж, бүр хоосон хана мөргөж, сүүлдээ арга барагддаг нь гашуун үнэн. Тиймээс төрд иргэдийн хяналт үнэхээр хэрэгтэй юм бол яаж хүргэх вэ гэдэг арга, хэлбэрийг нь бий болгох хэрэгтэй бус уу.
Саяхан төрийн ордонд “Шууд ардчилал” нэртэй иргэний оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт боллоо. Эл сургалтаар иргэн, төр хоёрын хамтын ажиллагааны талаар нэлээд чухал зүйл яригдана лээ. Хорооны Иргэдийн нийтийн хурал, Засаг даргын үйл ажиллагаа, төсөв санхүүгийн бүхий л асуудал ил тод, иргэний оролцоотой шийдэгддэг байх ёстой. Ингэхийн тулд хорооны болон хорооны хөгжлийн сангийн, Иргэдийн нийтийн хурлын дүрмүүдийг батлах эрхийг иргэд эдэлнэ. Мөн хорооны Засаг даргад нэр дэвших, сонгох, хорооны хяналтын хороог байгуулах, гишүүдэд нь нэр дэвших, Иргэдийн нийтийн хуралд оролцож, санал шүүмжлэл гаргах, санал хураалтад оролцох, нийтээр хэлэлцсэн шийдвэр, баталсан дүрэм журмыг хүндэтгэж, сахин биелүүлэх аж. Энэ чиглэлийн хууль дүрэм манайд уг нь байгаад байдаг. Хамгийн гол нь бэлээхэн байгаа зүйлээ бодит ажил болгох нь дутагдалтай байна.
Нөгөө талаар мэдээлэл олж авах нь иргэний эрхээ хамгаалах хэлбэр. Тухайлбал, Тайланд улсад нэгэн эмэгтэй охиноо нэр хүндтэй сургуульд оруулахаар санал гаргахад татгалзсан хариу авчээ. Тус сургуулийн захиргаанаас шалгалтын талаарх мэдээллийг авахыг хүссэн ч өгөөгүй гэнэ. Улмаар шүүхэд гомдол гаргаснаар өндөр албан тушаалтнуудын доогуур оноотой хүүхдүүд тус сургуульд элссэн байсныг мэджээ. Мөн нэгэн жишээ дурдахад, иргэний хүсэлтээр Японы орон нутгийн нэгэн захиргааны төсвийн мэдээллийг олж авсан байна. Тус захиргааны ажилтнууд төсвийг хэтрүүлсэн байжээ. Ингэхдээ дээд зэрэглэлийн рестаронд зарцуулсан байж. Энэ хэргээс үүдэн тус улс захиргааны ажилтнуудын дотоод хэрэглээнд зориулсан зардлыг 100 сая доллараар бууруулсан гэнэ.
Энэ мэт жишээ ил л гардаггүй болохоос манайд олон бий. Бас нэг зүйл хэлмээр байна. Хороо бүрт иргэдийн танхим байгуулъя. Өнөөдөр нийслэл хот нэг сая гаруй иргэнтэй. Тулгамдсан асуудлууд ар араасаа ундраад л байдаг. Тэгээд ч нийслэлийн хөгжил хорооноосоо гэдэг дээ. Иргэний танхим байгуулж, иргэдэд юу хэрэгтэй байгааг нь сонсъё. Хороо, дүүрэг, нийслэлийн хөгжилд иргэдээ татан оролцуулж, идэвхжүүлье. Бас өөрсдийнхөө ажилд дүгнэлт хийж, иргэдийн санаа, оноог тусгая. Үнэндээ иргэдтэйгээ эргэх холбоотой, ил тод ажиллах ёстой хороодынхонд жирийн иргэн саналаа хэлэх, хяналт тавих механизм байдаггүйгээс нийгэмд бухимдал үүсээд байгаа хэрэг. Иргэд төрийн дээр байх ёстой хэмээдэг дээ. Бүгд л тийм гэж хүлээн зөвшөөрдөг ч, амьдрал дээр өөрөөр оршин тогтнож байна. Иргэдийн оролцоо гэж чухам юуг хэлээд байгаа юм, цуглараад асуудлаа ярих тэр л орчныг нь эхлээд бий болгоод өгчих. Хорооны иргэд Иргэдийн танхимдаа асуудлаа ярилцаг. Ямар асуудлыг ярих, яаж шийдэхээ өөрсдөө мэдэг. Иргэд өөрийнхөө гудамж, хороо, дүүрэг, нийслэлийнхээ хөгжилд оролцох нь хамгийн их бүтээлч ажил болох нь гарцаагүй. Дээр нь гарсан шийдвэр нь хэрэгждэг, иргэд нь хяналтаа тавьсан шиг тавьдаг байвал нийслэл маань хөгжинө.
Тэгээд ч зарим хороодын дэргэд иргэдийн өөрсдийнх нь байгуулсан Иргэдийн бүлэг үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төслөөс үүний эхлэлийг тавьжээ. Саяхан Сонгинохайрхан дүүрэг дэх Иргэдийн бүлгийн үйл ажиллагаатай танилцаж байлаа. Хорооны нэг өрөөнд иргэдийн бүлэг ажиллах аж. Иргэд өөрсдийн хүсэл тэмүүллээр нэгдэж, бүлгээ байгуулсан нь энэ. Иргэд нийлж хэний ч санаанд багтамгүй олон ажил хийжээ. Төсөл бичээд Дэлхийн зөн олон улсын байгууллагаас хоёр ч удаа санхүүжилт авч хэрэгжүүлжээ. Иргэдээрээ ногоо тариулж, орлогыг нь нэмэгдүүлсэн байх юм. Бас хүлэмж барьж. Баянцагааны гэх 12 дугаар гудамжны 15 өрхийн бие засах газрыг шинэчилж, Оюутолгойгоос зарласан төсөлд шалгарч, “Ногоон хашаа” төслийн хүрээнд 112 айлд мод тарьсан нь сайхан ургажээ. Гуу жалга, шавар шавхайтай гудамжуудыг сонгож, явган хүний зам тавьсан зэргээр хамгийн их бүтээлч ажлуудыг Иргэдийн бүлэг амжуулсан байгаа юм.
Тиймээс Иргэдийн бүлгүүдээс жишээ авч, Иргэдийн танхимаа хороо бүрт байгуулъя. Явж явж хороо бүрт Иргэний танхим байгуулагдаж байж нөгөө яриад байгаа иргэний төрд тавих хяналтын тогтолцоо бий болно шүү дээ. Ерөнхийлөгчийн бас нийслэлд ийм танхим байгуулагдаад үр дүнтэй ажиллаж байгаа. Хөдөө орон нутаг, зарим дүүрэгт ч мэр сэр байгуулагдсан. Нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэдийн танхим хэд хэдэн удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Налайх, Багануур, Багахангай дүүрэгт Иргэний танхим байгуулагдсан ч албан ёсоор ажиллаагүй байна. Хамгийн гол нь Иргэний танхимыг хороо бүрт байгуулсан шиг байгуулж, идэвхжүүлье. Бүтээлч бүхэн хороодод л өрнөдөг гэдгийг хаа хаана ойлгоосой билээ. Тэгээд ч хотын удирдлагууд дээрх Иргэдийн бүлгүүдийн ажилтай танилцаж яагаад болохгүй гэж. Ингэж байж л төрийн тэргүүд, нийслэлийн удирдлагуудын яриад байгаа “Төрийн дээр Иргэд байна” гэдэг үг бодит ажил болох юм биш үү.
Сэтгэгдэл ( 0 )