Хуульч Н.Ариунболдтой ярилцлаа.
-АН-ын штабаас МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд хандан хууль тогтоомжид хүндэтгэлтэй хандахыг сануулсан байна л даа. Яг ямар учраас түүнийг хууль тогтоомжийг хүндэтгэхгүй, хуулийг дагахгүй байна гэж үзсэн юм бол?
-Ерөнхийлөгчид нэр дэвшигч, хуульч Б.Бат-Эрдэнэ нь “...Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл аймгуудын нийт хэсгүүдэд саналын хуудсыг гараар давхар тоолон баталгаажуулахад санал нэгдэхийг уриалж байна” гэсэн уриалгыг гаргасан нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд нийцэхгүй, тэр бүү хэл хууль зөрчихийг уриалсан гэмт хэргийн шинж чанартай байгаа юм. Хяналтын тооллогыг нэр дэвшигчид нэг нь санал гаргаж, бусад нь санал нэгдсэнээр хийдэг бус, хуульд заасны дагуу ёсчлон хийх учиртай. Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийн 55.13-т “Санал хураалт дуусмагц сум, дүүргийн сонгуулийн хороо харьяа бүх хэсгээс санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар суманд нэг, дүүрэгт хоёр хэсгийг сонгож хяналтын тооллого хийлгүүлнэ” гэж заасан байдаг. Тэгэхээр хуульд заасны дагуу явна гэдгийг хуульч нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ мэдэж л байх ёстой доо.
Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийн 13.8-д “Сонгуулийн хороодоос сонгууль зохион байгуулах, сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад... нэр дэвшигч... хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно” гэсэн байдаг. Мөн 33.7-д нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны явцад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулахыг хориглох талаар заачихаад байхад гараар тооллого явуулъя, нэр дэвшигчид оролцъё гэж сонгуулийн хороодын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг оролдож байгаа нь хуульч хүн, тэр дундаа Ерөнхийлөгчид нэр дэвшигч хүнд байж болохгүй үйлдэл шүү дээ.
-Хуульч хүн хуулиа мэддэг л байж таарна. Тэр дундаа нэр дэвшигч маань хууль зүйн ухааны доктор цолтой хүн. Нэр дэвшигч биш намынх нь зүгээс ийм уриалга гаргаж, үүндээ нэр дэвшигч буруутаж байх талтай биш үү?
-Гэхдээ уг уриалгыг МАН-ын сонгуулийн штабаас биш, харин нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ гэж нэрээ тавиад, гарын үсгээ зураад гаргасан уриалга юм шүү. Тэгэхээр үүнийг нэр дэвшигчээс холдуулах гэж яаж ч оролдсон боломжгүй л дээ. Цагаан дээр хараар бичигдэж батлагдсан хуулийг хууль зүйн доктор нь ч бай, энгийн иргэд ч бай мөрдөх нь зүй ёсны хэрэг юм.
-Угаасаа санал хураалтын дараа санамсаргүй түүврээр гар тооллого хийж автомат машины үр дүнг шалгадаг байх аа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд ийм заалт байгаа биз дээ?
-Тийм ээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд бий. Энэ тухай түрүүн дурдсан. Орон нутгийн сонгуулийн хуульд ч бий. Аймаг, сум, дүүргийн Хурлын сонгуулийн хуулийн 52.7-д энэ асуудал хуульчлагдсан байгаа.
-УИХ-ын сонгуулийн үеэр тоолсон саналын хуудсууд гар тооллоготой мөргөж байсныг албаны байгууллагууд баталж байсан санагдаж байна. Өмнөх сонгуулиудаар автомашины тооллогын дүн үнэхээр МАН-ын нэр дэвшигчийг ингэтэл эргэлзэхүйцээр зөрсөн юм уу?
-УИХ болоод Орон нутгийн сонгуулийн хуулиар хяналтын тооллого хийгдсэнийг хүмүүс санаж байгаа байх. Ямар нэг асуудал гараагүй гэдэг нь уг сонгуулийн дараагаар санал тооллоготой холбоотой маргаан үүсээгүйгээр нотлогдож байгаа хэрэг. Түүврээр сонгогдсон газруудад асуудал гараагүй, бүр зарим газар нь итгэхгүй гурав дахиулан тоолуулаад машины дүнтэй адил тоо гарч байсныг хүмүүс одоо ч ярьдаг. МАН-ын удирдах албаныхан ч тэр үеэр байлцсан болохоор автомат машинд эргэлзэх зүйлгүй гэдгийг мэдэж л байх учиртай. Үүнээс гадна саналын хуудсын зурган файлыг сонгуулийн ажиглагч нарт нэг, нэг хувийг тоон хэлбэрээр CD-гээр хувилж өгөх тухай сонгуулийн тухай хуулиудад бүгдэд нь орсон байдаг. Уг CD-ийг үндэслэн сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч нар бүх саналын хуудсыг дахин хянах боломжтой юм.
-Энэ тохиолдолд яагаад нэр зааж зарим газарт гараар тоолно гэж байгаа юм бол?
-Гар аргаар тооллого хийж байхад урьд олон зөрчил гарч байсныг надаар хэлүүлэлтгүй хүмүүс санаж байгаа байх. 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал ч сонгогчдын өгсөн саналыг санаатайгаар зөрүүлж тоолсон энэ явдалтай шууд холбоотойгоор үүссэн хэрэг. Энэ мэт саналыг буруу тоолох үйл ажиллагааг дахин гаргахгүйн улмаас хууль тогтоогчид сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд авч хэрэглэхээр болсон гэж ойлгодог. Уг шийдвэр нь түрүүчийн УИХ-ын үед гаргасан шийдвэр шүү дээ. Хяналтын тооллогын асуудал зөвхөн Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Хөвсгөл аймагт бус сонгуулийн хуульд заасанчлан бүх сум, дүүргийг хамрах нь илүү үр дүнтэй, харгүй бас шударга. Түүнээс хүн ам ихээр суурьшсан газарт хяналтын тооллого хийгээд бусдыг орхино гэдэг нь зохимжгүй.
-Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ бол энгийн нэг иргэн бус хууль тогтоож баталдаг хүн. Гишүүн ч бай, иргэн ч бай хуулийг дагаж мөрдөхгүй байхыг уриалсан тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг хуулийн заалт бий юу?
-Байлгүй яахав. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.19-т “Энэ хуулийн 33 дугаар зүйлд заасныг зөрчсөн нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Хууль зөрчсөн ч нэр татахгүй юм чинь, хуулийг зөрчин сонгуулийн сурталчилгаагаа хийж өөртөө давуу байдал үүсгээд явъя гэх байдлаар хуульд хандаж болохгүй л дээ.
-Намууд, нэр дэвшигчид сонгуулийн явцад нэгнээсээ давсан амлалт авдаг байдлыг зогсоох гэж хуулинд өөрчлөлт оруулсан санагдаж байна. Сүүлийн үед МАН-ын нэр дэвшигчийг сурталчилгааны явцад мөрийн хөтөлбөрт заагдаагүй амлалт авч байна гээд байгаа нь үнэн үү?
-Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгээр “Оюутны цалинг үргэлжлүүлэн олгоно. Б.Бат-эрдэнэ” гэсэн сурталчилгаа гарсан. Энэхүү амлалт нь түүний сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй байдаг. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.7-д “Нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглоно.” гэж заасан байдаг. Ер нь сонгуулийн мөрийн хөтөлбөрт улсын төсвөөс санхүүжилт шаардагдах аливаа зорилт, амлалт тусгахыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 32.2-т хориглосон байдаг. Харин хийсэн ажлаа тайлагнаж болох талаар мөн хуулийн 34.1.6-д заасан. Оюутны цалингийн асуудлыг одоогийн Ерөнхийлөгч санаачилж, УИХ-ын шийдвэр гарсан тул нэр дэвшигч амласан эсэхээс үл хамааран уг асуудал нэгэнт шийдвэрлэгдсэн шүү дээ. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ мөрийн хөтөлбөрт заагдаагүй амлалтыг гаргаснаас гадна сонгуулийн сурталчилгаанд хүүхэд оролцуулж, шашны холбогдолтой дуу дүрс ашиглаж байгаа нь ч хууль зөрчиж байгаа хэрэг юм.
Хууль бол заавал биелэгдэх хүчин чадалтай, эрхзүйн акт. Хууль заавал төрийн албадлагаар бус, хүний ухамсарт үйлдлээр хамгаалагдах ёстой. Ялангуяа сонгуулийн харилцаанд орж байгаа нэр дэвшигч нь сонгуулийн хуулийг заавал төрийн байгууллага, албан тушаалтны шаардлагаар бус өөрөө сахин биелүүлж, иргэдэд үлгэр жишээ болох ёстой. Ерөнхийлөгч болох гэж өрсөлдөж байгаа хүн өөрөө хууль зөрчиж эхний алхмаа хийгээд эхэлбэл түүнд цаашид итгэхэд бэрх болно шүү дээ. Тэгэхээр нэр дэвшигч гаргаад байгаа зөрчлөө бусдын шаардлагагүйгээр арилгах байх аа л гэж хүлээж байна даа.
-Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн гаргасан уриалга нь хууль зөрчсөн гэдэг дээр сонгуулийн төв байгууллагаас ямар нэгэн байр суурь илэрхийлсэн болов уу?
-Сонгуулийн Ерөнхий Хорооноос хууль бус уриалгынхаа талаар тайлбар өгөхийг шаардсан албан бичгийг нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд явуулсан нь цахим сайтуудаар тавигдсан байна билээ.
-Сонгуулийн сурталчилгаа дуустал бас цөөнгүй өдрүүд байна. Хэрэв аль нэг талууд бие бие рүүгээ дайрсан гүтгэж гүжирдсэн байдлууд хэрээс хэтэрвэл зохицуулах хуулийн заалт нь ямар байгаа вэ?
-Сонгуулийн сурталчилгааны үеэр бусдыг гүтгэх, доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглосон байгаа. Хэрэв уг заалтыг зөрчвөл захиргааны хариуцлага хүлээлгэхээр заасан. Хамгийн гол нь гүжир гүтгэлэг, доромжлол, хуурамч мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллага цааш дамжуулахгүй байх ёстой.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.20, 39.10-т гүтгэсэн, доромжилсон, хуурамч мэдээлэл тараасан, хууль зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ гэж заасан байгаа тул хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийн дамжуулж байгаа мэдээ, мэдээлэл нь хуульд нийцэж байна уу, бусдыг гүтгэсэн, доромжилсон уу эсвэл худал мэдээлэл үү гэдгийг анхаарах шаардлагатай. Намуудаас өгч байгаа мэдээллийг нягтлахгүй дамжуулбал эрсдэл нь хэвлэл мэдээллийн байгууллага дээр ирэх учраас анхаараарай гэж хэлмээр байна.
Сэтгэгдэл ( 2 )
Удвал хүн амын хамгийн ядарч яваа хэсгийн амьдралтай танилцаж байгаа нь масст таалагдаж байна амжилт хүсье
Сонгуулийн сурталчилгааг харахад Элбэгдорж аархсан их мөнгө цацсан байдалтай харин Бат-Эрдэнэ баахан бардсан байдалтай харин Удвал эгэл жирийн иргэдийн дунд их л даруу санагдлаа Эрчүүд үлгэр ярьсаар эмэгтэй хүн амьдрал ярьсаар Хаан төрийг хатан ухаанаар удирдах цаг ирлээ