Улс төрийн бие даасан бодлого явуулж чадах тийм л хүн улсын Ерөнхийлөгч болох учиртай

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 11

  Бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулж “Өдрийн сонин”-ы энэ оны 5-р сарын 22-ны №130-д нэгэн жижигхэн мэдээ нийтлэгдсэнийг сонирхуулъя: “УИХ-ын сонгуульд багагүй амжилт үзүүлсэн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийхэн Ерөнхийлөгчийн сонгуулиас болж хагаралдаад эхэлжээ. Учир нь МАХН-ынхан Н.Удвалыг нэр дэвшүүлж, МҮАН-ынхан АН-ыг дэмжиж оролцохоор болсон. Тиймээс хоёр намын удирдлагууд хоорондоо түнжин хагарах болсон” гэжээ.

 Ээлжит Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэх, батламжаа гардан авснаар төрийн хамгаалалтанд орлоо. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өмнөхөөсөө илүү ихийг хийнэ” Б.Бат-Эрдэнэ “Эх орон, газар шороо, эв нэгдлийн төлөө” Н.Удвал “Улс орондоо нүүрлэсэн таван аюулыг арилгана” гэсэн уриаг өргөмжлөн дээдэлж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж эхэлсэн.

Бид Н.Удвалыг улс төрийн арай дээгүүр төвшингөөс үнэлж цэгнэх учиртай. Манай улс  төрч эмэгтэйчүүд дотроос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн анхных нь нэр дэвшигчээр өрсөлдөхөөр гарч ирсэн гэдгээр нь биш, чухамдаа түүний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн улс төрийн чиглэмжийг нь харгалзаж Н.Удвалыг онцолж үзэж авах шаардлагатай болсон.

 Н.Удвал нь манай түрүү түрүүчийн Ерөнхийлөгчдөөс ялгагдах нэгэн үнэ цэнэтэй туршлагыг улс төрийн тэмцлийн явцад олж авсныг нь бид зориуд товойлгож ярих шаардлагатай боллоо. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр болон УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяртай хамт МАХН-ыг шинэчилж, улс төрийн жинхэнэ бие даасан нам байгуулах үйлсэд Н.Удвал Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд үнэлж баршгүй гавъяа байгуулсныг нь хэлэхгүй өнгөрч болохгүй.

Н.Удвалын улс төрийн лут тэмцэгч, улс төрийн бодлогын шийдэмгий төрх  шинж нь ялангуяа шударга ёсны хувьсгалыг өрнүүлэх явцад илэрсэн гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Том улс төрчийн бас нэг чухал шинж Н.Удвал дээр тодоос тод илэрдгийг монголчууд сайн мэддэг болжээ. Энэ нь ялангуяа шинэчлэгдсэн МАХН-ын ахмад гишүүдэд, залуу гишүүдэд яаж ханддагаар илэрч байгаа. Үүнтэй холбогдуулж элдэв хов жив, дайралт доромжлол, хавчлага шахалтыг үл хайхран МАХН-ыг улс төрийн жинхэнэ бие даасан нам болгоход гоц гавъяа байгуулсан Н.Энхбаярын төлөө Ерөнхий нарийн бичгийн даргын өндөрлөгөөс Н.Удвал жинхэнэ хүнлэг ёсны байр сууринаас хандаж чадсаныг монголчууд зүрх сэтгэлээрээ ойлгосон.

Н.Удвалын энэ улс төрч зангарга, хүнлэг чанарыг нь онцгойлон үнэлж Н.Энхбаяр Н.Удвалыг МАХН-ын нэрийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж чадах том лидер мөн гэсэн зарчмын дүгнэлтээ гаргажээ. Ийм дүгнэлтийг өндөр зиндааны удирдагчийн өндөрлөгөөс гаргахад нь Н.Энхбаярын гүйцэтгэж байсан лут лут албан тушаалууд, тухайлбал, том намын дарга, Ерөнхий сайд, парламентын спикер, Улсын Ерөнхийлөгчийн чансаа нөлөөлснийг нь бид дурьдах  учиртай. МАХН-МҮАН-ын байгуулсан “Шударга ёс” эвслээс Шударга ёсны хувьсгалыг УИХ-ын 2012 оны сонгуультай давхцуулж амилуулахад  МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалын оруулсан хувь нэмрийг Монголын сонгогч түмэн эн тэргүүнд үнэлж, анхаарах болно.

Н.Удвалын мөрийн хөтөлбөр яагаад “Таван бодлого-таван зорилт” гэсэн  нэр хаягтай болсныг тэрбээр хэлэхдээ: “Монгол Улсад сүүлийн үед нүүрлээд байгаа таван гол аюулыг олж харсан. Энэ бол үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл, үндэсний тусгаар тогтнол, монгол хүний аюулгүй байдал, шударга ёс аюулд орсон байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд  хийвэл зохих, хэрэгжүүлж шийдвэл зохих энэ асуудлыг  тусгасан “Таван бодолго-таван зорилт” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн” гэв.

Шударга ёсны хувьсгалд Н.Удвал үнэнч гэдгээ харуулж “Таван бодолго-таван зорилт” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлснээр Монгол Улсын өмнө, Монгол үндэстний өмнө, Монголын ард түмний өмнө тулгарсан таван аюулыг үндэсний үзлээр гэтлэн  давах цогц  бодлогыг нийт монгол түмэндээ уриалан сонордуулаад байна. Н.Удвалын мөрийн хөтөлбөр нь шударга ёсны хувьсгалыг нэн хүнд нөхцөлд хэрэгжүүлэхэд чиглэгдсэн МАХН-ын цогц бодлогын шууд үргэлжлэл, түүхэн залгамжлал болж өгөх бөгөөд ийм улс төрийн чиглэмж нь Монгол Улсын Ерөнхийлөгчийг Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэл мөн гэсэн лоозогносон томъёололд зарчмын өөрчлөлт оруулж, улмаар Монгол Улсын  Ерөнхийлөгч бол үндэсний аюулгүй оршнолыг хангагч, үндэсний эв нэгдлийг хэрэгжүүлэгч, үндэсний тусгаар тогтнолыг бадраагч, Монгол хүний ахуй амьдралыг тэтгэн хөгжүүлэгч, шударга ёсыг тууштай амилуулагч байх ёстой гэсэн улс төрийн үнэхээрийн цоо шинэ статусыг бий болгох лут эхлэлийг тавьж байна.

Ийнхүү МАХН-ын дээд удирдлага Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн  сонгуульд оролцохдоо үнэхээр жинхэнэ бие  даасан улс төрийн намын байр сууринаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн статуст  шинэлэг шалгууруудаар хандаж буйг бид онцлон дурьдах ёстой.

Манай улсад Ерөнхийлөгчийн сонгуулийг хэд хэдэн удаа явуулсан бөгөөд  Монгол Улсын Ерөнхийлөгч  улс  төрийн ямар том шаардлагуудыг хангасан байх ёстой вэ гэдэг асуудал байнга тавигдсаар ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч нь дөрвөн жилийн хугацаанд улс орны гол стратеги чиглэлийг хэрэгжүүлэхэд анхаарах учиртай. Бид  Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувьд улс орны бодит нөхцөл байдлыг харгалзан хоёр гол шаардлагыг л гол стратегийн чиглэмжтэй шүтэлцүүлж тавихыг эрхэмлэдэг.

Асуудлын гол нь Ардчилсан Ерөнхийлөгч байх уу, аль эсвэл ард түмний Ерөнхийлөгч  байх уу гэдэгт улс төрийн чиглэмжтэй холбогдох биш ийм хоёр шаардалга нь Монголын нөхцөл байдлаас шууд үүсч хурцадсан тийм л чиглэмжтэй байх учиртай. Бид ямар шаардлагыг  дурьдах гээд байна вэ гэвэл эхний шаардлага ашигт малтмалтай холбогдсон бүх лецензүүдийг цуцлах, дараагийн шаардлага нь Монгол Улсаа бие даасан түүхэн замнал руу хөтлөх  явдал юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгууль ид явагдаж байхад бид “Хөх толбо” сонинд: “Монголчууд бидэнд гадныхны урьханд ордоггүй, бас улс төрийн бодлого явуулж чаддаг Ерөнхийлөгч үнэхээр их баяртай байна. Ийм Ерөнхийлөгч гарч ирвэл бид бүгд эргэлт буцалтгүйгээр дэмжинэ шүү. Ийм Ерөнхийлөгч маань намхан хүн байна уу, өндөр хүн байх уу, эрэгтэй хүн үү, эсвэл эмэгтэй  юу, аль эсвэл халх уу, буриад уу, эрлийз үү, дөрвөд үү гэдэг нь ямарч хамаа байхгүй. Хамгийн гол нь улс төрийн бодлогоор Монгол Улсаа бие даасан замнал руу хөтөлж чаддаг тийм л чадвартай байх ёстой” гэжээ.

Улс төрийн бие даасан том бодлого явуулж чаддаг тийм л удирдагч  Улсын Ерөнхийлөгч болох шаардлагыг хангана. Ийм шаардлагыг хангасан Ерөнхийлөгч сүүлийн 23 жилд нэг ч удаа гарч ирж чадаагүй гэдгийг бид хэлэх ёстой. Улсын  Ерөнхийлөгч болох хүнд хэдэн зуун шаардлага тавих нь утгагүй зүйл. Улсын  Ерөнхийлөгчийн түрүү түрүүчийн сонгуулиудаар манайд эрх чөлөө гэдгийг буруу ойлгож, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн нэр сүрийг гутаах, элдвээр доромжлох хандлага цөөнгүй удаа улс төрчдийн зүгээс өөрсдийгөө мундаг лидер гэж ханхалздаг хүмүүсийн зүгээс гарч байсныг хэлэхгүй өнгөрч болохгүй байна. Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн үеэр түгэж байсныг дурьдах нь зүйтэй болов уу?

 Ардчилсан намын нэг том лидер Э.Бат-Үүл: “Н.Энхбаяр нь улсаасаа баян болох гэж улайрч байгаа нь ой гутам. П.Очирбат, Н.Багабандийн үеэс хөөцөлдсөн их өрийн асуудлыг шийдэхдээ 50 сая доллар зувчуулахаа мартаагүй” гээд цааш нь бас “Бурхан багшийнхаа сургуулийг огоорон огоорон хорвоогийн нүгэлд улайрахыг яана. Н.Энхбаяр эрх мэдэлд л даруулгагүй шунадаг нэгэн. Тэр шуналынхаа цог заль, муу аргын хүрээнд Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албыг завсаргүй хашиж чадсан” бөгөөд “нэр дэвшигч Н.Энхбаярыг сувдаг сэтгэлтэй, ой гутам араншинтай хүн” хэмээн дүгнэлээ.

Эцэст нь Э.Бат-Үүл: “Төрөөс төрсөн тэрбумтнуудыг устгахын тулд Ц.Элбэгдорж заавал ялах ёстой бөгөөд өөр сонголт монголчуудад байхгүй” гэсэн улс төрийн лут дүгнэлтээ зарлан тунхагласан аж. Бид  Ерөнхийлөгчийн сонгуулиар далимдуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрийг гутаах үйлдэл гардаг нь үнэхээр  харамсмаар зүйл болж байсан.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд гурван хүн нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна. Хоёр эрэгтэй лидер, нэг эмэгтэй лидер өрсөлдөхөөр болсон нь манай улс төрийн түүхэнд нэгэн өвөрмөц төрх шинжийг оруулж буйг хэлэх нь зүйтэй.

 

Н.Удвалын дэвшүүлсэн улс төрийн мөрийн хөтөлбөрийг шинжвэл...

 

Бид улсын Ерөнхийлөгчийг сонгох асуудалд улс төрийн соёлтой хандахыг дахин дахин анхааруулж хэлмээр байна. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн үеэр Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Ц.Элбэгдоржийг элдвээр дайрч доромжилсон үйлдлийг огт гаргаагүй гэдгийг бид ажиглаж мэдсэн. Энэ бол манай гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ямар ч л байсан улс төрийн соёлтой, улс төрийн ёс суртахуунтай лидер байсан гэдгийг хэлэх нь зүйд нийцнэ.

Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн үеэр Ц.Элбэгдорж Баабартай хавсайдаж өдөөн хатгалага хийснийг нь бид “Хөх толбо” сониноор илчилж эсэргүүцсэнийг дахин дурьдвал: “Ерөнхийлөгч Н.Энхбаярын эсрэг Ц.Элбэгдорж 12 том асуудлаар, Баабар 21 лут чиглэлээр өдөөн хатгалага хийж дайрч эхэлснийг бид буруушаасан билээ. Бид Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн хэнийг ч гэсэн, тухайлбал Н.Энхбаярыг ч, Ц.Элбэгдоржийг ч аль алиныг нь элдвээр гутаан доромжлохыг хэрхэвч зөвшөөрч чадахгүй. Том бодлого, том үйл явдлуудыг Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэрхэн, яаж явуулсныг, ямар ололт байгааг, юун дээр алдаж оносныг нь шинжлэх ухааны үндэслэлтэй цэгнэн дүгнэж яривал Ерөнхийлөгчийн сонгуулийн ач холбогдол дээшлэхээс биш доошилно гэж байхгүй. Гэтэл УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл Н.Энхбаярт Монгол Улсын Ерөнхийлөгчийн гэсэн байр сууринаас огт хандсангүй.

Харин Н.Энхбаярыг том карьерист, том хулгайч, эрх тушаал булаалцалдах донтон хэмээн албан тушаалаа хортой ашиглан дайран довтолж, улмаар 2009 онд болж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр хүндийг дээд зэргээр гутаалаа гэж бид дүгнэж байна. Тэгээд ч зогсохгүй Э.Бат-Үүлийн хорлонт үйл ажиллагаанаас болж Ерөнхийлөгчийн сонгууль жинхэнэ утгаа алдаж, хууль бус сонгууль болох гольдрол руугаа орж хэлснийг бид зориуд цохож хэлэх ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчээс өс хонзон авах, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг улс төрийн статусыг доромжлон гутаахыг бид эрс эсэргүүцэж байна” гэжээ.

Нэр дэвшигчдийн баримтлах том бодлогод бид онцгойлон анхаардаг. Тэрнээс биш нэр дэвшигч шиг оюуны гажигтай юу, онол мэдэх үү, хэр их баяжсан гэдгээр нь шүүж үздэггүй билээ. Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа лидер бол өөрийгөө тодорхой хэмжээнд бэлтгэж чадсан бөгөөд удирдан зохион байгуулах чадвартай улс төрийн лут бодлогыг тууштай хэрэгжүүлэх тэнхээтэй улс төрийн оноч хараатай, дэлхийн олон лидерүүдийн зиндаанд ойртож очсон тийм том улс төрч л улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлддөг жамтай. Бид үүнтэй холбогдуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн лут улс төрч М.Энхсайханы мөрийн хөтөлбөрийн талаар бидний өгсөн үнэлгээ одоогоос 8 жилийн өмнө хийгдсэн бөгөөд уул үнэлгээ дүгнэлтээ бид зон олонд толилуулах нь зүйтэй гэж үзлээ.

М.Энхсайхан мөрийн хөтөлбөртөө гурван асуудлыг товойлгон тавьсан. Эхнийх нь асуудал үндэсний үзлийг үндэслэж хүн хүндээ өмөг түшиг болох ёсыг түгээхийн чухлыг дурьдсан бол хоёр дахь асуудал нь тусгаар тогтнол болон аюулгүй байдлыг дээдэлсэн шинэ номлолыг гаргаж тавив. Тэгвэл гурав дахь асуудал нь хөгжил нь ядуурлыг дагуулдаг хэмээсэн улс төрийн томъёололд өөрөөр хандах ёстойг М.Энхсайхан дэвшүүлж, ядуурлаас гарах бүх гарц нь чухамдаа баялагийг зөв хуваарилах зарчимтай холбож байсныг бид М.Энхсайханы мөрийн хөтөлбөрөөс онцолж авч үздэг билээ.

Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан өрсөлдсөн бөгөөд түүний мөрийн хөтөлбөрт бидний анхаарлыг татсан зарчмын хэд  хэдэн шаардлага, дүгнэлт тусгагдсаныг дурьдвал: “Монголын ард түмний хөрөнгийг харийнханд өгдгөө зогсооё!”, “УИХ дахь намын бүлэг гэдэг нь авилга болон албан тушаалын хуйвалдааны том үүр болж хувирав”, “Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцсэн шийдвэрийг УИХ гаргахгүй байна”, “УИХ улс орны жинхэнэ улс төр, эдийн засгийн байдлыг, Монголын ард түмний амжиргааг огт ярихгүй байна”, “Ажилгүйдэл, ядууралтай тэмцье гэж УИХ санаачлахгүй байна” гэжээ.

Бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг найман жил хашсан Ерөнхийлөгч Н.Багабанди “Монголын мэдээ” сонины 2005 оны 4-р сарын 6-ны өдрийн №68-д өгсөн ярилцлагандаа дурьдахдаа “Ерөнхийлөгчийн албыг найман жил хашлаа. Ерөнхийлөгчийг сунгана гэдэг бол хариуцлагатай сонголт. Ерөнхийлөгч болох хүн хамгийн гол нь зөв хүн байх ёстой” хэмээн онцолж хэлэв.

 Ерөнхийлөгч асан Н.Багабандийн бас нэг дүгнэлтийг дурьдвал: “Монгол орныг хуучин социалист, тоталитиар дэглэмээс ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжүүлэх түүхэн үйл явцыг эхлүүлсэн” гэжээ. Ийм шилжилтийн явцад ардчиллыг гаднаа гяланцаг, дотроо паланцаг бүү болгоосой гэсэн нэгэн эмзэглэлийг Ерөнхийлөгчийн албанаас буухын өмнөхөн Н.Багабанди дурьдсан. УИХ, Засгийн газар хоёр нь холилдон сүлбэлдсэнийг Н.Багабанди илчилж, өөрийгөө магтуулж, өрөөлийг муулдаг мэдээллийн лут сүлжээ үүссэнийг илчилж авилга, тендерийн булхай, хувьчлалын луйвар нь эдийн засгийн өсөлтийг нийгмийн баримжаагүй болгож байна гэдгийг хэлж, ядуурлыг гааруулдаг тогтвортой төр хэнд ч хэрэггүй гэсэн дүгнэлтийг өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн үеэр Н.Энхбаяр лугаа хэлсэн лут лут дайралтууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн М.Энхсайхан дээр сүрхий ажиглагдсаныг бид дурьдах учиртай. Ийм дайралтууд “Үнэн” сонины 2005 оны дөрөвдүгээр сарын 29-ны №86-д нийтлэгджээ. Ардчилсан намын лидер М.Энхсайханыг хувийн болон намын ажил үйлстэй нь холбож 23 чиглэлээр зад шүүмжлэн довтолсон аж. Үүнээс зармыг нь дурьдвал “Ард” банкны дампуурал, авилга, лиценз, Эгийн голын усан цахилгаан станц, Төрийн өмчийг үнэгүйдүүлэх үйлдлүүд, тендерийн хуйвалдаан, дипломат паспортын панзлал зэрэг асуудлуудыг товойлгож М.Энхсайханыг авлигын загалмайлсан эцэг хэмээн өргөмжилж, түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших ёс суртахууны эрхгүй хүн гэж цоллосон ажээ.

 Бид Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр  улс төрийн тэмцэл сүрхий өрнөдгийг дээрх улс төрийн баримтуудаар тодруулах нь зүйтэй хэмээн үзлээ. Бид бас нэг хүний ярилцлагыг хөндье. Энэ нь “Өдрийн сонин”-ы 2005 оны 4-р сарын 9-ны өдрийн №87-д ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн өгсөн ярилцлага юм. Тэрбээр Монгол улсад өрнөсөн 15 жилийн тайван тогтуун Ардчилсан хувьсгалын дүнд хөгжлийн асуудалд төвлөрүүлэх боломж бий боллоо гэж дүгнэв. Тэрбээр Монголын төрийг ялзралаас цэвэрлэж, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөр чухал болсныг хэлэв. Ерөнхийлөгч асан Д.Бямбасүрэн улс төрийн сиймхийг ашиглаж, монжооч зах зээлийн хувьсгал 15 жилийн турш өрнөсөөр яваад Монголын төрийг ялзруулчихаад байхад үүнийг Монголд өрнөсөн 15 жилийн тайван тогтуун Ардчилсан хувьсгал гэж зориуд мушгин гуйвуулж, өөрийнхөө нүгэлт үйлдлүүдээ цагаатгах гэж, нуун далдлах гэж оролдож байдгийг бид олон түмэнд сонордуулж хэлэх ёстой.

Сонгуультай холбогдуулж, ялангуяа УИХ-ын 2004 оны сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуультай шүтэлцүүлж бид 1991 оны 1-р сараас Д.Бямбасүрэнгийн засгийн газрын эхлүүлсэн монжооч зах зээлийн хувьсгалын хоёр дахь шатны асуудлыг хөндөх шаардлагтай боллоо.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийг эргэн дүгнэх нь...

 

Монжооч зах зээлийн хувьсгалын хоёрдугаар шат бол эдийн засгийн хувьсгалтай холбогдсон асуудал байсан гэдгийг МАХН-ын дээд удирдлага ч, Ардчилсан намын лидерүүд ч огт ярихгүй орхигдуулаад байдгийг бид анзаарсан. Монжооч зах зээлийн хувьсгалын 2-р шат буюу эдийн засгийн хувьсгал нь өмчийн асуудалтай шууд холбогддог. Энд бид өмч хувьчлалыг хөндөхгүй. Иргэдэд газрыг өмчлүүлэх, бас орон сууцыг хувийн өмчид өгөх асуудлууд хөндөгдөхгүй. Бид энд огт өөр асуудлыг хөндөх ёстой. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн Монгол Улсад өрнөсөн 15 жилийн тайван, тогтуун Ардчилсан хувьсгал хэмээсэн улс төрийн томъёоллыг зориуд гаргаж ирсэн нь Монол төрийн ялзрал, дампуурал, сүйрэл чухамдаа Монгол улсын эс орших асуудлыг бодит зүйл болгосныг нуун хаацайлах гэсэн оролдлого байв. Ийм ялзрал дампуурал сүйрэл нь чухамдаа эрдэс баялагийн лицензүүдийг эмх замбараагүй панзалснаас эрдэс баялагийн ордууд Монголын ард түмний өмчөөс харийн баячуудын мэдэлд, том колоничлогчдын эзэгнэлд шилжсэнтэй шууд холбогддог болов. 2005 оны 5-р сард, өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны сонгууль ид өрнөж байсан өдрүүдэд Монголын үндэсний телевизээр аймшигт мэдээлэл түгэв. Уул мэдээнд Ардчилсан холбоо эвсэл 1900 лицензийг, МАХН 6500 лицензийг харийнханд худалдсан гэж дурдсан аж. Нийтдээ 8400 лицензээр 86 сая га талбайг худалдлаа гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, манай улсын нутаг дэвсгэрийн 56 хувийг гадаадынхан колоничлолыг эзэгнэдэг болов. Ингэж Монголын ард түмний өмчинд байсан 86 сая га талбай эрдэс баялагийнхаа хамт харийн колоничлогчдын өмчид шилжлээ. Ийнхүү монжооч зах зээлийн хувьсгалаар 1995, 1996 оноос эхлүүлсэн эдийн засгийн хувьсгал, 1997-2000 онд эрч хүчээ авч 2001-2004 онд оргил цэгтээ хүрч очсон байна. Эдийн засгийн хувьсгалыг хоёр том нам ард түмнээс нууж далдуур хэрэгжүүлснийг бид 2002-2003 онд явагдсан шинэ давалгаа хөдөлгөөний үеэр олж тогтоолоо.

 1991-2005 онд Монгол улсад луйврын засаг ноёрхлоо тогтоож, монжооч зах зээл ид галзуурч байсан он жилүүдэд дарга ангийнхан баяжиж Монгол түмэн үнэмлэхүй ядууралд өртсөн. Луйврын засаглал бол их инфляциар дэвэрдэг үнэгүйдэл ард түмнийг ядууруулж Монгол Улсыг хоосруулсан билээ. 8400 лицензээр 86 сая газрыг харийн колоничлогчдод панзалсан дарга ангийг Монголын улс төрийн талбараас хөөн зайлуулж УИХ-ыг, Засгийн газрыг, Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулж, цөмийг нь “ганц худаг”-ийн шоронд хорьж улс төрийн том хариуцлага тооцох ёстой гэсэн шаардлагыг тавьсан билээ. Луйврын засаглал бол ардчилал биш, ард түмний засаглал биш, ард түмний онцын зөвлөл биш гэдгийг монжооч зах зээлийн  хувьсгалын хоёрдугаар шатанд өрнөсөн эдийн засгийн шулаач хувьсгал нотолж харууллаа. Бидний дээр дурьдсан 8400 лицензийн дотроос 1680-аад лицензийг он оноор нь хоёр том намын хаяглалаар тодруулах нь зүйтэй болов уу.

1995-1996 онд 46 лицензийг, 1997-2000 онд 101 лицензийг, 2001-2004 онд 1533 лицензийг, 2005 онд 119 лицензийг МАХН, Ардчилсан холбоо эвсэл хоёр панзалжээ. Үлэмжийн баялагтай, эрдэнэсийн агуулга өндөртэй газар нутгаа  гадны колоничлогчдод маш хямдаар 60-100 жил эзэмшүүлэхээр худалдаж авсан байв. Тогтвортой засаглал, тогтвортой хөгжил хэмээн панаалдсаар яваад луйврын засаглал нь ард түмнээ ядууруулж, улс орноо хоосолчихсон гэдгийг хэлэх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалтыг бэлэнчлэн дэмжих нэрийн дор манай дарга анги, манай элитүүд, том баячууд, олигархиуд ахар богино хугацаанд дэлхийд нэр нь цуурайтсан тэрбумтангууд болно гэж дөвчигнөж явсныг, төрийн гурван өндөрлөгт лут лут алба хашиж улс орноо панзалдаг аймшигтай гэмт хэргүүдийг үйлдчихээд байгааг бид “Хөх толбо” сонины гадны гурван давхар далд колоничлолоор, нэмүү бүтээгдэхүүний далд алдцаар, далд мөлжлөгийн итгэлцүүрээр монгол түмэндээ сонордуулсаар ирсэн билээ.

 Оны зааглалаар хичнээн хэмжээний лиценз панзалсныг бид дурьдсан бол эдгээр лицензийг Ерөнхий сайдуудын гараар зөвшөөрөгдөн арилжсаныг дурьдъя. Тухайлбал Ардчилсан холбоо эвсэл 1680 лицензээс 189-ийг нь панзалсан бол 1491 лицензийг МАХН-ын том лидерүүд наймаалжээ. Бид зарим нэг лидерүүдийн нэр усыг нь дурьдаж хэн, хичнээн лиценз худалдсаныг нь 2005 оны 5-р сарын 16-ны байдлаар мэдээлснийг дурьдвал П.Жасрай 29 лиценз, М.Энхсайхан 15 лиценз, Ц.Элбэгдорж 137 лиценз, С.Наранцацралт 19 лиценз, Амаржаргал 18 лицензийг тус тус наймаалсан гэдэг нь илчлэгдсэн байна.

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн эхлүүлсэн монжооч зах зээлийн хувьсгал 2005 оны 5 сард гэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуулийн ид өрнөлийн өдрүүдэд Монголын төрийн гурван өндөрлөг гэсэн нэр хаяг бүхий луйврын засаглал газар нутгийнхаа 56 хувийг буюу 86 сая га талбайг гадныханд панзалсан аж. Ийнхүү монжооч зах зээлийн хувьсгал амжилттай өрнөж улмаар энэхүү хувьсгалын хоёр дахь шатыг, өөрөөр хэлбэл эдийн засгийн шулаач, хувьсгалыг үндсэнд нь амжилттай дуусгалаа гэсэн үнэлгээ дүгнэлт гарч ирж байгаа.

 Харин 1990 онд гуравхан сар үргэжилсэн ардчилсан хувьсгал луйврын засаглалыг тогтоох асуудлыг огт хөндөөгүй бөгөөд харин ард түмний онц зөвлөлийг сүндэрлүүлэх улс төрийн том шаардлагыг дэвшүүлсэн. Ардчилсан хувьсгал хэзээ ч Монгол Улсынхаа 86 сая га газрыг эрдэс баялагынх нь хамт гадныханд, колоничлогчдод 8400 лицензээр панзлахгүй байсан гэдэг нь түүний дэвшүүлсэн стратегийн зорилтоос харж болно. Эрдэс баялагынхаа ордуудын лицензээс 448-ыг оросуудад, 232-ыг хятадуудад, 141 лицензыг япончуудад худалдсан явдал нь манай улсад гадны гурван давхар далд колоничлолыг сүндэрлүүлэх лут боломжийг бий болгосон гэдгийг бид дурьдах учиртай. Ардчилсан хувьсгал нэгэнт зогсоод 23 жил болж. Монжооч зах зээлийн хувьсгал идэвхитэй үргэлжилсээр, өрнөн бадарсаар 22 дахь жилтэйгээ золголоо.

 Бид үүнийг ийнхүү дурьдахын учир юу вэ гэвэл Ардчилсан хувьсгал нь монжооч зах зээлийн хувьсгалаас газар тэнгэр шиг, өдөр шөнө шиг эрс ялгаа заагтай гэдгийг хамгийн түрүүнд нам төрийн эрх баригчид ойлгох ёстой. Тэд бас шинжлэх ухааны социализмаас шовинизм огт өөр гэдгийг шинжлэх ухаан коммунизмаас далд колониализм, неоколониализм ил колониализм зарчмын эрс тэс зааг ялгаатайг ойлгон ухаарах цаг хэдийнэ ирчихээд байна.

Ялангуяа өнөө үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн үеэр эрх баригчдын мэлмий социализм, шовинизм, коммунизм-колониализмын зааг ялгааны ухаарлаар, сэхээрлээр нээгдэх болтугай гэж бэлэгшээж байна. Улсын Ерөнхийлөгчид дан эрчүүд өрсөлддөг байсан бол энэ оноос эхлээд эмэгтэй, тэгэхдээ шинжлэх ухааны доктор, шинэчлэгдсэн МАХН-ын нэгэн гоц лидер, эрүүл мэндийн сайд өрсөлдөж байгаа явдал манай улс төрчдөд их зүйлийг эргэцүүлэн бодох гарцыг нээж байгаа шүү. Энэ удаагийн сонгууль луйврын сонгууль бүү болоосой гэж хүн бүхэн хүсэж байгаа.

Шударгаар өрсөлдөнө гэдгээ Н.Удвал Монгол түмэндээ дуулгасан. Бид сонгуулийг олон удаа явууллаа. Асар их хөрөнгө мөнгө, хүч чармайлт, зүтгэл гарсан. Энэ удаагийн сонгуулиар, тэр тусмаа Ерөнхийлөгийн сонгуулиар хэн нь ч сонгогдсон ялгаагүй, тэгээд ч бидний амьдрал ямар өөрчлөгдөх биш гэсэн шалгуураар, аль эсвэл бөөн хуйвалдаан, далд тохироо заль мэх хэвээр үргэлжлэх учраас санал өгсөн ч, өгөөгүй ч ялгаа алга хэмээсэн шалгуураар Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд хандаж болохгүй. Хэрэв сонгогч олон маань 1993 онд П.Очирбат 57 хувийн саналаар ялж 1997 онд 30 хувийн саналаар ялагдсаныг мартаагүй биз. 1997 онд Н.Багабанди 61 хувийн саналаар, 2001 онд 58 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялж байжээ. 2005 онд Н.Энхбаяр УИХ-ын дарга, МАХН-ын дарга байхдаа 53 хувийн саналаар Ерөнхийлөгч болоход М.Энхсайхан УИХ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга байхдаа 20 хувийн саналаар ялагдсан ч гэсэн Н.Энхбаярын ялалтанд баяр хүргэж, улс төрийн соёлтой гэдгээ нотолж Монголын олон иргэдийн таашаалыг хүлээснийг дурьдах нь зүйтэй байх.

 Ц.Элбэгдорж 2009 онд Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн байхдаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж 51 хувиар ялалт байгуулжээ. Бид энэ бүгдийг дурьдахдаа дээрх сонгуулиуд үлэмжийн маапаантай, маргаантай явагдсан энэ дашрамд дурьдах ёстой. Сонгогчдын идэвхи буурсаар байгааг бид хэлэх учиртай юм шүү. Сонгуульд санал өгөх ёстой сонгогчдын 93 хувь нь 1993 онд, 85 хувь нь 1997 онд, 83 хувь нь 2001 онд, 75 хувь нь 2005 онд тус тус саналаа өгөв. Сонгогчдын оролцоо улам буурч буйг дээрх үзүүлэлтүүд харууллаа.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн хүмүүс сонгуульд ялагдсаны дараа тэднийг хэвлэлээр муулдаг үзэгдэл гарч байсныг цухас дурьдая. Тухайлбал 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн М.Энхсайханыг намаа задалсан замаа буруулсан, эвслээ нураасан гэдгээр, Б.Жаргалсайханыг арга залиар УИХ-ын гишүүн болсон ч гэнэ үү, тавьсан өр нь монголдоо багтахгүй болчихсон гэх шиг доромжилж байсныг дурьдахад юу нь буруу байхав. Б.Эрдэнэбатыг байгаль орчныг сүйтгэж балаг тарьдаг товарищ хэмээн баалж байсан удаатай.

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 51 хувийн санал авч Ерөнхийлөгч болсон ч гэсэн түүнийг хятад цустай, эрлийз удмын хүн гэх зэргээр гоочилж байсан билээ. Энэ бүгд юуг харуулаад байна вэ гэвэл манайд цөөнгүй иргэд, бас сонгогчид, бас зарим лидерүүд хорсол атаархлаа тайлах гэж сонгуульд өрсөлдөгчдийгөө баалж нэр төрийг нь гутаах зан араншингаасаа мөддөө салахгүй гэдэг нь байнга мэдрэгдээд байдаг болсон. Би хувьдаа, сонгогчынхоо хувьд, Ардчилсан хувьсгалын онол бодлогыг тууштай баримталсаар өнөөг хүргэсний хувьд ямар ч л байсан шударга ёсны том хувьсгалч Н.Удвалын Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхдөө улс орондоо нүүрлэсэн 5 аюулыг “арилгахад” чиглэгдсэн 5 бодлого, Таван зорилт мөрийн хөтөлбөрийг нь уншин танилцаж, санал бодлоо хэлж, Н.Удвалыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялах болтугай хэмээн Монгол түмэндээ Н.Удвалыг дэмжээрэй гэж чин сэтгэлээсээ хүсч байгаагаа хэлэх юун.

 

Доктор П.Нэргүй

Эх сурвалж: Хөх толбо сонин

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(203.169.53.19) 2013 оны 06 сарын 11

tiim shuu hamgiin chuhal ni moriin hotolbor shuu dee yu ch baisan anhni emegtei yoronhiilogchid ner dewshij bga demjeed sanalaa ogoorei gj urialj bn

0  |  0
зочин(182.160.16.82) 2013 оны 06 сарын 11

Удвал шударга байхдаа хүчтэй гэж сайхан уриа дэвшүүлжээ Шударга ёсыг үнэлэмж болгож чадсан нь өөрөө Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаагаар харж болно

0  |  0
зочин(182.160.16.82) 2013 оны 06 сарын 11

Одоо Монголын эмэгтэйчүүд бүгдээрээ дэмжинээ бас дээр нь өрх толгойлж байгаа эрчүүд ажилгүйчүүд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс буюу ард түмний ядуу дунд хэсэг Удвалыг дэмжиж байгаа мэдээ байна

0  |  0
Top