Ардчиллын цэцэг дэлгэрч байна
МАХН-аас Н.Удвалыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлжээ. Энэ ганц өгүүлбэр авч Монголын ардчилалын түүхэнд бичигдэн үлдэнэ. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монголын түүхэнд анх удаа эмэгтэй хүн нэр дэвшин өрсөлдөж байна. Өмнөх сонгуулийн үеэр “Ардчилал эрийн цээнд хүрэхэд ардчилагчид нэр дэвшинэ” гэж нэгэн сонинд бичиж байсан билээ. ЭНэ бол олон нийтэд тун нөлөөтэй байсан, хийсэн хувьсгалынхаа үр дүнг тэр бэрхийг сөрсөн залуус нэг үзэг дээ гэж сонгогчид бодсон нь гарцаагүй. Энэ л өрсөлдөөнд давуу талыг авчирснаас бус өөр үзүүлэлтээр Ц.Элбэгдорж тийм ч гоц гойд байгаагүй юм шүү.
Тэгэхэд 1990 оны хувьсгалыг гардан хийгчид дөнгөж Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших “насанд хүрч” байсан юм билээ л дээ. 1992 оны Үндсэн хуулийг батлахад тухайн үеийн хуучинсагууд ардчиллын хүүхдүүдэд “төрийн толгойг алдахгүй” гэж насыг 45 гэж тогтоосон гэдэг. Гэтэл ардчилсан хувьсгалын удирдагчид ердөө 30 хүрээгүй шоволзсон “бацаан” байсан. 2009 онд тэр бацаануудаас Ц.Элбэгдорж нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон. Түүнтэй нам дотроо өрсөлдсөн Э.Бат-Үүл дэвшсэн ч ялах л байсан. Асуудлын гол нь ардчилсан хувьсгалын удирдагч гэсэн имижд л байсан шүү дээ. Ардчилсан хувьсгалын төгс ялалтын цаг тэгэхэд тохиосон ч байж магадгүй. Хожим түүх шүүх биз. Яг тэр цагаас Монголд ардчилал бүрэн ялсан бөгөөд Ц.Элбэгдорж түүхэн үүргээ гүйцэтгэж, МоАХ-ныхны нулимсыг асгаж, элгийг дэвтээсэн. Юуны төлөө хувьсгал хийснээ бодит байдлаар тэгэхэд нэг харсан байх.
Харин 2013 онд нэгэнт ялсан ардчиллын үзэл санааг нэг шат ахиулах ёстой байсан юм. Длхийн ардчилсан улсуудын холбоогтэргүүлж байгаагийнхаа хувьд ч тэр, Азид ардчиллын үлгэр жишээ болсон улсын хувьд ч тэр. Ардчилсан хувьсгалыг хийгчид үр дүнгээ 2009 онд бие хүн дээр үзлээ, харлаа, бахархлаа. Харин 2013 онд Ардчилсан улс гэдгээ тодотгох нэгэн цоо шинэ алхам хийх ёстой, энэ бол ардчилал бэхжиж буйн баталгаа болох учиртай. Чухам ийм сэтгэл зүйн үндсэн дээр л нэр дэвшигчид тодорсон. Ерөнхийлөгчөөр ажилласан хүнээ ахин дэвшүүлдэг нь бараг л ёс болсон учраас АН-ын Ц.Элбэгдоржийг дэвшүүлэх шийдвэр бол шинэ юм биш байсан. Гэхдээ нэг хувьсгал хоёр ялдаггүй гэсэн логик бий.
МАН-аас аваргыг нэр дэвшүүлэв. Гоц сонирхол татахуйц үзэгдэл мөн үү гэвэл мөн. Хэн ч нэр дэвших эрхтэй, ажил мэргэжил үл хамааран нэр дэвших ёстой. Асуудлын гол нь бөх хүн гэдэгтээ ч байгаа юм биш, намын даргаа ялаад нэр дэвшинэ гэдэг л улстөрийн түүхэн талаасаа үзэгдэл байсан. Түүнээс бус барилддаггүй эр хүн гэж хаа байлаа, Ц.Элбэгдорж жижигхэн ч гэсэн бөх л бол бөх гэж үздэг монголчуудын тухайд хөнгөн жингийн чөлөөтийн бөх болж харагдана шүү дээ. Чухам ийм учраас Б.Бат-Эрдэнийн рейтинг нэр дэвшмэгцээ богино хугацаанд өссөн, энэ бол сонгогчдын сэтгэл хөдлөл..., гайхалтай үзэгдэлд түр автсаных. Гэвч сонгуулийн компанит ажлын явцад энэ үзүүлэлт буурч байгаа нь МАН-ын сонголт тийм ч оновчтой байгаагүйг харуулж байна.
Харин МАХН-аас Нацагийн Удвалыг дэвшүүлсэн нь олон нийтийн хүлээлт, ардчиллыг алхам урагшлуулах тэр л зорилтыг бүрэн биелүүлсэн алхам байсан юм. “Монгол Улсын Ерөнхийлөгчид эмэгтэй хүн нэр дэвшлээ”. Монгол бол жинхэнэ Ардчилсан орон юм байна. Ардчилал нь богино хугацаанд үсрэнгүй хөгжиж байгаа юм байна гэдгийг батлан харууллаа. МАХН-д олон хүчтэй улстөрчид, ялангуяа эрчүүд бий. Ч.Улаан, О.Чулуунбат, Д.Тэрбишдагвыг гэх мэт үргэлжилнэ.
Ардчиллын цэцэг дэлгэрч байна. Удвал гэдэг нэр бол эртний самгардийн Утпала буюу “цэцэг” гэсэн үг. Монголчууд дэлхийн гүрэн учраас олон үндэстний цэцэг гэдэг үгийг өөриймшүүлж авсан. Бадма, Лянхуа гэдгээс эхлээд. Гэхдээ бүгдийг нь нэгэн цэцгийн нэр болгоод оноочихсон байгаа юм. Бүр нийлүүлээд Бадамлянхуа гэдэг цэцгийн нэр хүртэл бий болгочихсон. Харин Удвал цэцгийн нэрэнд дангаараа л явж байна.
Орчин үеийн Монголд
Монголын эртний түүхийг бүгд л мэднэ. Харин орчин үеийн Монголын түүхэнд төрийн шагналт зохиолч Сономын Удвал хэмээн хүндтэй хатагтай байсан. Зохиолчдын хороог, нийгмийн үзэл суртлын маш хариуцлагатай ажлыг нугалж байсан, эмэгтэйчүүдийн хороог ч тэргүүлж байсан. Нэн хүндтэй, нийгэм солигдсон ч нэр нь бүдгэрээгүй тэр эмэгтэйг залгамжлагч нь Эрүүл мэндийн сайд Нацагийн Удвал.
Социализмын үеийг олон түмэн мартаагүй л байгаа. Нэг онигоо байдаг. МАХН-ын Улс төрийн товчооны хурал дээр “Бид дэлхий дахинд ардчилсан улс болж харагдахын тулд заавал нэг эмэгтэйг сайд болгох ёстойн дээр бас үндэсний цөөнхөөс нэг хүнийг сайд болгох ёстой” гэж ярилцжээ. Гэтэл нэг шооч сайд (Зарим хүн Ерөнхий сайд Пунцагийн Жасрай агсныг гэдэг) тэгвэл нэг казах эмэгтэйг л сайд болгочихьё л доо, нэг сумаар хоёр туулай буудна гэж энийг л хэлнэ шүү дээ гээд бөөн инээдэм болсон гэдэг. Зүгээр жаахан хошигноход төрийн гурван өндөрлөг дундаа нөгөө хоёр эрээсээ арай өндөр харагдаж фейсбүүк, твиттерийн шуугиан болж магадгүй гэсэн шалтгаар л сонгохоосоо татгалздаггүй юм бол өөр шалтгаан алга л байна шүү дээ.
Эмэгтэй хүн төрийн өндөр албан тушаал хашина гэдэг бол өнөөгийн ертөнцийн жишгээр бол хаана ч хамгийн ардчилсан орон болж харагдана. Гэхдээ бид коммунист дэглэмээс салж, жинхэнэ ардчилсан орон болсноо нотлон харуулахад эмэгтэй сайдтай байх ерийн хэрэг харин төрийн гурван өндөрлөгийн нэг эмэгтэй хүн байх нь бүр шал өөр хэрэг юм л даа. Социализмын үед Сангийн яамны орлогч сайдаар 20 гаруй жил ажилласан Балдангийн Долгормаа гуайгаас эхлээд чадварлаг боловсон хүчин мундаг эмэгтэйчүүд олон байсан ч хэн ч хэзээ ч жинхэнэ сайд, сайд нарын зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайд, УТТ-ны жинхэнэ гишүүн, тэр байтугай Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга болж байгаагүйг бид бэлхнээ мэднэ. Ганцхан жанжин Сүхбаатарын гэргий Н.Янжмаа гуай богино хугацаагаар буюу Бумцэнд гуайг нас барсны дараа жил орчим АИХ-ын тэргүүлэгчдийн дарга буюу УИХ-ын даргаар ажилласан байдаг.
Ардчилсан засаглалын үеийн шалгуураар эмэгтэй хүн төрийн тэргүүн болох нь Монголын нэр хүндийг өндөрт өргөсөн хэрэг болох юм. Үүнд чухамхүү Сүх жанжны хэлсэнчлэн “Хүн бүрийн хүчин зүтгэл” хэрэгтэй болоод байна.
Ардчилсан тогтолцооны үеийн шалгуураар бол Н.Удвал бол намын бэлтгэгдсэн боловсон хүчин, өмнөх үеийнхээс ондоо нь дээр өгүүлсэнтэй адил бодлого, томилгоогоор бус өрсөлдөөнөөр өөрийн улстөрийн байр сууриа бий болгосон эмэгтэй билээ. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа шинэ тутам намаа парламентад суудалтай нам болгоход томоохон амжилт гаргасан. Тэр ч байтугай намын жагсаалтаар сонгогдох боломж байсан ч ялах боломжтой тойргоос нэг ч гэсэн суудал авахын тулд тойрогт нэр дэвшиж эрсдэл хийж байсан. Эрүүл мэндийн дэд сайд, Эрүүл мэндийн сайдын албыг нэр төртэйгээр хашиж байна, чухамхүү шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараа Н.Удвалыг Эрүүл мэндийн сайдаар томилогдоход мэргэжлийн, салбараа мэддэг хүн ирлээ гэж баяртай угтан авсан. Өнөөгийн улстөрийн хямралт нөхцөлд ялангуяа эрүүл мэндийн салбар хамгийн их хэл ам дагуулж байгаа ч тэрээр өөрийгөө хойш суух эрхгүй хүн хэмээн үзэж энэ албыг авсан билээ. Өөрөө л ил ярьдаггүй болохоос түүний нөхөр Монголын анхны ардчилсан хөдөлгөөнүүдийн нэг Шинэ дэвшилт холбоо, Монголын Үндэсний дэвшил намыг үүсгэн байгуулагч хүн байсан. Тэр хүнийг АН-ынхан одоо ч сайнаар дурсдаг.
Социализмын жилүүдэд ард түмнийхээ дунд зовлон жаргалаа хуваалцаж ажлын гараагаа эхэлсэн энэ эмэгтэйн жирийн хүүхдийн эмчээс төрийн Ерөнхийлөгчид нэр дэвших хүртэлх амьдралыг бичвэл нэгэн номд ч багтахгүй буй за. Энэ хүн Монголын эхчүүл, хүүхдүүдийн бүхий л зовлон жаргалыг мэднэ, яагаад гэвэл зөвхөн эмч хүн л мэдэх тийм онцгой орчинд тэр амьдралынхаа бүтээлч үеийг өнгөрөөсөн юм. Хамгийн энгийнээр хэлэхэд тэр Ерөнхийлөгч болбол эх хүүхдийн эрүүл мэндийн асуудал өнөөгийнхөөс хэд дахин сайжирна. АН бол хүүхдийг мөнгө гэж л харж байна. Харин МАН-ын засаглалын жилүүдэд хүүхдийн эмч ч бэлтгэхээ больсон тул юу ч хэлэх вэ дээ.
Ардчилсан ертөнц ба Ардчилсан Монгол
Ний нуугүй хэлэхэд парламент биш юм аа гэхэд Засгийн газрын бүтцэд орсон олон эмэгтэйчүүдийн томилгооны ард өмнөх нийгмийн “ардчилсан болохоо” нотлох бодлого уламжлагдсан байдаг. Гэхдээ Монгол улс энэ талаар ихээхэн хоцорч яваа.
Ардчилсан үзүүлэлт нь байг гэхэд эмэгтэйчүүдийг хамгийн уламжлалаараа ч орчин үеийн хүмүүжлээрээ ч хамгийн их хүндэтгэн үздэг гэж ярих дуртай Монголчууд яг ажил хэрэг болгохдоо үүнийгээ мартдаг гэмтэй. Гэтэл дэлхий ертөнц эмэгтэй удирдагчдын суу алдрыг мандуулсаар байна.
Израйлын Ерөнхий сайд асан Голда Меирийг “Даашинзтай Бисмарк”, “Израилийн Засгийн газар дахь цорын ганц эр хүн” гэдэг байжээ. Энэ ийм учиртай. Нэг удаагийн хуралдаанд хатуу байр суурьтай байсан цорын ганц эмэгтэй Хөдөлмөрийн сайдаа Ерөнхий сайд Бен Гурион “Манай засгийн газарт байгаа цорын ганц эр хүн” гэж л дээ. Гэтэл “Хэрэв би таныг Засгийн газар дахь цорын ганц эмэгтэй гэж нэрлэвэл та хэрхэхсэн бол?” гэж Голда хариу барьсан гэдэг. Бүү няц, хатуу бай л гэсэн үг.
1973 онд Боловсролын сайд байхдаа “Эмэгтэй хүн ерөнхий сайд болохыг би энэ яваа насандаа үзэхгүй юм шиг байна” гэж байсан Маргарет Тетчер хожим “төмөр хатагтай” гэдэг нэрийг дэлхийн эмэгтэй улстөрч бүрт зүүх алдрыг хүртсэн. Түүнийг нас барсны дараа уурхайчид баяр тэмдэглэж байсан ч Их Британи дэлхийн аугаа гүрэн хэвээр үлдсэн. М.Тетчер Фолклендын дайныг эхлүүлж, ялуулж байсан.
Европын орхиё, цаашаа. Тайландын хувьсгалын эсрэг хувьсгалыг эмэгтэй Ерөнхий сайд Ийнлак Чинаватра хийсэн. Тэр хувьсгалаар огцорсон ахынхаа гүйцээж амжаагүй шинэчлэлийг үргэлжлүүлж байна.
Энэтхэгийн Индра Ганди, Бирмийн Аун Сан Су Чи, Пакистаны Беназир Бхутто, Филиппиний Карасон Акино бүгдээрээ эмэгтэйчүүдийг дорд үздэг, кастын системтэй, лалын соёлтой гэх мэтээр адалдаг Азийн домог болсон эмэгтэй удирдагчид. Тэд хатуу чангаараа алдаршсан улс. Харин Монголд бол эмэгтэйчүүдээ эвтэйхэн хошгируулчихаад намхан эрчүүл нь өндөр суудалд суудаг заншилтай.
Өнөөдөр эрчүүлд дутагддаг тэр хатуу байр суурь, шинэчлэлийг чухамдаа эмэгтэйчүүд л хийж чадна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд чухам ийм шалтгаанаар эмэгтэй хүн ялсан. Тэр нь оносон болохыг бид харж байна. Улстөрийн орчин үеийн түүхийг харахад эмэгтэй удирдагчид л хатуу чанга байр суурьтай байж, шинэчлэлийг хийж байна. Хойд Солонгосын шинэ залуу удирдагч, Өмнөд Солонгосын шинэ эмэгтэй удирдагчдын улстөрийн тулаан хэний ялалтаар өндөрлөж байгааг бид харж л байна.
Нэгэнт дэлхий дахин ийм бэлээхэн туршлагуудаа харуулсаар байхад бид зүгээр л хараад суугаад байх гэж үү? Зун болж, цэцэг дэлгэрч байна. Бас ардчиллын цэцэг дэлгэрч байна. Энэ цэцгийг бид услаж тордон ургуулах ёстой. Ингэж байж улстөрд урин цаг ирнэ. Харин урин цагийг төмөр цэцэг л авчирдаг юм билээ. Энэ талаас нь харвал нэр дэвшигчдийн дундах цорын ганц эр хүн нь Нацагийн Удвал байх шүү.
Сэтгэгдэл ( 1 )
Eronxiilogchid toxirox naad zaxin shalguuraar ene emegtei toxirox xyn bish eeeeeeeeeeeeee!