Хэрэгтэй удирдагчдаа сонгож чадахгүй байгаа нь хүмүүс өөрсдөө дэндүү харанхуй байгаа хэрэг гэдгийг судалгаанууд харуулжээ
Леон Уотсон, “The Daily Mail” Их Британи
Энэ судалгаанууд нь Гитлер болон бусад XX зууны харгис дарангуйлагчдын чихэнд сайхан хөгжим шиг сонсогдох байсан биз ээ.
Гэвч судалгаагаар батлагдсан бодит байдлыг мэдэж авах нь жирийн хүмүүс бидний хувьд эвгүйхэн санагдаж болох юм.
Эрдэмтэд одоогийн энэ ардчиллын онол төсөөллийг маш муу үр дагаваруудтай нэг ноцтой гажигтай байна гэж үзжээ : тохирох хамгийн сайн нэр дэвшигчдийг сонгож засгийн эрхэнд гаргаж ирэхэд хүн амын ихэнх нь дэндүү харанхуй байгаа ажээ.
Одоогийн энэ ардчиллын онолын дагуу ардчиллын сонгууль нь иргэдийн олонхи хамгийн сайн нэр дэвшигчийг, эсвэл санал болгож байгаа улстөрийн үзэл санаануудаас хамгийн сайныг нь сонгодог гэсэн нэг урьдчилсан төсөөлөл дээр үндэслэж байдаг билээ.
Гэвч өнөө үед улам олон судалгаанууд ардчилсан сонгуулийн үр дүнд тааруухан дундаж удирдагчид болон улстөрчид л гарч ирдэг гэдгийг харуулж байна.
Корнелийн Их сургуулийн сэтгэлзүйч, профессор Дэвид Даннингийн удирдсан нэг судалгаа нь юмны учрыг сайн ойлгоогүй хүмүүс өөрсдөө ийм мэдлэг чадвар, мөн чанартай байгаа учир бусад нэр дэвшигч хүмүүсийн мэдлэг чадварын тухай шүүн тунгааж энэ хүмүүсийн дэвшүүлж байгаа тэр үзэл санаануудыг хир сайн чанартай гэдгийг нь үнэлж дүгнэж чаддаггүй гэдгийг харуулж байгаа ажээ.
Жишээлбэл, хэрэв тухайн хүн татварын өөрчлөлт шинэчлэлийн мэргэжилтэн биш бол үнэн хэрэг дээрээ энэ асуудлын өндөр мэргэжлийн шинжээчид - нэр дэвшигчдийн дэвшүүлж байгаа тэр саналыг нь үнэлж дүгнэхэд маш хэцүү байдаг. Шаардлагатай дүгнэлтүүдийг хийхэд тухайн тэр сонгогчийн зүгээр л мэдлэг боловсрол, оюун ухааны чадавхи нь хүрэлцдэггүй байна.
Энэ бүхний үр дүнд сонгуульд нэр дэвшигчдийн талаарх ямар ч хэмжээний мэдээлэл эсвэл баримт нотолгоонууд нь ихэнх сонгогчдын цаанаасаа ийм чадваргүй байдлыг нь давж тэднээр зөв сонголт хийлгэж чаддаггүй байна.
Профессор Даннинг “Маш ухаалаг үзэл санаануудыг ойлгоход хүмүүст хэцүү төвөгтэй байдаг. Учир нь ихэнх хүмүүс энэ үзэл санааг хир зэрэг сайн гэдгийг нь олж харж ойлгоход хангалттай өөрийн мэдлэг, туршлагагүй байдаг” гэж ярьж байна.
Ардчилсан сонгууль нь хүмүүст сонголт өгдөг гэдэг хэдий ч хамгийн сайн нэр дэвшигчийг сонгох ёстой байдлыг бол хангаж чаддаггүй гэдгийг энэ судалгаанууд харуулсан байна.
Даннинг мөн Корнелийн Их сургуульд өмнө нь ажиллаж байсан, одоо Нью-Йоркын Их сургуулийн профессор Джастин Крюгер нар хүмүүс тэдний өөрсдийнх нь оюун ухааны туршлага чадавхиудыг үнэлэх болоход тэд өөрөө өөрсдийгөө хуурч мэхэлдэг гэдгийг судалгаануудаараа харуулсан байна.
Хошин шогийн мэдрэмж, мэдлэг боловсрол эсвэл шатар сайн тоглодог эсэх ер нь чухам юуг туршиж шалгаж байгаагаас үл хамаарч хүмүүс өөрөө өөрсдийн чадваруудыг дандаа “дундаас дээш” гэж үнэлдэг гэдгийг энэ судлаачид илрүүлсэн байна. Энэ туршилтуудын үед өгсөн байсан даалгавруудыг бусдаасаа муу биелүүлж байсан хүмүүс хүртэл өөрсдийгөө ингэж үнэлэж байжээ.
“Бид өөрсдийнхөө талаар төдийгүй бусад хүмүүсийн тухай шүүн дүгнэхдээ ч мөн л бодитоор хандаж чаддаггүй. Бусад хүмүүсийн мэдлэг чадварын тухай үнэлэлт хийж чадах таны мэдлэг чадвар хичнээн дутуу муу байгаа нь таны өөрийн чинь мэдлэг чадварын зэргийг тодорхойлж байгаа хэрэг” гэж профессор Даннинг үзэж байна.
Үүний шалтгаан их энгийн байдаг ажээ. “Хэрэв таны тухай салбарын талаарх мэдлэгүүд чинь дутуу дулимаг байгаа бол та өөрийнхөө энэ дутуу байдлыг мөн бусад хүмүүсийн алдаануудыг ч олж харж зөв үнэлж дүгнэж чадахгүй юм” гэж тэрээр баталж байна.
Мөн дээрхи туршилтуудад оролцсон хүмүүс даалгавруудыг хэн хамгийн муу биелүүлсэн бэ гэсэн үнэлэлт дүгнэлт хийхдээ бүх тохиолдолд хялбархаан тэгээд бас яг онож үнэлж санал нэгдэж байсан бол харин хамгийн сайн биелүүлсэн хүмүүсийг болохоор нэрлэж чадахгүй байсан нь үнэхээр гайхалтай.
Үнэн хэрэг дээрээ ийм харанхуй хүмүүс хамгийн муу нэр дэвшигчдийн мөн ийм үзэл санаануудын хувьд шүүгчид нь байж чаддаг боловч хүмүүс бид бүгдээрээ хувийн туршлага мэдлэг байхгүйгээсээ болоод хамгийн сайн нэр дэвшигчдийг мөн ийм санаануудыг олж харж ойлгож дүгнэх тал дээр бол сохор байдаг гэж дүгнэжээ.
Немцийн нийгэмзүйч Мато Нагель сүүлийн үед профессор Даннинг болон профессор Крюгер нарын энэ онолуудыг ардчилсан сонгуулийг загварчилсан компьютерын математик загварын тусламжтайгаар шалгаж байгаа ажээ.
Тэрээр өөрийн энэ математик загварт нэр дэвшигчдийн лидерийн тэр шинж чадварууд нь Гаусын (хонхны хэлбэрийн) муруйгаар хуваарилагдсан өөрөөр хэлбэл тэдний зарим нь үнэхээр сайн удирдагчид, зарим нь маш муу удирдагчид, гэвч ихэнх нь дундаж маш тааруухан лидерүүд байдаг гэсэн нэг урьдчилсан төсөөллийг математик аргаар суулгаж өгсөн байна.
Ингэхэд аливаа сонгогч өөрт нь байгаа тэр лидер чадвараас ЯЛЬГҮЙ дээр(!) лидерийн шинж чадвартай нэр дэвшигчийг л зөв үнэлж дүгнэж сонголтоо зөв хийж чадаж байсан байна. Харин өөрөөс нь хамаагүй илүү дээгүүр лидер чадвартай тэр хүмүүсийн дэвшүүлж байгаа үзэл санааг нь ойлгож зөв үнэлж дүгнэхэд ердөө л түүний өөрийнх нь мэдлэг боловсрол, оюуны чадавхи нь хүрэлцдэггүй байна.
Ингэж математикаар загварчилсан ардчилсан сонгуулиудаар лидерийн шинж чадварууд нь нийт сонгогчдын лидерийн чадварын дундажаас яльгүй өндөр лидер шинж чадвартай нэр дэвшигчид л хэзээд ялалт байгуулж байсан байна.
Судалгааныхаа явцад доктор Нагель ардчиллын үед ховорхон удаа л эсвэл бүүр ХЭЗЭЭ Ч хамгийн сайн нэр дэвшигчид сонгогдож чаддаггүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.
Хэрэв дарангуйлагчид эсвэл засаглалын бусад ийм хэлбэрүүдтэй харьцуулах юм бол ардчилсан сонгуулийн давуу тал нь ердөө л нийт сонгогчдын дундажаас доогуур чадвартай тийм нэр дэвшигчид сонгогдож засгийн эрхэнд гарах явдлыг л үр дүнтэй урьдчилан хааж байдагт оршдог байна.
Жич: Энэ нийтлэлийн оригинал "The Daily Mail" сонинд хэвлэгдсэн болно.
Хэрэв ардчиллын тухай хүн төрөлхтний түүхийг сөхөн үзвэл эртний ардчилсан бүгд найрамдах (демократ засаглалтай) улсуудад зөвхөн цэргийн үүрэг хүлээсэн эрчүүд, татвар төлөх чадвартай хүмүүс л төр засгаа сонгох сонгуулийн эрхтэй байсан байна. Тэд нийгмийн харьцангуй цөөнх нь байсан гэдэг. Тэд хэрэв сонголт хийхдээ алдаа гаргасан бол өөрсдийн мөнгө хөрөнгөөр төдийгүй ийм алдаанаас үүдсэн дайн тулаанд цусаараа үнийг нь төлдөг байсан нь сонголтынх нь жинхэнэ хариуцлага байсан жээ.
Бөөн хүмүүс – харанхуй олонхийн оюуны нийлбэр чадавх нь энэ олонхийг бүрдүүлж байгаа хүн нэг бүрийн дундаж оюуны боломж чадвараас доогуур байдаг гэдгийг олон судалгаагаар нэгэнт баталсан байдаг. Харин тэгвэл яг энэ гайхалтай сонин гажиг байдал нь өнөөгийн “ардчилсан” улс орнуудын төр улсын үндсийг бүрдүүлж байгаа юм. Энэхүү хачин жигтэй байдал нь манай парламентын засаглалын ажиллагаа, шийдвэр гаргаж байгаа зарчим, хожим хүлээж байгаа “хариуцлага” тал дээр яг ингэж ажиглагддаг.
Ер нь тусгаар тогтсон төр улсын хамгийн чухал шийдэрүүдийг аль болох энэ талын мэдлэгтэй хамгийн шилдэг хүмүүсийн хүрээнд эсвэл тэдэнтэй зөвлөлдсний үндсэн дээр нэг хүн хариуцлагаа үүрч гаргадаг байх нь чухал байдаг бол түүхэн үнэт туршлага юм. Харин тэр албан тушаалтны эсвэл тэр хүмүүсийн шийдвэр нь улс үндэстний эрх ашгийг дээдэлсэн мөн хариуцлагатай байгаа эсэхэд нийгэм олон нийт үр дүнтэй хяналт тавьж байх ёстой. Одоогийн манай түвшинд төр засгаа зөв бүрдүүлэх нэг оновчтой гарц бол төрийн удирдлагад технократууд давамгайлсан мөн тодорхой хязгаарлалтуудтай ардчиллын зарчим, хэм хэмжээнүүдийг оновчтой зохицуулсан нэг хувилбар байх боломжтой.
Ер нь тухайн чиглэлээрээ өндөр мэргэжиж тухайн орон нутагтаа, улс нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүний сонгуулийн санал нь дундаж нэг иргэний эсвэл бүүр төр нийгмийн өмнө тулгараад байгаа асуудлуудаас хол хөндий нэг хүний саналтай тэнцүү эрхтэй байдаг нь өнөөгийн энэ ардчиллын агуу том дотоод зөрчил юм.
Одоо улс нийгэм, олон нийтийн санаа бодлыг далдаас залж удирддаг (ялангуяа хэвлэл "мэдээлэл" + "боловсролоор" дамжуулан хийж байгаа) арга технологиудыг хавтгай хүчтэй хэрэглэж байгаа өнөө үед ардчиллын шууд хэлбэрээс татгалзах нь өөртөө их эрсдэлийг дагуулах боломж байгааг заавал тооцож анхаарах ёстой нь мэдээж юм. Энэ бол тусдаа том сэдэв биз ээ.
Өнөөдрийн энэ ардчилал гэж бидэнд ойлгуулж бидний олонх ч итгэчихээд явж байгаа энэ засгийн эрх мэдлийг хууран завших хэлбэрийг жинхэнэ ардчилал (демократи) биш харин ч харанхуй олонхийн засаглал (охлократи) гэж нэрлэдэг. Үүнийг зайлшгүй олж харж ойлгож ухамсарлах нь жинхэнэ ардчилал, эрх чөлөө рүү хийх нэг алхам юм.
Төв, орон нутгийн сонгуулийн янз бүрийн түвшинд хүмүүс нэр дэвших мөн сонгох эрхтэй байхын тулд янз бүрийн шалгаруулалт, хязгаарлалтууд байж болох юм. Жишээ нь, гэр бүлтэй хүн байх гэх мэт. Дашрамд дурьдахад, АНУ-д сонгуулийн хязгаарлалтуудыг XX зууны 20-оод онд л халсан түүхтэй. Барууны үлгэр жишээ ардчилалтай гэгддэг улс орнуудад 2-3 намууд өрсөлдөж ардчилсан сонгууль хийж байгаа мэт харагдавч үнэн хэрэг дээрээ бол баялагийн хуваарилалтын зарчим, дотоод болон гадаад бодлого чиг баримжаа нь огт өөрчлөгддөггүйг анзаарвал тэдний эрх баригчдын хувьд ардчилал нь үнэт зүйл биш харин хэрэгсэл зэвсэг болсон гэдэг нь ойлгомжтой болох юм. Харин тэгвэл юуны хэрэгсэл зэвсэг вэ гэдэг асуулт урган гарч ирж байна?!
Өнөөгийн энэ өрнөдийн маягийн ардчиллын загвар, үр дагаврууд нь бол дан ганц Барууны орнуудад төдийгүй бусад улс орнуудад ч нийгмийг бүхэлд нь мэдлэг оюуны маш энгийн болхи доогуур түвшинтэй, зөвхөн материалаг хэрэглээнд дэндүү их ач холбогдол өгдөг, ёс суртахууны хувьд дэндүү доогуур болгон хувиргаж улс нийгмийг ялзрал задрал хүргэдэг гэдэг нь нэгэнт бодит байдал болсон нь ойлгомжтой байгаа билээ. Дээрхи нийтлэл ч үүнийг нэг талаар хүлээн зөвшөөрсний зөвхөн ганцхан жишээ л юм.
Хэрэв орчин үеийн материалаг хэрэглээний юмсыг тооцохгүй юм бол дэлхийн ард түмнүүдийн уламжлалт үнэт зүйлс, ёс суртахууны хэм хэмжээ, зан заншил, угсаатны аж амьдралын хэвшил, ер нь нийгмийн хөгжил нь өнөөгийнхөөс чанарын өндөр түвшинд байсан нь бол харин бодит түүхэн баримт юм. Мэдээж хэрэг, ийм нийгмүүд нь одоогийн материалаг хэрэглээг баримжаалсан “хөгжлийн” талаас нь авч үзвэл “хоцрогдсон байсан" боловч одоогийн энэ манай соёл иргэншлээс хамаагүй урт удаан настай, тогтвортой бас илүү хүнлэг байсан нь бас л түүхэн баримт билээ.
Одоо манайд ардчиллыг бол үнэнд ойр мэдээлэлгүй, мэдлэг боловсрол султай болгосон бас аж амьдралын завгүй дарамтан доор хийсэн жирийн хүмүүсийг худал амлалтууд, тархины угаалтаар залилан мэхлэж эх орных нь эрх ашиг - засгийн эрхийг нийгмийн нөөц баялагтай нь цөлмөн завшиж байгаагаа хаацайлах арга хэрэгсэл болгосон байгаа! Гаднаас экспортлогдсон “ардчиллын” энэ загварынхаа дотоод том зөрчлүүд, хүргээд байгаа ноцтой үр дагваруудыг нь үгүйсгэх, өөрөө хэлбэл өнөөдөр манай улс нийгэмд чухам юу болоод байгааг, биднийг хааш нь чирээд байгааг олж харахгүй байгаа мэт дүр эсгэж байгаа нь улс нийгэм, түмэн олныхоо амин чухал язгуур эрх ашгуудыг бус харин хувийнхаа өчүүхэн либерал эрх ашгаа, мөн бүлэглэлийнхээ эрх мэдэл мөнгөний эрх ашгийг зүтгүүлж байгаа бэртэгчин хоёр нүүр гаргагчдын араншин юм. Эсвэл тэдэнд зүгээр л зөв мэдээлэл, жинхэнэ мэдлэг боловсрол, аналитик оюуны чадавх нь хүрэлцэхгүй байгаа юм болов уу?...
Эргэцүүлэн бодоцгооё, эвлэлдэн нэгдэцгээе, эрх орноо өөд нь татаж хөгжүүлцгээе.
Сэтгэгдэл ( 3 )
Энэ бол яг үнэн зүйлийг бичжээ. Үнэндээ ардчиллын нэр барьсан луйварчид л гарч ирээд байгаа шүү дээ. Үэнийг хэлэхэд сонгогчид маань ч улс орныхоо төлөө хэн юу хйж чадахав гэдгийг огт мэдэхгүй харанхуй бүдүүлэг байна ш дээ!
Яахав чи гаслаад л сууж бай. Чам шиг хүнд МАХН ялвал ажил олдож магадгүй. МАН ялвал тендер олдож магадгүй. АН ялвал чи яаж насыг барна даа хөөрхийс.
дэмжиж байна. сайхан бичжээ. ЭЛБЭГДОРЖ АРД ОЛНОО ХУУРАН МЭХЭЛЖ БАЯЛАГАА ХАРИЙНХАНТАЙ НИЙЛЖ ЦӨЛМӨЖ БАЙГАА НЬ ТУЙЛЫН ХАРАМСАЛТАЙ. ЭНЭ ТЭНЭГ ХҮНИЙГ ЯАЯ ДАА БАЙЗ