А.Одончимэг: Хар машины луйврыг эсэргүүцэгчид нэгдсээр байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 18

-Хөдөө орон нутгийн  29700 иргэн   гарын үсгээ  ирүүлсэн-  

Сонгуулын санал тоолох хар машиныг эсэргүүцэх эхчүүдийн хөдөлгөөн өрнөөд  долоо хонож байна. Энэ хугацаанд хөдөө орон нутгийн   нийт 29700 гаруй хүн дэмжиж  гарын үсэг зуржээ.  Хар машиныг эсэргүүцэх хөдөлгөөн өчигдрөөс   эхлэн нийслэл Улаанбаатар хотод   үргэлжилж байна. Энэ талаар тус хөдөлгөөний тэргүүн А.Одончимэгтэй ярилцлаа.  

-Сонгуулийн санал тоолох хар машиныг  эх орны өнцөг булан бүрт   олон хүн эсэргүүцэж  байна. Та бүхэнтэй  олон хүн нэгдэж, дэмжиж байгаа юу?

-Сонгуулийн санал тоолох хар машиныг эсэргүүцэх эхчүүдийн хөдөлгөөн байгуулагдаад найм дахь хоногтоо үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд бид  14 аймагт ажиллаж, 29700 орчим санал хураагаад байна. Өчигдрөөс  эхлэн  нийслэлд хөдөлгөөнөө өрнүүлсэн.  Ганцхан хоногийн хугацаанд  1000 гаруй санал ирсэн. Тэдний дотор  залуус,  эмэгтэйчүүд энэ асуудлыг  чухалчлан үзэж байна. Энэ сарын 12-ны өдөр гурван намын төлөөлөл   цугларч сонгуулийн санал  тоолох хар машинд тест хийж шалгаж үзэхэд эргэлзээтэй асуудлууд олон гарч хар машин шалгалтанд тэнцээгүй. Санал хураах явцад иргэд заавал машинд итгэх хэрэгтэй юм уу, урьд нь гараар тоолдог байсан одоо ч гэсэн болох л ёстой, ард иргэдийн чин үнэнч саналаар гарсан хүнийг төрийн тэргүүн болгомоор байна, ямар нэгэн намын харъяаллаар сонголт хиймээргүй байна гэх зэрэг олон  саналыг дэвшүүлж байсан.

-Хөдөө орон нутагт ажиллахдаа  эмэгтэй нэр дэвшигчийг хэр дэмжиж байгааг сонирхов уу?

-Хөдөө орон нутагт  МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалыг дэмжиж буй эх, эмэгтэйчүүд олон  байна. Яагаад гэвэл өнөөдөр төр, засгийн толгойд байгаа хүмүүс ихэвчлэн эрчүүд байдаг. Олонхи нь   архины үйлдвэрийн эзэд.  Тиймээс архины талаар болон архитай тэмцэх тал дээр ямар ч арга хэмжээ авдаггүй. Тэд хэзээ ч архины эсрэг хуулийг батлахгүй.  Хөдөө орон нутагт ажиллах явцад нэг шуудай борцыг хоёр шил архиар сольж байгаа тохиолдол байна. Байгалийн баялаг, газар нутгаа харийнханд худалдах талаар хэлэлцэхийн оронд архигүй Монгол Улсыг бий болгохийн төлөө ажиллах хүнийг сонгохыг хүсч байна.

-Энэ талаар  авч байгаа арга хэмжээ байна уу? Таны бодлоор хэрхэн шийдэх вэ?

Сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусахаас өмнө бид хураасан  саналуудаа Сонгуулын ерөнхий хороонд өгч, хар машинаар саналын хуудсыг тоолж дууссаны дараа 50-60 хувьд нь бид эхчүүдийн саналыг тулгаж үзнэ. Өрх айлын гэрлийн тоолуур, усны тоолуур, бензин түгээгүүрийн газрын тоолуурын машин, дэлгүүрүүдийн кассын машин зэргийг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг баталгаажуулан шалгаад лацдаж болдог боловч ганцхан сонгуулийн санал тоолох хар машинд ямар ч хяналт шалгалт, ямар нэгэн лац тэмдэг, албан ёсны баталгаа байдаггүй. Мөн сонгуулийн тухай хуулийн ном гарсан байгаа, уг номон дээр саналын машинаар тоолох үед ямар нэгэн будлиан гарсан тохиолдолд шалгах журмаар гар аргаар дахин тоолж болно гэсэн заалт байдаг. Гэтэл ийм заалт оруулсан боловч гар аргаар тоолсны дараа ямар арга хэмжээ авах талаар дурдаагүй учир энэ нь иргэдийн дунд маш том эргэлзээ төрүүлж байгаа юм.  Манай хөдөлгөөнд “Үндэсний Хас”, “Даяар Монгол”  хөдөлгөөнийхөн, мөн саналын машиныг эсэргүүцэж байгаа намын төлөөллүүд хамтарч ажиллаж байгаа. Нийслэл хотод тав хоног үргэлжилж, саналын үр дүнг гарган, мэдэгдэлүүдийг  бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард түмэнд хүргэж мөн Сонгуулын ерөнхий хороонд өгөх болно.

Т.Зотол

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top