УИХ-ын гишүүн Ц.Цолмонтой ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд Төрийн ордон нам гүм байна. Та ойрдоо хаагуур ямар ажил амжуулав?
-Сонгуулийн ажлаар говийн нутгаар яваад ирлээ.
-Говь нутгаар сонин сайхан?
-Нэр дэвшигчээ дагаад богино хугацаанд нэлээд олон аймгаар яваад ирсэн.
Сонгогчид манай нэр дэвшигчийг дэмжиж байна. Сүүлийн 20 жил эрчүүд улс төрд нэлээд будлиан тарилаа. Ядуу хүмүүст төвөгтэй, баян чинээлэг хүмүүст тааламжтай нийгэм бий болгожээ гэсэн хандлага байна. Энэ байдлыг эмэгтэй хүний зөөлөн сэтгэл, ухаанаар засч залруулах цаг болсныг иргэд хэлж байна.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа дуусах дөхөж байна. Өнгө аясыг нь та хэрхэн харав?
-Н.Удвал сайдыг дагаж орон нутгаар голчлон явсан болохоор сайн мэдэхгүй байна. Ямартаа ч нөгөө хоёр нам мөнгө ихтэй учраас мөнгөөр зодсон сурталчилгааг сайн хийж байна. Харин манай нэр дэвшигчийн хувьд харьцангуй хэмнэлттэй гэж хэлж болно. Намуудад сонгуулиар их мөнгө цуглараад байгаа бол түүнийгээ цэцэрлэг, яслид зарцуулаач гэсэн саналыг манай намаас тавьж байсан. Харамсалтай нь энэ удаагийн сонгуульд хэрэгжсэнгүй өнгөрөх шиг боллоо.
-Гурван нэр дэвшигчийн сонгуулийн гарааг хэрхэн харсан бэ. Одоо рейтинг нь ямар байна?
-Сонгуулийн гараа намынхаа рейтингээр л эхэлсэн. Н.Удвал сайдын хувьд рейтинг нь зугуухан өсч байна. Нөгөө хоёр нэр дэвшигчийнх өндөр эхэлсэн боловч төдийлөн өсөхгүй байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Энэ удаад гар сольж үзье, эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурийг дээшлүүлэхийн тулд эмэгтэй Ерөнхийлөгчтэй байх нь зүйтэй гэсэн үзэлд нэгдвэл манай нэр дэвшигчийн хувьд маш том боломж бий.
-Ойрын үед томоохон шийдвэр гаргаж, тууз хайчилсан үйл явдал олон болж байна. Засгийн газрын бодлого шийдвэрээр сурталчилгаа хийгээд ч байх шиг?
-Сонгууль бүрийн өмнө иймэрхүү юм болж байдаг шүү дээ. Сонгогчид аль хэдийнэ мэддэг болсон байх. Олон улсын нисэх онгоцны буудлын төсөл гэхэд гурав дахь сонгуулиа үзэж байна. Эрхбиш энэ удаад ажил болох байх гэж итгэж сууна.
-Орон сууцны зээлийн хүүг өчигдрөөс бууруулж эхэллээ. Энэ хэр бодитой ажил болох бол?
-Орон сууц барих нөхцөл нь сүүлийн үед улам хүндрээд байх шиг. Санхүүжилт талаасаа ч тэр. Гүйцэтгэл, дулаан, цахилгааны зөвшөөрөл, дэд бүтэц гээд улам л төвөгтэй болоод байгаа. Ийм нөхцөлд энэ шийдвэр хэрхэн хэрэгжихийг хэлж мэдэхгүй байна. Би нэг их найдахгүй байна.
-АН-ынхны хэлж байгаагаар амьдрал сайхан болоод байх шиг. Үнэхээр тийм байна уу. Хөдөөгүүр явахад иргэд юу ярьж байх юм?
-Монгочууд гурван анги болчихсон шүү дээ. Баячууд нь 2-3 хувь, ядуучууд нь 20-30 хувь, үлдсэн нь дундаж амьдралтай болчихож. Тиймээс нийт монголчууд тийм байна гэж хэлэхэд хэцүү. Ядуучуудын амьдрал дээшлэхгүй, улам хүндрэх талдаа байгаа бол баячуудын хувьд амьдрал нь улам сайжирч байгаа нь ойлгомжтой. Тэгэхээр төр засгийн шийдвэр ч гурван чиглэлд хуваагдаж тусах ёстой.
-Авлига буурч чадаж байгаа юу. Сонгууль дөхөөд ирэхээр идэж уусан, мөнгө угаасан хэргүүд ар араасаа хөвөрсөөр байна?
-Сонгуультай сонгуульгүй ийм процесс явах ёстой. Мэдээж сонгуулийн пи ар бас байна. Аль ч нам сонгуульд зориулаад янз бүрийн юм хийдэг. Түүнийг үгүйсгэх аргагүй. Өмнөхөөс харвал сонгуулийн өмнө баахан хэрэг илрээд эхэлдэг. Сонгууль дуусангуут хэрэгсэхгүй болгосон, эсвэл шалгасан чинь юу ч илэрсэнгүй гэх мэт. Энэ мэхийг 20 жил хэрэглэсэн шүү дээ. Үр дүн багатай л даа.
-Таны дүгнэлтээр хаврын чуулган хэр үр дүнтэй өнгөрөв?
-Төлөвлөж байсан хэд хэдэн хуулиа гаргалаа. Нэгэнт сонгуулийн ажил өрнөөд их хурлын гишүүн бүр нам, нэр дэвшигчийн ажилтай байгаа болохоор түр завсарлуулсан. Сонгуулийн дараа цуглараад хүлээгдэж байгаа хуулиудаа гаргачих байх. Сонгуулийн өмнөх чуулган нэг иймэрхүү байдаг шүү дээ.
-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй тухай хуулийн төсөл яригдаж байна. Энэ талаарх таны бодол?
-Би энэ талаар бараг найман жилийн өмнө хэлж байсан. Зохимжгүй зүйл байгаа юм. Японд бас ийм тогтолцоотой. Гэхдээ тэнд маш олон гишүүнтэй. Манайх 76 гишүүнтэй, түүний 40 нь ялсан талынх нь. Гэтэл 20-ыг нь сайд болгочихдог. Ингэхээр хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал хэтэрхий холилдоод байгаа юм. Гишүүд нь сайд нарынхаа гарт орчихсон. Гүйцэтгэх засаглалынхаа бодлогыг парламент нь хэрэгжүүлээд байгаа юм шиг болчихсон. Тэр утгаар зохимжгүй байгаа юм. Гол нь энэ асуудлыг ярьж байгаа цаг хугацаа нь сонгууль руугаа хандаад байна. Одоо бүгд дэмжиж байна гэчихээд сонгуулийн дараа бүгд чимээгүй болчихдог. Утгагүй хэрэг л дээ.
-Шинэ Засгийн газар гараад яамдын тоог нэмсэн. Багагүй ч хугацаа өнгөрлөө. Үр дүнг нь дүгнэх болсон байх. Олон яамны хэрэг ер нь байна уу?
-1990 оноос өмнө манай улс хорь гаруй яамтай байлаа. Тэр үед Д.Бямбасүрэн гуайн даалгавраар зах зээлийн орнуудын Засгийн газрын бүтцийг судалж байсан юм. Тэгэхэд Монголд ч төдийгүй бусад оронд 12 яамтай байх нь зохимжтой гэсэн дүгнэлт гаргаад бүтцийг нь тодорхойлж байсан. Хуульд заасан бас нэг зохимжгүй зүйл нь Ерөнхий сайд томилогдонгуутаа Засгийн газрын бүтцийг өөрчилж болохыг заачихсан байдаг. Үүнийг болиулах хэрэгтэй. 12 яам, Ерөнхий сайд, нэг Шадар сайдтай байхад боломжийн. Хамгийн гол нь нэг Засгийн газар гараад л яамдын бүтцийг солиод байх нь утгагүй хэрэг. Бүх яам гадаадын ижил төстэй яамдуудтайгаа харилцаж байдаг. Гэтэл Монголд бужигнаад, өөрчлөгдөөд нааш цаашаа болоод байх нь зохимжгүй.
-Хийж байгаа ажил нь харагдахгүй байгаа яамыг нэрлэвэл?
-Тэгж нэрлэх нь зохимжгүй байх. Яам болгон дор бүрнээ ажлаа хийж байгаа. Гол нь яамдын аппаратыг байнга солиод байхаар ажиллах чадвар муутай болчихдог. Тэгэхээр төрийн албыг тогтвортой байлгах нь чухал.
-Намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн боловсруулж байгаа хуулийн төсөл юу байна?
-Бидэнд нэн түрүүнд тулгамдаад байгаа Үндсэн хуулийн шинэчлэлт, өөрчлөлт. Мөн Намуудын тухай болон Сонгуулийн тухай хуулийг энэ ондоо багтаагаад шинэчлээд гаргачихмаар байгаа юм. Манай байнгын хорооны хувьд хилийн боомтын тухай хуулийн төслийг ажил оронгуут үргэлжлүүлэх байх. Батлан хамгаалах чиглэлд шинэ парламент байгуулагдсанаас хойш дорвитой зүйл хийсэнгүй. Батлан хамгаалах яамнаас ч асуудал оруулж ирсэнгүй. Бид салбарын яаманд нь сануулж байгаа. Дараагийн чуулганаар энэ чиглэлийн хуулиуд нэлээд яригдах байх. Манай улсын гадаад орчин шинэчлэгдэж байгаа, Монгол ядуу, хэний ч анхаарлыг татдаггүй улс байсан бол одоо хүн болгоны анхаарлыг татаж байгаа учир батлан хамгаалах салбар яалт ч үгүй чухал. Монгол хүн бүрийг цэргийн үйл хэрэгт оролцуулдаг байх шинэчлэл хэрэгтэй байна. Өнөөдрийн сонин уншиж байхад Норвегид эрэгтэй, эмэгтэйчүүд цэргийн ажиллагаанд тэгш оролцдог болох хууль гаргасан байна. Израйль бас тийм. Европ, Африкийн зарим оронд эмэгтэйчүүд цэргийн алба хаадаг. Нэгэнт жендерийн асуудал ярьж, эмэгтэйчүүд удирдах албан тушаалд ажиллах ёстой гэж байгаа бол улсын батлан хамгаалах салбарт мөн адил оролцох ёстой.
-Эмэгтэйчүүд дэмжих болов уу?
-Мэдээж тэднийг зовоох гэж байгаа юм биш. Эмэгтэйчүүдээ цэрэг эх оронч хүмүүжилтэй, биеийн болоод оюуны чадвартай, шаардлагатай үед улс орноо хамгаалах чадвартай болгох чухал л даа. Эмэгтэйчүүд нь цэрэгт очоод хөгждөг, боловсордог байх ёстой. Тэднийг шантраах биш хөгжүүлэх ёстой юм. Залуучууд цэргийн албанд сонирхолтой болж байна. Цэрэгт очихоороо давуу тал байна шүү дээ. Эрчүүд төрийн албанд цэргийн алба хааж байж орж байгаа. Тэгэхээр эмэгтэйчүүд бас алба хааж болно. Орчин үеийн армийн үүрэг боловсронгуй болж байгаа. Техник технологи нэвтрээд биеийн хүчний арми биш технологийн арми болж байна. Тэр үед эрэгтэй, эмэгтэй ялгаагүй болно шүү дээ. Бид эмэгтэй Ерөнхийлөгчтэй болж үзье гэж байна. Тэр утгаараа ялгараад хэрэггүй л дээ.
Бас Гадаад харилцааны яаманд даалгавар өгчихсөн байгаа. Ойрын үед хаалттай хуралдаан хийж гадаад харилцааны асуудлаар ярилцана. Хоёр хөршийн харилцааг илүү тодорхой болгох талаар ярилцана. Хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцах гэдэг нь юу гэсэн үг болох, аль салбарт хэнтэй нь илүү хамтран ажиллах талаар тодорхой болгох хэрэгтэй.
-Сүүлд нь асуухад та ээлжийн амралтаа хэзээ авах гэж байна. Зуны сайхан улиралд юу хийж амрах төлөвлөгөөтэй байна?
-Ээлжийн амралтын талаар бодсон юм алга байна. Хөдөө орон нутгаар явна. Манай Архангай аймгийн Цэнхэр сумын 90 жилийн ой тохиож байгаа . Тэр ажлуудад оролцоно. Сонгуулийн дараа л зохицуулна даа
Эх сурвалж:www.polit.mn
Сэтгэгдэл ( 0 )