Б.Цэрэндорж: Хүн технологийг хэрэглэдэг болохоос итгэж болохгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 18

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд иржээ. Үүнийг илтгэх шиг сонгуультай холбоотой сайн, саар мэдээ мэдээллүүд түгсээр байна. Өнгөрсөн өдрүүдэд гадаадад суугаа Монголчуудын санал хураалт явагдлаа. Харин сонгууль дөхөөд ирэхээр иргэдийн санааг хамгийн ихээр чилээж байгаа асуудал бол санал тоолох автомат машин. Өмнө нь энэ машингүйгээр сонгуулиа өгдөг байхад санал авах, тоолоход луйвар гардаг л байсан. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр уг машиныг ашигласнаар сонгуулийн булхай, луйвар алга болно гэж сонгууль зохион байгуулагчид үзэж байсан ч асуудлууд гарсаар л байсан. 6 дугаар сарын 12-ны өдөр намуудын төлөөллийг байлцуулан СЕХ-ноос санамсаргүй тохиолдлоор сонгох зарчмаар автомат машиныг тестэлсэн. Санамсаргүй сонголтоор Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Дорноговь аймгийн Замын-Үүдийн 28 дугаар хэсгийн хороо таарчээ. Тус хороонд байрлуулах автомат машинд саналын хуудсыг хүчингүйгээр тоолох бүхий л нөхцлийг тооцож урах, нугалах, буруу бөглөх зэргээр саналын хуудастай ажиллаж автомат машинд хийхэд ямар нэг алдаа илрээгүй. Гэвч цаг хугацааны хувьд эрт хийсэн туршилт учраас улс төрийн намууд энэхүү тестлэх үйл ажиллагаанд төдийлөн итгэхгүй байгаа аж. Хэрэв сонгуулийн үр дүнд нөлөөлье гэвэл санал хураах тухайн цаг үед ч автомат машинд нөлөөлөх боломжтой юм гэж үзжээ. Төрийн бус байгууллага, иргэний хөдлөөгөөнийхөн ч улс төрийн намуудын энэ байр суурьтай нэг байгаагаа илэрхийлсээр байна. Энэ талаар Нийгмийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн Б.Цэрэндоржтой ярилцлаа.


Танай байгууллагаас санал тоолох автомат машинтай холбоотойгоор СЕХ-той хамтран ажиллах хүсэлтээ албан бичгээр хүргүүлсэн гэсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?
  Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр санал тоолох “Хар” машиныг ашигласнаар сонгуулийн булхай, луйвар алга болно хэмээн сонгууль зохион байгуулагчид үзэж байсан ч асуудлууд гарсаар л байгаа. Үнэндээ иргэдийн итгэл алдарсан байна.  Өнгөрсөн долоо хоногт л гэхэд намуудын төлөөлөл хар машиныг туршихад шалгалтад бүдэрлээ. Сонгуулийн тухай хуулинд зааснаар автомат машинаар тоолж гаргасан дүнг баталгаажуулах хяналтын тооллогыг сум бүрт нэг, дүүрэг болгонд хоёр хэсгийн хороонд санамсаргүй сонголтын аргаар хийнэ гэж заасан. Гэхдээ СЕХ-ноос хяналтын тооллогыг хийгээд дүнг нь гаргах тухай зааврыг баталсан байгаа атлаа яг хяналтын тооллогын эцсийн үр дагавар яаж гарахыг хийж өгөөгүй байгаа. Тодруулбал, автомат төхөөрөмжийн дүн, хяналтын гараар тоолсон тооллогын дүн хоорондоо зөрвөл яах вэ гэдийг зааж өгөөгүй. Тиймээс СЕХ яаралтай хуралдаж энэ асуудлыг шийдэрлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй юм бол 125 хэсгийн хороонд хийгдэж байгаа гар тооллогын ач холбогдол гарахгүй төдийгүй иргэдийн хар машинд итгэх итгэл улам бүр  үгүй болох үр дүн харагдаад байна. Цаашлаад иргэд төрдөө итгэхгүй, сонгуулийн үр дүнд эргэлзэх явдал зайлшгүй гарах болчихоод байгаа. Ер нь өмнөх сонгуулиудаар энэ байдал гарч байсныг бүгдээрээ санаж байгаа байх. Ингэж Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдлэж чадахгүй байвал нийгмийн сэтгэл зүй яаж ч өөрчлөгдөж, үймээн самуун дэгдэхийг байг гэх газаргүй шүү дээ. Тиймээс бид өнөөдөр СЕХ-д хамтран ажиллах хүсэлтээ албан ёсоор гаргалаа. Гэхдээ бид их зүйл хүсээгүй ердөө л сонгуулийн санал авах өдөр хар машиныг ажиглах, хяналт тавих хүсэлтээ илэрхийлээд байна. Нааштай хариу өгөх байх гэж найдаж байна. 


Нийгмийн сэтгэл зүйд итгэл алдарсан байдал байсан гэлээ. Үнэнийг хэлэхэд та үүнийгээ яаж батлах юм бэ?
 
Манай байгууллагын нэр бол Нийгмийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх төв. Энэ ч үүднээсээ аймшигт 7 дугаар сарын 1-ний хар өдрийг дахин давтагдуулахгүйн үүднээс бид 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт судалгаа хийсэн. Иргэдтэй уулзсан, санал хүсэлтийг нь сонссон. Тэгэхэд за наадуул чинь тэр машинаараа санал луйвардаад л гараад ирнэ биз гэж хэлэх хүн олон байна. Нэг хүний хэлсэн үг надад их сонин санагдаж байлаа. Юу гэсэн бэ гэхээр “ Өнөөдөр бид 21 дүгээр зуунд мэдээлэл технологийн эрин зуунд амьдарч байна. Компьютерт итгэх аргагүй. Хүн технологийг хэрэглэдэг болохоос итгэж болохгүй” гэсэн. Үнэхээр программыг хүн хүсснээрээ өөрчилж болдог, чаддаг. Сонгуулийн хар машин ч ялгаагүй. Цаад гол программыг нь АН 60 хувь, МАН 30 хувь, МАХН 10 хувь гээд кодлоод тавьчихсан байхад наана бид мянга саналын хуудас уншуулаад нэмэргүй шүү дээ.  Гадаадад байгаа ялангуяа АНУ-д ажиллаж, амьдарч байгаа хүмүүстэй уулзаж, интернет цахим хуудсаар дамжуулан ярилцсан. АНУ-д байгаа хүмүүс наад хар машин чинь бүтэхгүй шүү гэж байсан. Тэд нарийн ширийн зүйлийг нь мэдэхгүй ч гадарлаад байна. Ер нь сонгуулийн хар машин өөрөө сонгуулийн үр дүнг өөрчилж, сонгуулийг будлиантуулж байна гэсэн эргэлзээ, үл итгэх байдал иргэдийн дунд маш их байна.  Та бүгд санаж байгаа бол зургаан сарын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг шинэчлэн батлахдаа хүртэл чуулганы хуралдаан дуусах гэж байхад шахуу гэнэт оруулж ирж шууд баталж байсан.  


Ажиглагчид энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар хоёр дах санал хураалт болох магадлалтай гэж үзээд байгаа. Та бүхэн бас ийм үр дүн тааварлаж байгаа бололтой. Энэ нөхцөлд хоёр дах санал хураалтыг хэвийн явуулах боломж хэр байгаа гэж харж байна?
 
Энэ жил анх удаагаа хоёр дах шатны буюу хоёр дах санал хураалт болж магадгүй байгаа. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчдийн хэн нь ч сонгогчдын 50-иас дээш хувийн санал аваагүй нөхцөлд өндөр хувьтай санал авсан хоёр нь хоёр дах шатны санал хураалтад оролцохоор байгаа. Хуулиар бол энэхүү хоёр дах шатны санал хураалтыг 14 хоногийн дотор зохион байгуулахаар тусгасан. Тэгэхээр хэрэв хоёр дах санал хураалт болно гэж үзвэл одоогийн орон даяар тараачихсан 3000 гаруй автомат машиныг эргүүлж цуглуулаад хоёр нэр дэвшигчээ сануулаад буцааж тараах цаг хугацааны болоод техникийн боломж байна уу гэдэгт бид эргэлзэж байгаа. Тийм учраас энэ тал дээр СЕХ шийдвэрээ гаргах саналтай байгаа.


Гэтэл СЕХ та бүхний тавьсан асуудлыг хэлэлцэж нааштайгаар хүлээж авлаа гэхэд журам гаргах хэмжээний бүрэн чадамж хэр байна вэ?
 
Тиймээ. СЕХ-ны 9 гишүүний хоёр нь одоогийн байдлаар ажлаа өгчихсөн байгаа. Тэр хоёр ажлаа өгсөн хүн СЕХ хуралдаа сууж байна уу, СЕХ-ны бүрэн эрхт гишүүн мөн гэж үзэх үү гэдэг асуулт байна. Мөн гадагшаа дотогшоо хоёр нь явсан тохиолдолд ирц нь хүрэх үү, үгүй юу гэдэг асуудал байна. Ер нь сонгуулийн бүх шатны хороодод ажиглагч ажиллах боломжтой. Тиймээс СЕХ-нд хүсэлтээ гаргасан. Бидний зүгээс сонгуулийн ажилд ажиглагчаар ажиллах бүрэн боломж бий. Ер нь төрийн шинэтгэлд төрийн бус байгууллагуудын үүрэг оролцоо чухал байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг булхиагүй, шударга явуулахын төлөө, санал хураалтын дараа нийгэмд хор уршигтай нөхцөл байдал үүсгэхгүйн төлөө ажиллах нь бидний хийх ёстой ажил. Төрийн буруу бодлого, хэн нэгний эрх ашгаас болж иргэд хохирч, сонгох эрхээ булаалгах ёсгүй. Манай байгууллагын зүгээс хэрэгтэй гэж үзвэл төрийн байгууллагуудтай хамтарч ажиллаж, бүр цаашлавал шахаж шаардах эрхтэй.


Энэ санал тоолох хар машинаас болж УИХ, орон нутгийн сонгуулиудад хар дагуулсан. Одоо ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хар, сэжиг дагуулсаар байх нээ?
 
Үнэхээр хардлага их байна. Иргэн бүрт хардах эрх бий. Та нар боддоо. Энэ жилийн наадмыг 50 тэрбум төгрөгөөр зохион байгуулах гэж байна. 50 тэрбум шүү дээ. Өмнө нь 3,4 тэрбум төгрөгөөр хийгээд болоод л байсан. Нөгөө мөнгөгүй гээд байсан төсөвт баяр наадам гэсэн чинь гайхамшигтайгаар 50 тэрбум төгрөг гараад ирсэн.  За энэ ч яахав гэж бодъё л доо. Яг ямар баярыг яаж хийхээр тооцож, энэ жил 50 тэрбум төгрөг төсөвлөөд баталчихав. Би бол хардаж байна. Хар машинаараа луйвардаж гарсан баяраа хийх гээд байна уу даа. Сэжигтэй биш байна уу. За сайхнаар бодох гээд үзье л дээ. Хар машинаа кодлоогүй шударгаар өрсөлдлөө. Засаг барьж байгаа намаас өөр хүн гараад ирлээ. Эрх баригч нам яах бол? Тэд өөрсдөө санаачлаад үймээн шуугиан тарихыг үгүйсгэх аргагүй. Эндээс л харахад олнхи гарвал цөөнх яах бол, цөөнх гарвал олонхи яах бол гэсэн зөөлрүүлж хэлбэл бодол, хатуухан хэлэхэд айдас, түгшүүр иргэдийн дунд байгаад байна.   


Сонгуулийн санал тоолох хар машиныг эсэргүүцсэн иргэд хөдөлгөөн өрнүүлээд эхэлсэн байна. Танай байгууллагад хамтран ажиллах саналаа ирүүлсэн үү?
 
Сонгуулын санал тоолох хар машиныг эсэргүүцэх эхчүүдийн хөдөлгөөнийнхөнтэй хамтран ажиллаж байгаа. Хэд хэдэн иргэний хөдөлгөөн, хувь хүмүүстэй санал бодлоо солилцсон зүйл байна. Сонгуулийн эцсийн дүн гартал бид бүхий л албан байгууллага, иргэний хөдөлгөөн, иргэд хувь хүмүүстэй хамтран ажиллахад бэлэн байгаа. Бидэнд хандаж болно. 99885680 гэсэн дугаараар надтай холбогдож болно шүү гэдгийг хэлмээр байна.

В.Туяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top