Бичил уурхайчид Н.Удвалыг дэмжиж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 21

Монгол Улсын Ерөнхийлөгчид  нэр дэвшигч анхны эмэгтэй Нацагийн Удвалыг бичил уурхай эрхлэгчид дэмжиж байна. Түүнийг эгэл түмнийхээ төрийн өндөр ээж байж чадна хэмээн тэд үзжээ. Энэ талаар Монголын бичил уурхайчид  нэгдсэн дээвэр  холбооны гүйцэтгэх захирал О.Цэцэгмаа  ингэж ярилаа.

Бичил уурхайчдын дотор эмэгтэйчүүд олон байдаг. Өнөөдөр амьдрал ямар байна?
 
Өмнө нь ямар байсан бэ гэдгийг Монголын ард түмэн мэднэ. Одоо тэгвэл нинжа гэж хэлэгддэг, нүд үзүүрлэгддэг байдал хэвээрээ л байгаа. Бичил уурхайчдын дотор эмэгтэйчүүд олон бий. Гэхдээ хаана ч, аль салбарт ажиллаж, амьдарсан манай хүүхнүүд манлайлж байдаг. Эрч хүчтэй, шантардаггүй. Тэдний ард өнөө л үр хүүхдээ, ач гучаа нас хүйс харгалзахгүй ажлын байраар хангадаг ганц салбар бичил уурхайн салбар байдаг. Тиймээс тэнд ажиллаж байгаа бүх хүн ажил, амьдралаа зохицуулж явдаг.

Тун удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд та бүхэн хэнийг дэмжиж байна?
 
Ямар саналтай байна, хэнийг дэмжиж байна гэсэн асуултыг  олон хүн асууж байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүн анх удаа нэр дэвшлээ.  Манай монголчууд хүчтэй болсон байна. Тэр дотроо манай хүүхнүүд их хүчтэй болсон байна. Бидний өнгө төрх яалт ч үгүй монгол эмэгтэй Төрийн тэргүүнд нэр дэвшиж байгаад бахархаж байна. Тиймээс мэдээж эмэгтэй хүн эмэгтэй хүнээ дэмжиж ажиллана. Тэр хүн өнөөдөр айл гэрийн эзэгтэй, хүүхдийн ээж, өрх гэрийн амьдралыг мэдэж байгаа учраас арай зөөлөн,  энэрэнгүй байдлаар ард иргэддээ хандаж, эв нэгдлийг хангаж явна гэж бид харж байгаа, Нацагийн Удвалыг дэмжиж байгаа. Монголчууд шарын шашны нөлөөгөөр эм хүний үс урт ухаан богино гэж ярьдаг байсан үе өнөөдөр ард хоцорсон. Өнөөдөр эмэгтэй хүний үс нь богино ухаан нь урт болсон байна. Би өөрөө богино үстэй, гэхдээ өөрийгөө хэлээгүй. Монголын нийт эмэгтэйчүүд ийм болсон байна.

Ингэхэд бичил уурайчдын нэгдсэн холбоо байгуулагдах болсон шалтгаан юу байв?
 
-Монголын бичил уурхайчдын нэгдсэн  дээвэр  холбоо байгуулагдах болсон шалтгаан нь Монгол Улсад бичил уурхайгаар  үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолойг төрд хүргээд чиглэсэн. Мөн төрөөс баталж байгаа хууль дүрэм нь эргээд бичил уурхайчид бидэнд үр өгөөжтэй  дагаж мөрдөж болохуйц байхад анхаарал хандуулах зорилготой.  Бид эрхээ хамгаалуулах,  төртэйгээ хамт  байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудлыг шийдэхэд энэ бүхэн  хэрэгтэй. Өнөөдөр  хувиараа ашигт малтмал олборлогч иргэд дуртай газраа ухаад явдаг, зохион байгуулалтад орох боломжгүй, тэр арга ухаанаа мэдэхгүй байгаа хэсэг бүлэг байна. Зохион байгуулалтад орох дургүй хүмүүс  ч байдаг.   Тэд  ямар нэгэн албан тушаалтны найз нөхөд, ах дүү, амраг садан, учраа мэдэхгүй байгаа хүмүүс нь жирийн иргэд. Зохион байгуулалтад орсон хүмүүс нь бүгд даатгалд хамрагдсан, орон нутагтаа татвараа төлсөн иргэд, төрийн бус байгууллага  байгаа. Орон нутагт 1990-ээд оноос хойш амьдралын эрхээр амьжиргаагаа залгуулахын тулд хүмүүс  бичил уурхайн чиглэлд үйл ажиллагаагаа нэлээдгүй  өргөжүүлж нинжа нар гээд нүд үзүүрлэгдэж  ирсэн. Тэр үед төр, засгийн гадуур хаягдаж байсан. Одоо  ч асуудал тийм  их дээрдсэн юмгүй л байна. 2008 оны Засгийн газрын 72 дугаар тогтоол гарч  бичил уурхайчин нэртэй  бүхэл бүтэн  хүний амьдралыг  ердөө л түр журмаар шийдэж явсан. Ашигт малтмалын тухай хууль, хүн амын орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулснаар түүнийг дагаж мөрдөх Засгийн газрын тогтоолоор өнөөдөр үйл ажиллагаа явж байна.

Холбоог дэмжигчид хэр олон байна?
 
Манай холбоо нэгдсэн байдлаар зохион байгуулагдахад  орон нутагт нийтдээ 22 ТББ хуралдаж, 13 аймгийн 32 сумын 3209 бичил  уурхайчин, 401 хувийн хэвшил, 300 орчим төрийн албан хаагчтай уулзаж санал солилцсон. Ингээд анхдугаар их хурлаа хуралдуулсан. Түүнээс хойш амжилттай явж байна. Манай холбоо Эрүүл мэндийн яам, Уул уурхайн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Хөдөлмөрийн яам зэрэг төрийн байгууллага, УИХ-ын дарга, дэд дарга, болон Засгийн газартай хамтран ажиллах санамж бичгээ өгсөн байгаа.

Хэр хүлээж авч байх юм бэ?
 
Хамгийн түрүүнд бидэнд хүндэтгэл үзүүлж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байгууллага бол Эрүүл мэндийн яам юм. эрүүл мэндийн яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар өнөөдөр бид бичил уурхайчин, тэр дотроо монгол хүнээ эрүүлжүүлэх, эрүүл хүн эх орондоо ихийг хийж бүтээх маш том амжилтаар үйл ажиллагаа эхлүүллээ. Ер нь ирээдүй гэрэлтэй харагдаж байгаа. Манай  салбарын  ард талд албан тушаал, өнгө мөнгө байхгүй. Мөн хөдөлмөрийн багтаамж ихтэй салбарт ордог. Хөдөлмөрийн багтаамж сайтай  салбарыг шинэчлэлийн Засгийн газар өнөөдөр мөрийн хөтөлбөртөө бодлогоор дэмжинэ гэсэн байгаа. 2015 он хүртэлх бичил уурхайг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр нэлээдгүй сайхан ажил явагдаж байгаа юм билээ. Дээд шатанд боломжийн шийдвэрүүдийг гаргачихдаг. Дунд шатанд тэр үйл ажиллагааг гардан гүйцэтгэх хүмүүс  харин амьдрал мэдэхгүйгээс\ болж тэс хөндлөн, шал өөр зүйл баталж тэр нь амьдралд хэрэггүй, хэнд ч  үр өгөөжгүй  байна. Үүнийг засахын тулд үүнээс хойш манай шийдвэр гаргах төвшний хүмүүс хууль батлахдаа тухайн салбарт тохирсон хуулийг батлахын тулд мэргэжлийн хүмүүс, салбарынхны саналыг авдаг байх хэрэгтэй байна. Өнөөдөр монголд хариуцлага үгүйлэгдэж байна. Хүн өнөөдөр ажил хийж байгаа бол ямар үүрэг хүлээх ёстой вэ, ямар эрх эдлэх ёстой вэ. Хэрэв эрх, үүргээ биелүүлэхгүй бол ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэдгийг тодорхой болгох ёстой. Хуульдаа  суулгаж өгөх учиртай. Ингэж хийж өгөхгүйгээс болж хариуцлагагүй нийгмийн тогтолцоо бий болоод байна. Үүнийг харицлагатай болгохын тулд төр бодлого гаргах шаардлагатай юм.


Л.Бэх

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.194.114.49) 2013 оны 06 сарын 21

Та юу Монголд нүүрлээд байгаа таван аюулыг нэрлэсэн нь таалагдсан Удвал угаасаа шударга болохоор таван аюулыг тайван замаар зайлуулж чадах эмэгтэй итгэл төрж байгаа уг нь огт мэдэхгүй хүн байсан одоо түүнийг таниж болохоор цаг болсон гэж бодож байнагэж бодож байна ...

0  |  0
Top