ЭМЯ-ны харьяа Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдөр болдог “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг “Аюулгүй цус-Эхчүүдийг аварна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.
Энэ өдрийг угтан төрийн захиргааны төв байгууллагын ажилтан, албан хаагчдыг сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээнд нэгдэн, бусдыгаа уриалан манлайлж, сурталчлах, төрийн байгууллагын албан хаагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэхээр “Цусны донор болж амьдрал бэлэглэе” гурван сарын аяныг зохион явуулж байна. Цусаа бэлэглэж байгаа донорын 60 гаруй хувь нь оюутан залуучууд, 30 гаруй хувь нь байгууллага, аж ахуйн нэгжид ажиллагсад, 10 хувь нь цэргийн албан хаагч эзэлдэг бөгөөд төрийн албан хаагчдын оролцоо хангалтгүй байгаа юм.
ДЭМБ-ын судалгаагаар тухайн улс орны хүн амын гурван хувь нь байнга цусаа бэлэглэдэг байхад улс үндэстнийхээ цусны хэрэгцээг хангана гэж тооцоолдог бол манай улсад энэ үзүүлэлт 0,8 хувь байдаг аж.
2013 онд улсын хэмжээнд нийт 22,700 донор цусаа бэлэглэснээс Улаанбаатар хотод 16,700, хөдөө орон нутагт 6000 донор цусаа бэлэглэж, 10 нэр төрлийн 57,600 нэгж цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эмнэлгүүдийн хэрэгцээг ханган ажиллажээ.
ЭМЯ-ны харьяа Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс цусны донорын тоог ДЭМБ-ын цусны хөтөлбөрөөс санал болгодог эдийн засгийн хувьд дундаж хөгжилтэй орны түвшин буюу 1,5 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа аж. Иймээс төрийн албан хаагчдыг сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх энэхүү аянд нэгдэхийг уриалж байна.

Сэтгэгдэл ( 1 )
манйхаан эх хүүхдийн төлөө, зовсон өвдсөн ард түмэндээ дусал цусаа бэлэглэе. Дусал цус амьдралыг аварна. Манай эмнэлгийнхэн энэ уриаг дэмжиж байна.СХДНЭ бид хамтдаа