Монголын эрүүл мэндийн ҮЭХ-ны дарга Б.Мягмараас эрүүл мэндийн салбарын цалингийн нэмэгдлийн талаар тодрууллаа.
-Эмч нарын цалин нэмэгдсэн үү?
-Эмч нар жагсаал цуглаан хийж, цалин нэмэгдүүлэх асуудал тавьж байж нэмэгдүүлсэн. Өнгөрсөн гуравдугаар сарын нэгнээс цалингийн нэмэгдлийг олгоод явж байгаа.
-Хөдөө орон нутагт энэ сарын нэгнээс олгож байгаа гэсэн?
-Зарим газар болон хөдөө орон нутагт цалингийн нэмэгдлийг энэ сарын эхээр өгсөн байна лээ. Төсөв орж ирээгүй гэдэг шалтгаанаар нэг сараар хойшлуулж бодсон зүйл гарсан. Энэ тийм байх учиргүй шүү. Зарим эрүүл мэндийн байгууллагат ажилиж байгаа хүмүүс нэмэгдлээ огт аваагүй байна. Нэмэгдлээ гурван сарын нэгнээс бодуулж авах хэрэгтэй. Цалинг хэзээ хэдэн хувиар яаж нэмэгдүүлж байгаа талаар манайх Эрүүл мэндийн яамтай харилцан гэрээ байгуулсан.
-Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал юу байна?
-Энэ хаврын чуулганаар төсвийн тодотгол яригдана.Төсвийн тодотголыг хийх үедээ нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн салбарын эм боох материалын төсвийг танахгүй, бууруулахгүй байх тал дээр анхаараарай гэж хэлмээр байна. Уг мөнгийг жилийн жилд танадаг үүнээс болоод хүн хохирох асуудал их гардаг юм. Мөн цалин хөлсийг үйлдвэрчний эвлэлийн байгууллага болон эмч багш нар хэлж, ярьж, тэмцэж, жагссаны эцэст бага багаар нэмэгдүүлж байна. Үргэлж ийм байдалтай баймааргүй байна. Засгаас анхаараад иргэдийнхээ амьдралыг анхаараад, цалин хөлсийг нь нэмээд бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөлөөс сэргийлэх шинэ хууль санаачлахгүй бол иргэдийн худалдан авах чадвар улам муудаж, хүмүүсийн амьдрал доройтож байна.
-Эрүүл мэндийн байгууллагын цалин хөлсийг хэдэн хувиар нэмэгдүүлсэн юм бэ?
-Яг хэдэн хувиар нэмэгдүүлсэнийг нийтэд зарлахгүй. Тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Эмнэлгийн ямарч ажилтанаас очоод цалин нэмэгдсэн үү гэж асуухад нэмэгдсэн гэж хэлнэ.
-Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхээр бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Тэгэхээр хувийн зарим байгууллагад ажилладаг хүмүүс хохирох тал байна?
-Цалин нэмэгдэхээр бараа бүтээгдэхүүний үнэ өсчихдөг гээд иргэд шууд ойлгочихдог болчихсон байна. Яг тэгэж ойлгож болохгүй. Өнгөрсөн жил гэхэд цалин нэмэгдээгүй. Гэтэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ маш их нэмэгдсэн. Хаа хаанаа цалин нэмэх хэрэгтэй. Харин бараа бүтээгдэхүүний үнийг хяналттай болгох шаардлагатай. Эхний ээлжинд үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай салбарын цалин нэмэгдээд явж байна.Үйлдвэрчний эвлэл нь энэ талаар яриад асуудал тавьдаг учраас тэгэж байгаа юм. Мөн хувийн төрийн гэлтгүй цалин нэмэгдүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж иргэдийн худалдан авах чадвар муудсан байна.
Н.Ганаа

Сэтгэгдэл ( 2 )
Зөвхөн өөрсдийнхөө явцуу эрх ашгийн төлөө Монгол улсыг ингэж шороо үмхүүлж болохгүй. Хувийн хэвшилд олон мянган хүн ажиллаж байгаа гэдгийг боддог байх ёстой. Ийм балай юмнуудыг дэмждэггүй байх ёстой.
энэ хүүхнийг хэвлэл мэдээллээр гараад эхлэнгүүт, хувиараа хөдөлмөр эрхлэгч бид нар айх юмаа. Энэ хорвоод эмч нараас өөр хүн байхгүй юм шиг аашилдаг хүүхэн. Цалин нэмэгдүүлэх гэж биш, харин цалинг бууруул, юмны үний өсөлтийг бууруул гэж тэмцэхийн бол хувиараа ажил хийдэг мань мэт нь баярлах байна.