Засгийн газраас "АВЛИГАЖСАН ТОП 10 БАРИЛГА"-ЫГ зарлаад байгаа. Авлигажсан компаниудын гуравт жагсаж байгаа “Нийслэл Өргөө” ХХК-ийн улсын төсвөөр баригдаж байгаа гурван барилгын талаар цувралаар хүргэж байгаа билээ.
Энэ удаад бид бүхэн манай улсад нэн тэргүүнд шаардлагатай байгаа 300 ортой төрөх эмнэлгийн талаар мэдээлэл бэлтгэлээ.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 300 ортой төрөх эмнэлгийн барилга баригдаж байгаа билээ. 2013 оны 12 дугаар сард ашиглалтад орох ёстой байсан уг эмнэлгийн барилгын ажил энэ сарын 5-ны өдрийн байдлаар 65 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
300 ортой төрөх эмнэлгийн барилгын зураг төслийг “Дархан строй” ХХК, “Марс констракшн” ХХК хийсэн бол барилга угсралтын ажлыг “Нийслэл-Өргөө” ХХК, “Пума констракшн” ХХК гүйцэтгэх юм.
Барилгын ажлыг 2012.10.30-нд дуусгахаар тооцсон ч гэрээний хугацааг 2013.12.30-ны өдөр хүртэл сунгасан. Гэхдээ өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна. Манай сурвалжлах баг барилгын ажил хэрхэн өрнөж байгааг сурвалжлахаар очсон боловч барилгын гүйцэтгэлийн ажил зогссон байсан юм.
Өнгөрсөн сард Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтаар “Ерөнхий Аудитын газраас дүгнэлт хийгдээд Нисэхийн дэнж дээр баригдаж байсан IV дүгээр төрөх эмнэлэг, Герентологийн төвийн барилгын ажлыг зогсоох шийдвэр гарсан. Дэд бүтэц байхгүй, хөрөнгө мөнгө нь хэд дахин нэмэгдсэн тул уг барилгыг үргэлжүүлнэ гэвэл маш их хэмжээний санхүүжилт шаардагдана” гэж ярьж байсан.
Ингээд IV төрөхийн барилга нам зогслоо. “Нийслэл Өргөө” ХХК анхнаасаа 18 тэрбумаар босгоно гэж тендерт ялчихаад одоо нэмэлт 14 тэрбум төгрөг нэхээд уг барилгыг гацаагаад байгаа. Тендерт ялсан компаниудын барилгууд он дамжин санхүүжилт нэмдэг нь хэд хэдэн шалтгаантай байдаг аж.
Үүнд
-Зураг, төсөв нь батлагдаагүй төслийг төсөвт тусгаж батлуулах
-Барилгын зураг, төсвийг анх хийхдээ зарим ажлыг орхигдуулснаас нэмэлт төсөв хийлгэх
-Материал, тээврийн зардал өссөн нэрээр шинээр төсөв хийлгэхдээ өмнөх гүйцэтгэлд орсон барилгын ажилтай уялдуулж тооцохгүй байх
-Гүйцэтгэгч байгууллагууд гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг гүйцэтгээгүй
-Захиалагч, ашиглагч байгууллагын зүгээс төслийн гүйцэтгэлийн хяналтыг хангалтгүй хэрэгжүүлсэн
-Зураг, төсөв хийдэг байгууллагуудын үйл ажиллагааг хянадаггүйгээс ижил төрлийн барилгын төсөв харилцан адилгүй дүнтэй зохиогдсон зэргээр төсвөөс санхүүжилтээ авсан хэрнээ дахин нэмэлт хөрөнгө шаарддаг байна.
“Нийслэл өргөө” ХХК-ийн маргаантай асуудал нь ганц IV төрөхийн асуудал биш юм. Өмнө нь энэ компанийн захирал Б.Ганзориг Баянзүрх дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барилга сүндэрлүүлж багагүй хэл ам дагуулж байсан.
Тухайн үедээ зөвшөөрөлгүй барилгын ажлыг Мэргэжлийн хяналтын газраас зогсоох арга хэмжээ авч байсан юм. Гурван жилийн өмнөөс эхлэн баригдаж эхэлсэн энэхүү барилга одоо ч дуусаагүй дуншсаар байна.
“Нийслэл Өргөө” ХХК-ийнхан өөрсдийгөө жилдээ 16 орчим тэрбум төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэж, нийт 39000 м2 талбай бүхий орон сууц, сургууль, цэцэрлэг ясли, үйчилгээний төв зэрэг барилга байгууламжуудыг бүрэн цогцолбороор ашиглалтанд оруулах, барилгын материал хийц эдлэлүүдийг иж бүрдүүлэн үйлдвэрлэх хүчин чадалтай барилга угсралтын компани хэмээн тодорхойлдог. Гэтэл энэ компани улсын төсвөөс мөнгө авчихаад 300 ортой төрөхийг ашиглалтанд оруулж чадахгүй байна гэж үү.
Б.Анхням

Сэтгэгдэл ( 5 )
Niislel urguu chin Arvinii kompani bishee
Niislel urguu chin Arvinii kompani bishee
Huurhii enenees bolj shorond orohguin tuld shahaand orj namaa solisiimdaa
үхээсэй тэд нар
Deerees ni harval sharvin, dergedees ni harval harvin, urdaas ni harval arvingedeg hunii kompani biz dee kkk?