Өмнөд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг Ёнхап /Yonhap/-аас өчигдөр буюу 7 сарын 26-нд мэдээлсэн мэдээлэлдээ Ли Мён Бак Монголд зочилно гэж дурджээ.
Ли Мён Бак Улаанбаатарт болох Монголын ардчиллын олон улсын хуралд оролцохоор Монгол Улсад ирэх бөгөөд энэ долоо хоногт Улаанбаатар уруу ниснэ гэж бичжээ. 2008-2013 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, өдгөө 73 настай Ли Мён Бак Монголын ардчилсан өөрчлөлтийн 25 жилийн ойг тэмдэглэх дээрх олон улсын хуралд оролцоод зогсохгүй, индэр дээрээс илтгэл тавих аж.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зохион байгуулсан оройн зоогонд оролцоно гэж Ли Мён Бакийн туслах Ёнхап агентлагт хэлжээ. Ли Мён Бак үүнээс өмнө 2011 оны 8 сард Монгол төрийн айлчлал хийж байсан бөгөөд айлчлалын үеэр Монголын Ерөнхийлөгчтэй дээд хэмжээний уулзалт хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар хэлэлцсэн юм. Сонирхуулахад, Өмнөд Солонгос, Монгол 1990 онд дипломат харилцаа тогтоож байсан бөгөөд энэ онд мөн хоёр орны дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Ли Мён Бак ерөнхийлөгч асан манайд ирдэг нь маш таатай явдал байна.Элбэгдорж ерөнхийлөгч эх орноо дэлхий дахинд таниулах олон сайхан ажил санаачилж байгаа нь зөв сайхан байна шүү.Бид сэтгэлийн урам хайрлах хэрэгтэй.Харин энэ ажлыг нь сэвтүүлэх,ашиг хонжоо хайгчид их байна даа тун харамсалтай. Үнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцэнэ дээ.