“Улаанбаатар смарт карт” ухаалаг системийн нээлт энэ сарын 24-ний өдөр нээлтээ Чингисийн талбайд хийж, БНСУ-ын зочид төлөөлөгчид, Нийслэлийн нийтийн тээврийн удирдлага болон бусад албаны хүмүүс оролцсон. Ийнхүү нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийж, дэлхийн стандарт нийцсэн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих боломж Улаанбаатарчуудад нээлттэй болсон юм.
-Маргааш цахим картаа уншуулна эсвэл бэлэн мөнгөний хайрцагт мөнгөө хийнэ-
Нээлтээ хийсэн өдрөөс хойш нийслэлчүүд автобусны кондукторт мөнгө төлөн зорчиж байсан бол маргаашнаас эхлэн бэлэн мөнгөний хайрцагт мөнгөө хийж эсвэл цахим картаа уншуулан зорчих юм байна. Нийслэлийн хэмжээнд цахим карт унших төхөөрөмж 1100 автобусанд суурилуулсан бөгөөд цахим картаа хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өгөхөөр карт борлуулах цэгийн ажилтан болоод кондукторууд ажиллана. Кондукторууд мөнгө хураан авч, тасалбар борлуулалгүйгээр иргэдийг цахим картаа ашиглаж сурах хүртэл ажиглагчаар ажиллана. Ингэхдээ гарч буй хүндрэл бэрхшээлийг дор бүрд нь ажиглан, дараа дараагийн асуудлуудаа шийдвэрлэх байдлаар явах юм байна.
-Картаа авч амжаагүй бол айх хэрэггүй-
Хэрвээ яг одоо танд 3600 төгрөг байхгүй, эсвэл карт худалдаж авах завгүй байгаа бол та өнөөдөртөө түр хойшлуулах боломжтой. Учир нь хөтөлбөрийн бас нэгэн шийдэл бол та бэлэн 500 төгрөгийг жолоочид шалгуулан бэлэн мөнгөний тусгай хайрцагт хийж үйлчлүүлж болно. Харин жолооч танд мөнгө хариулж өгөх “завгүй” тул та 500 төгрөгөө тааруулан хайрцагт хийгээрэй.
-Картаа хаанаас худалдаж авахаа мэдэх үү-
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 190 гаруй карт борлуулах цэг үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тун удахгүй нийт 500 цэг бүрэн ажиллаж эхэлнэ. Харин одоогийн байдлаар ачаалал ихтэй автобусны буудлын ойролцоох “U money” карт цэнэглэх, борлуулах цэг гэсэн наалттай дэлгүүр, сонингийн цэгүүдэд карт зарагдаж, цэнэглэж байгаа.
-Та ямар карт худалдаж авах ёстой вэ-
Нийслэл хотын Ухаалаг автобусаар үйлчлүүлэхийн тулд та дөрвөн төрлийн цахим картаас нэгийг сонгон, худалдан авах ёстой.
Үүнд:
-Энгийн буюу Normal
-Хүүхдийн буюу Child
-Хөнгөлөлттэй зорчих буюу Free
-Оюутны буюу University student гэсэн төрлүүд байгаа бөгөөд та өөрт тохирох картыг худалдан аваарай. Энгийн картыг бусад гурван төрлийн картыг худалдан авахад тохиромжгүй бүх хүмүүс худалдан авна. Ингэхдээ аль ч карт борлуулах цэгээс худалдан авч, цэнэглэснээр ашиглах боломжтой. Харин бусад төрлийн картыг холбогдох байгууллагаар дамжуулан авах юм байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настнууд хороогоороо, оюутан бол сургуулиасаа, цагдаа бол харьяа байгууллагаараа дамжуулан холбогдох материалыг бүрдүүлэн авах юм. Картын үнэ 3600 төгрөг. Харин та цэнэглэх бол 500-90 мянган төгрөгөөр цэнэглэнэ. Банкны картууд шиг хүчинтэй хугацаа гэж үгүй. Нэг удаа худалдан аваад насан туршдаа ашиглах боломжтой аж.
Сэтгэгдэл ( 1 )
kart avah gesen tsenegleh mungu duussan gehin uunig zohitsuulah bolomjgui yu bas kart zarj bgaa gazraa tsoojtoi bailgamaargui bnaa